Их сургуульд 12 жилийн хичээл заадгаа хэзээ болих вэ?

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

Их сургуульд 12 жилийн хичээл заадгаа хэзээ болих вэ?

Их сургуульд 12 жилийн хичээл заадгаа хэзээ болих вэ?

Жил бүрийн намар их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-15 хувиар нэмдэг ч чанарт нь ахиц гарсангүй дахиад л шинэ хичээлийн жилийг угтах болов.

Өнөө жил төрийн болон хувийн сургуулиудын жилийн төлбөр дээд тал нь 6 сая төгрөг даваад байна. Хүүхдээ мэргэжилтэй болгохын тулд эцэг, эхчүүд төлбөрт гар татдаггүй. Зээл авна, мал зарж сургалтын төлбөрийг нь хийнэ.  Гэтэл дэлхийн хэмжээний мэдлэг боловсрол олгох амлалт өгсөн сургуулийн хичээл орж эхлэхэд л бишдэнэ. Танил хичээл зааж эхлэх нь тэр.  Төлсөн төлбөр,  заалгаж буй хичээл хоёроо харьцуулаад бодохоор оюутан уйлах уу, уурлах уу л болдог юм билээ. Арга ч үгүй биз, зарим нь ерөнхий боловсролын сургуульд үнэгүй үзсэн хичээлээ их, дээд сургуульд орсон хойноо төлбөр төлөөд үздэг байхад хувийн дунд сургуульд хэдэн арван сая төгрөгийн төлбөр төлж үзсэн хичээлээ дахиад их, дээд сургуульд элссэн хойноо төлбөртэй үзэж байгаа хойно. Гэтэл энэхүү хоёр дахиа үзэж байгаа хичээлийн нэг кредитийнх нь үнэлгээ дунджаар 90 мянган төгрөгийн үнэтэй.  Хагас жилд гурван кредит үзэхээр сургалтынх нь хөтөлбөрт багтсан бол 270 мянган төгрөг болно гэсэн үг. Энэ мэтчлэнгээр төлсөн төлбөр нь ерөнхий боловсролын сургуульд үзсэн хичээлд нь суутгагдана. Хамгийн хоржоонтой нь, үзэж байгаа хичээл нь эзэмших мэргэжилтэй нь төдий л дүйхгүй. Жишээ татвал орчуулагч мэргэжилтэй болох байхад биологи, түүх, нийгмийн хичээл үзэх жишээний.  Дунд сургуульд үздэг хичээлийг нь ахин зааж, цаг мөнгө хоёрыг нь идэж байхаар эзэмших мэргэжлийнх нь дагуу хичээл орж, бие даалт өгвөл оюутанд хэчнээн өгөөжтэй байх билээ.

Уг нь дээд боловсрол гэдэг тухайн оюутны сонгосон мэргэжлийнх нь дагуу мэдлэг олгож, гүнзгийрүүлэн судлах,  чадавхижуулахад  сургах ёстой.  Гэтэл сургалтын хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуульд үздэг хичээл тойрч эргэлдэхээр оюуны потенциаль байлаа ч шинэ, шинэ мэдлэг авахгүй хязгаарлагдсаар хайран цаг хугацааг алдаж, зэвэрч байна.

Монгол оюутнууд дэлхийн топ сургуульд элсэхээрээ амжилттай сурч чаддагийн тод томруун жишээ нь сургалтынх нь чанартай хөтөлбөртэй л холбоотой болов уу.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дээд боловсролын чанарт ахиц гаргахын тулд  их, дээд сургуулийг хооронд нь нэгтгэж, татан буулгасаар 100 хол давсан байсан сургуулийн тоог 90-рүү буулгасан. Гэхдээ энэ нь тухайн их, дээд сургууль өөрсдийн хичээлийн байр, үндсэн багштай юу, хэчнээн оюутан элсүүлж, төгсгөж байна вэ гэсэн хэмжүүрээр л тодорхойлогддог.

Уг нь сургалтынх нь хөтөлбөрт анализ хийгээд нийт хичээлийнх нь хэдэн хувийг ерөнхий боловсролын сургуульд заадаг хичээл эзэлж байна, энэ нь эзэмших ёстой мэргэжилтэй дүйж чадаж байна уу, дэлхийн топ сургуулиудын сургалтын хөтөлбөрийн хэдэн хувь нь мэргэжлийнх нь хичээлийг үзэж, мэдлэг, чадвар олгоход чиглэж байна вэ гэдэг харьцуулсан  судалгааг хийж, орчин цагийн хөгжилтэйгээ хөл нийлэх хөтөлбөртэй болгоход анхаарч ирсэн бол дээд боловсрол дэлхийгээс ингэтлээ ч хоцрохгүй байсан байж мэднэ.

Жил бүрийн хавар хэдэн мянгаараа эмч, багш, инженер, эдийн засагч, хуульч, сэтгүүлчид төгсөж байна. Ажилд гарахаараа гологддог. Байгууллагууд сургуулиа төгссөн шинэ ажилтан авсан бол хэдэн сар сургана.  Зарим нь бүр компьютер дээр ажиллах хичээл заана.

Их, дээд сургуулиуд оюутандаа арван жилийн хичээл зааж байхаар энэ чиглэлийн хичээлийг сайн заагаад ажиллах арга барилтай болгочихгүй яав аа гэж бодогдуулах энүүхэнд.

Судалгаа ч мөн дээд боловсролын чанараараа Монгол Улс дэлхийн төвшинд сүүл мушгиж явааг харуулдаг. Тухайлбал, Монгол Улс дээд боловсролын чанараараа 2018 онд 140 орноос 89-т жагсчээ.

Их, дээд сургуулийн тоо олон байхын хэрээр элсэгчдэд тавигдах босго намссаар, түүнийгээ дагаад сургалтынх нь хөтөлбөр чанаргүй болсон энэ гажуудлыг засахад салбарын яам нь их, дээд сургуулиудтайгаа хамтраад ажиллах цаг нь болжээ. Сургалтын хөтөлбөрийг чанартай болгож, мэргэжлийн хичээлийг түлхүү зааж эхлэхээр оюутнууд хичээлээ дийлэхгүй болж, хэдэн арваараа шалгалтдаа унан сургуулиа ч орхих биз.  Энэнд сургуулиуд ч, эцэг, эхчүүд ч эмзэглэх шаардлагагүй. Мэдлэгтэй, чадалтай нь сурдаг, мэдлэгтэй, чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг тогтолцоотой болж байж дэлхийд өрсөлдөх боломжтой болно.

Элсэгчээр уралддаг тогтолцоо дээд боловсролыг үнэгүйдүүлсээр диплом өвөртөлсөн таксины жолооч, дэлгүүрийн худалдагч бэлтгэдэг болох хүртэл унагалаа.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж