Б.Пүрэвдорж: ЖДҮ-чид 2 тэрбум төгрөг хусах бэлтгэлээ хийгээд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

LiveБ.Пүрэвдорж: ЖДҮ-чид 2 тэрбум төгрөг хусах бэлтгэлээ хийгээд эхэллээ

Б.Пүрэвдорж: ЖДҮ-чид 2 тэрбум төгрөг хусах бэлтгэлээ хийгээд эхэллээ
17 : 11
2019-8-28

“Үндсэн хуулийн өөрчлөлтийг танигдахгүй болтол нь өөрчилсөн байна”

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд нийгэмд хамгийн их тулгамдаж буй шүүхийн хараат бус байдал, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлд нэлээд олон заалт тусгагдсан байсан. Шүүхийг шударга болох нь Засгийн газрыг харьцангуй бие даасан болгох, УИХ-ын хариуцлагыг нэмэгдүүлэх нь гэсэн итгэл үнэмшлээр хандсан. Гэтэл хоёр дахь хэлэлцүүлэг дээр хуулийн төсөл анх өргөн баригдсан хувилбараасаа өөрчлөгдөөд ороод ирлээ. УИХ-ыг хариуцлагажуулахын тулд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг байх заалтуудыг маш тодорхой болгомоор байна. Хоёрдугаарт аливаа  хуулийг батлахдаа нийт гишүүдийн олонхын саналаар баталдаг болсноор чанартай хууль гарна. Гишүүдийн тоог нэмсээр УИХ-ын хариуцлага нэмэгдэхгүй. 62 гишүүний өргөн барьсан төслийг яагаад дордуулж байгаа юм бэ. Мөн өргөн барихад хөндөгдөөгүй заалтыг оруулж ирлээ. Ерөнхийлөгч төслөө оруулж ирснээс хойш Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл төсөл биш болсон. Зөвшилцлийн ажлын хэсэг гэсэн нэртэй мундаг сүр бараатай ажлын хэсэг байгуулчхаад төслийг танигдахын аргагүй болгоод өөрчилчихлөө. Гишүүдийн итгэл үнэмшлийг авч хуулийн төсөлд гарын үсэг зуруулчхаад Д.Лүндээжанцан гишүүн хуулиа хамгаалж дуугараасай гэж хүсч байна. Үндсэн хуулийн хоёр төслийг зэрэг хэлэлцэж болохгүй гэсэн хуультай. Байнгын хорооны хуралдаан дээр олон гишүүд хөндөгдөөгүй заалтыг хэлэлцэж болохгүй гэж хэлсээр байтал эрхэд нь халдсан байтал өнөөдөр 62 гишүүний өргөн барьсан төсөлд хөндөгдөөгүй заалтуудыг оруулаад ирлээ. Энэ нь хуульд нийцэж байгаа юм уу. Ялангуяа гишүүдийн тоо, парламентын хугацаатай холбоотой асуудлыг анхнаас нь хөндөөгүй. Бид ер нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хэлэлцэж байгаа юм уу эсвэл Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм уу.

62 гишүүний  төсөлд шүүхийн засаглалыг сайжруулах заалтууд байсныг нь Ерөнхийлөгч хасуулчихлаа. Хасахгүй бол төслөө татна гэсэн шигээ  Ерөнхийлөгч өөрийнхөө өргөн барьсан байгалийн баялагтай холбоотой заалтыг нь хасвал төслөө татна гэж яагаад чичрэхгүй байгаа юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Т.Аюурсайхан гишүүн асуудлаа уншаагүй ярьж байна. Ерөнхийлөгч шүүгч нарыг сайн ажиллаж байгаа гэж хэлэхгүй. 62 гишүүний төсөлд шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулна гэсэнтэй адилхан шүүгчийн сахилгын хороо байгуулах гэж  Ерөнхийлөгч оруулж ирсэн. Үүнийг аль алийг нь алдагдуулахгүйгээр төсөлд оруулсан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108, парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох гэж оруулсныг бүлэг, байнгын хорооны хуралдаанаар ярилцаад гишүүдийн тоог 99 болгохыг дэмжсэн. УИХ-ын хариуцлагатай холбоотой олон заалт орсон. Тухайлбал, давхар дээлний асуудлыг нэлээд хөндсөн. 62 гишүүний өргөн барьсан төсөлд УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллана гэсэн зохицуулалтыг тусгасан. Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой маш тодорхой заалт орж ирсэн. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно гэсэн заалт оруулсан. Одоо бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор хууль баталдгийг  өөрчилж  39 гишүүн хууль баталдаг байх зохицуулалт тусгаж байна. УИХ-ыг тарах асуудлыг мөн тодорхой оруулж ирсэн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ч хуулийн төсөлд маш тодорхой тусгаж байгаа. Аль болох Засгийн газрыг амархан огцруулдаггүй байх тэр зохицуулалтыг оруулсан. Төсөв батлах үеэр гишүүд 76 жалга руу чангаадаг байдлыг цэгцэлж илүү хариуцлагатай, зарлага нэмэхгүй байх тал руу анхаарсан заалт тусгагдсан. Мөн төрийн бодлого тогтвортой байх ёстой. Энэ чиглэлд Үндсэн хуульд заалт байдаггүй байсныг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд оруулж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Өнөөдөр нийгэмд үүсч буй нөхцөл байдал ажилгүйдэл, ядуурал, байгалийн баялгийн тэгш бус хуваарилалт зэргээс харахад улсын маань хөгжил урагшилж байна уу эсвэл доороо хий эргээд байна уу гэдэг нь хамгийн том асуудал болж хувирсан. Эцэг хуульдаа гар хүрэх асуудлыг олон жил ярьж байгаа. Ярьж ярьж байгаад энэ удаад МАН-ын 62 гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан.  

62 гишүүний өргөн барьсан хууль маань өнөөдөр яг юу болж хувирчхав. Ямархуу түвшинд өөрчлөгдсөнийг асуумаар байна. УИХ-ын гишүүдийг тоог нэмэх асуудалд маргалдаад тооны наймаа хийх боллоо. 108 гэдэг ямар үндэслэлтэйгээр гаргаж ирснээ тайлбарлаж өгөөч. 76 гишүүн маань эхлээд өөрсдөө сахилга хариуцлагатай баймаар байна. Үндсэн хуулийг хэлэлцэж байхад 76 уулаа хуралдаа суух ёстой. Хэрвээ сонгууль болбол өвчтэй байна, эсвэл гадаад явсан гэж ярихгүй л байлгүй. Би өнөөдөр эмнэлэгт байгаа ч гэсэн ийм чухал хууль хэлэлцэж байхад хуралдаандаа оролцож байна. Ард түмэн 108 гэдэг тоонд чинь эмзэглэж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Гишүүдийн тоог нэмэх шаардлага бий. 1992 онд Үндсэн хуулийг батлах үеэр Монгол Улсын хүн амын тоо 2 сая байсан бол одоо 3.2 сая болж өссөн. Нэг гишүүний эрх мэдэл хүн амын тоо өсөх хэрээр нэмэгдэж байгаа. Дэлхийн нийтийн жишгээс харахад, парламентын гишүүдийн тоо нь 140 орчим байдаг. Тоог нэмснээр нэг гишүүний шийдвэр гаргах оролцоог 1992 оны түвшинд хүргэх зорилготой юм. Ингэснээр гишүүдийн эрх мэдлийг саармагжуулж байна гэсэн үг.

Дээшээ харж байгаад 108 гэдэг тоог гаргачихаагүй юм. Энэ жил тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой болж байгаа юм. 76 гишүүнээс 76 санал гарах учраас Ерөнхийлөгч 108 гэж санал оруулсан. Гишүүдийн тоог өөрчлөхөд парламент санал гаргах боломжгүй учраас Ерөнхийлөгч ийм санал оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Энэ төслийг Д.Лүндээжанцан тэргүүтэй, бараг МАН-ын төсөл гэх шахуу юм ярих юм. Тийм юм байхгүй. УИХ-ын 62 гишүүний төсөл юм шүү.  Үндсэн хуулийг өөрчлөх асуудал ганц намын асуудал биш. Зөвшилцлийн баримт бичиг учраас тал талуудтайгаа зөвшилцөх ёстой. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн 49 саналыг нэг бүрчлэн авч үзсэн. Зөвшилцөл гэдэг чинь яг нэг талыг барьж болдоггүй  түвэгтэй юм байна.Зарим нь ордог, зарим нь хасагддаг. Бидэнд  ч гэсэн сэтгэл дундуур үлдсэн зүйл бий.   Гишүүд ч одоо ярьж байна. Гол гол заалтуудаа авч үлдсэн. Ялангуяа иргэдийн хүсэн хүлээж байгаа шударга ёс, шүүхийн засаглал, нутгийн удирдлагатай холбоотой асуудлууд хэвээр үлдсэн. АН-ын зөвлөлөөс 30 гаруй санал ирүүлсэн. Тэдгээрээс 18 саналыг нь  шууд оруулсан. Гурвыг нь огт оруулаагүй. АН-ын зүгээс сонгуулийн холимог тогтолцоог санал болгож байгаа.

Улс төрийн бусад намуудтай ч зөвшилцөлд хүрсэн. Саналуудын ихэнх нь давхацсан. Хоёр асуудалд санал зөрсөн. Иргэдийн зүгээс гишүүдийн тоо, парламентын бүрэн эрхийн хугацаанд шүүмжлэлтэй хандаж байгаа.Бүх хүний санаанд нийцсэн хувилбар гаргах боломжгүй юм байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:            

62 гишүүнтэй хамт Үндсэн хуулийг өөрчилье гээд би төсөлд гарын үсгээ зурсан. Олон жил ярьсан шүүмжлэлт асуудлыг маш оновчтойгоор зөв тодорхойлж оруулж ирсэн учраас дэмжсэн. Гэтэл одоо зарчмын зөрүүтэй санал дотор миний гарын үсэг зурсан саналуудаас нэг нь ч алга. Өргөн барьсан гишүүний санал нь байхгүй байхад төслийг өргөн барьсан гэж ярих боломжгүй болчихлоо. Хууль батлагч байгууллага нь ядаж  МАХН-ын 114 мянган гишүүний саналыг нь хүлээж авах ёстой. АН-тай хамтарч би сөрөг хүчний бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн болохоос биш  би АН-ын гишүүн биш. Миний өргөн барьсан бүх заалтуудыг өөрчилчихсөн. Хэн ч хуулийн төсөлд саналаа өгөх эрхтэй.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Нийгмийн буглаа болсон олон асуудлыг засахын тулд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийх гэж байна. Хуулийн төслийн хүрээнд сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд тодорхой ойлголцол зөвшилцлийг бий болгосон гэж харж байгаа. Зарчмын хувьд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ шинээр орж ирж байгаа саналуудтай холбоотойгоор эргэлзээ, тээнэгэлзээ байна. Иргэдийн оролцоо, мэдээллийг нэмэгдүүлэхгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх боломжгүй шүү. Ард  нийтийн санал асуулгыг зайлшгүй хийх ёстой. Иргэдтэй уулзалт хийхэд энэ асуудлыг хамгийн ихээр хөндөж байна. Ард нийтийн дунд санал асуулга хэзээ хийхээр төлөвлөж байна вэ. ямар байдлаар тогтоолын төслийг бэлдэж байгаа вэ гэж байнгын хорооны даргаас асууя. Бүх нийтээр ярьж, хэлэлцэж байж нэмэлт өөрчлөлтийг хийх нь зөв. Эх орныхоо төлөө санаа зовнидог Монгол хүн бүр Үндсэн хуулийн төсөлд дуу хоолойгоо гаргаж, саналаа өгч оролцох ёстой. Нэг үг, үсгийн өөрчлөлтийг дараа нь дахин өөрчлөхийн тулд найман жилийн хугацаа шаардагдана.Тиймээс маш том хариуцлагын асуудал. Хоёрдугаарт, төсөлд томилгоо болон эрх мэдлийн хуваарилалтай холбоотой асуудал нэлээд хөндөгдөж байгаа. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн суурь зарчим нь угтаа нийгэмд хариуцлага, ёс зүйг бий болгох, хүн рүү чиглэсэн хариуцлагын тогтолцоог бий болгоход чиглэгдэж Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж байгаа гэж хувьдаа итгэж байна. Төсөл, санал хоёрын дунд зөрүүтэй асуудлууд их байна. Өргөн барьсан төслөөс нэлээд өөрчлөгдөж. Монголын нийгэм хариуцлагагүй явж ирлээ гэдгийг сүүлийн жилүүдэд ярьж байгаа.Үүний гол буруутныг Үндсэн хууль руу чихдэг. Тиймээс энэ удаагийн өөрчлөлтөд хариуцлагын систем, шинэчлэлтийг зайлшгүй хийх ёстой.  Асуудлынхаа суурь шалтгааныг шийдэхгүйгээр хандаж байгаа тал ажиглагдаж байгаа шүү. Ямар ч сайхан хууль, тогтолцоог бий болголоо гээд хүн нь хэвээрээ байвал юу ч өөрчлөгдөхгүй. Хүн рүүгээ чиглэсэн ёс зүй, хариуцлагыг илүүтэй тусгах ёстой.  Парламент, Засгийн газар хоёрыг 100 хувь тусад нь гаргах өөрчлөлтийг хийх нь зөв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг хоёр дахь хэлэлцүүлгийн дараа УИХ шийднэ. Тиймээс тодорхой хугацааг одоо хэлэх боломжгүй. 

Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Анхнаасаа хуулийн төслийг хууль зөрчиж өргөн барьсан. Иргэд зарим нь мэдээлэлгүй байна. Үндсэн хуулийг өөрчлөөд маргааш нь амьдрал сайжрах нь гэсэн үнэмшил төрөхгүй байна. Нэг л том хүлээлтийг бий болгоод байна л даа. Нийгмийн болж бүтэхгүй бүхэн Үндсэн хуульдаа байгаа мэтээр  тайлбарлах боллоо. Бусад улс орнуудыг харахад төдийлөн Үндсэн хуульдаа гар хүрээд байдаггүй юм билээ. Ганц, хоёр заалтаа өөрчиллөө гэхэд маш өргөн хүрээний хэлэлцүүлгийг олон жил хийж байж өөрчилдөг. Гэтэл манайд бөөнөөр нь баахан заалт оруулж ирж байх жишээний. Энэ нь манайд улс төрийн төлөвшил, ёс зүй байхгүй гэдгийг л харуулж байна. Өнөөдөр асуудал хүндээ байгаа болохоос Үндсэн хуульд биш. Үндсэн хууль руугаа чихчхээд гоё болохгүй юм бол хэн хариуцлага хүлээх юм бэ. Иргэдийн амьдрал шууд сайжрахгүй, уул уурхай шууд шийдэгдэхгүй. Баялгийн сан гэж яриад л байх юм.Сангийн эх үүсвэрийг нь ярихаар санал унагаана.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

-Үндсэн хуулийг өөрчлөхдөө хэт хавтгайрсан, нам улс төрийн нөлөө орсон нэмэлт өөрчлөлтөөс эрс татгалзъя гэдгийг би хэлж байгаа. Харин судалгаанд суурилсан, чухал нэн ач холбогдолтой хэрэгцээ шаардлагатай асуудлын хамгийн чухлыг нь хэлэлцэх ёстой гэсэн байр сууринаас хандаж 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд би саналаа зүйл тус бүрээр нь хүргүүлсэн. Зөвшилцөх ажлын хэсэг чамгүй хугацаанд сайн ажиллаа. Аливаа хуулийг батлахдаа гишүүд хувийн эрх ашиг, хэсэг бүлгийн эрх ашиг, компани бүлэглэлийн эрх ашгийн үүднээс биш зөвхөн эх орон, ард түмний эрх ашгийн төлөө хуулийг батлах ёстой. Ялангуяа Үндсэн хуулийн асуудалд гишүүд хэн нэгний нөлөөнд, эрх мэдэлтнүүдийн нөлөөнд орж асуудалд хандаж болохгүй шүү гэдгийг би гишүүддээ хэлэхийг хүсч байна. Яагаад гэвэл ийм хандлага би болсон. Гишүүдэд тодорхой хэмжээгээр дарамт үзүүлсэн, барьцаалсан зэрэг ийм асуудлууд хөшигний ард явагдаад байгааг бид мэдэх хэрэгтэй. Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо, парламентын бүрэн эрхийн хугацаа зэрэгт зарчмын зөрүүтэй асуудлууд бий. Би анхнаасаа ч хэлж цөөнх болж байсан, цаашдаа ч цөөнх байна байх. Гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй. Тоогоор оролдох гээд ард түмэнд сайхан ухуулга хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Сөрөг хүчин гишүүдийн ирцийн асуудлыг шаардах бүрэн эрхтэй. Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш нэг ч удаа чуулганы хуралдааныг тасалж үзээгүй. Хоёрхон удаа хоцорч үзсэн. Цагаа баримталдаг сахилгатай гишүүн цөөхөн бий. МАН-ын 65 гишүүнийг Монголын ард түмэн сонгож өгсөн. Хөдөөгүүр би 41 хоног явлаа. 2500 гаруй малчинтай уулзлаа.Тэднээс Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт орсон хүн байна уу, саналаа өгсөн үү гэж асуухад нэг нь ч оролцоогүй байна. Аймгийн төвийн дөрвөн багийн 1500 иргэдээс долоохон нь Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт орсон байна. 4000 хүнээс долоохон нь л Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцсон гэж гараа өргөж байна лээ. Нэг аймгийн түвшинд 218-хан хүн Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт орсон байна. Ийм байхад 163 мянган хүнээс санал авсан гээд байх юм. Бодит байдал ийм байгаа учраас АН ард нийтийн санал асуулга заавал явуул гэдгийг шаардаж байгаа юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гурван үндсэн шалтгаан байна. Төрд олон жил бугшсан нөхдүүд өөрсдийгөө дахин олон жил төрд байлгахын тулд хэд хэдэн заалтыг оруулж ирлээ. Тоог 108 эсвэл 99 болгох замаар гэмт хэрэгт холбогдсон 55 нөхөр сэмхэн УИХ-д дахин сонгогдох боломжоо өөрсдөө авч байна. Үүнийг ард түмэн эсэргүүцэж байгаа. ЖДҮ-д холбогдсон нөхдүүд дөрвөн жил байх парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох замаар улам нарийн зохион байгуулалтайгаар 2 тэрбум төгрөгийг хусах бэлтгэл ажлаа хийж байна. Олон жил та нарыг тэжээж чадахгүй гэж ард түмэн ярьж байна. Дараагийн асуудал нь сонгуулийн тогтолцоогоор намын жагсаалтаар сонгодог заалтыг оруулж байгаад олон жил сонгогдсон буг болсон нөхдүүд бас гарч ирэх гэж байна. Өнөөдөр Засгийн газрыг огцруулах асуудлыг АН яриагүй байхад МАН-ынхан дотроосоо яриад явж байгаа шүү.

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээр байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцсэнээр өнөөдрийн чуулган өндөрлөлөө.  Харин маргааш зарчмын зөрүүтэй зүйл заалт тус бүрээр санал хураах юм. 

16 : 10
2019-8-28

С.Бямбацогт: Төслийн хүрээнд зөвшилцөл хангалттай хийсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс өмнө техникийн саатлын улмаас хойшлогдоод байсан юм. Тэгвэл дөнгөж сая чуулганы хуралдаан эхэлж гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зөвшилцөл, ойлголцлын хүрээнд шийдэх ёстой. АН-ын зөвлөл чуулганы хуралдааныг хаяад гарлаа. Улстөрийн намуудтай зөвшилцсөн зүйл байна уу. МАН мөрийн хөтөлбөртөө  “Эрх мэдлийн харилцан хяналт тэнцэл дээр тогтвортой хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ шаардлагыг харгалзан ард түмнээс асууж шийдвэрлэнэ” гэж ард түмэндээ амласан.  Энэ дагуу ард түмний дунд санал асуулга явуулах ёстой гэдгийг тодорхой хэлсээр ирсэн. Санал асуулга явуулах  талаар ямар байр суурьтай байна вэ. Бид хавраас хойш тойрогтоо ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Олон нийтийн байр суурь янз бүр л байна. Гэхдээ олонх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээс асуух ёстой шүү гэдгийг хэлж байгаа. Хоёрдугаарт,Үндсэн хуулийг дордуулсан гэж яригддаг долоон өөрчлөлтийг засахтай холбоотойгоор улс төрийн намуудыг хариуцлагажуулах, санхүүжилтийг нь ил тод болгох заалтуудтай  би санал нийлж байгаа. Хамгийн чухал асуудал болох байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчим 1990 оноос хойш алдагдсан. Гаднынхантай нийлж улс орныхоо баялгийг цөлмөж дууслаа. Тиймээс Үндсэн хуулийн 6.2."Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэснийг ард түмний өмч гэж өөрчлөх ёстой гэж саналаа хэлсэн боловч ажлын хэсгийн зүгээс хүлээж аваагүй. Ерөнхийлөгч хуулийн төсөлдөө байгалийн баялаг нийтийн өмч байна гэж оруулж ирсэн. Одоо хуулийн төслийн өөрчлөлтөөр  "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч гэж оруулж ирсний ашиглахтай холбоотой асуудал нь тодорхой бус байна.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд олон нийтийн оролцоог хангах чиглэлээр эрдэмтэн, судлаачид, улс төрийн намууд, бусад байгууллагуудаас саналыг нь авах  ажлууд өнгөрсөн хугацаанд зохион байгуулагдсан. Мөн Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал, төслийг авч хэлэлцсэнээс гадна улс төрийн намуудтай зөвшилцөх хэлэлцүүлгийг бүтэн долоо хоногийн турш зохион байгуулсан. Тиймээс хуулийн төслийн хүрээнд зөвшилцөл хангалттай  хийгдсэн гэдгийг хэлье. Хоёрдугаарт ард нийтийн дунд санал асуулга явуулах эсэхийг хоёр дахь хэлэлцүүлгийн дараа УИХ шийдвэрлэнэ.  Гишүүд ч ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. Байгалийн баялгийн тухай асууж байна. Уг асуудлыг олон талаас нь ярьж байгаад Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч байна гэснийг бүлэг, байнгын хороогоор дэмжигдсэн. Гаднын улс орнуудын туршлагыг харахад байгалийн баялаг нь голдуу төрийн өмч байдаг юм билээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Байгалийн баялаг нийтийн өмч болсноор олон нийтийн компаниуд бий болж замбараагүй байдал бий болно гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмч байснаасаа дордоно гэж ойлгоод байх шиг байна. Уг асуудалд тодорхой тайлбар өгмөөр байна. Байгалийн баялгийн ашиглалтын талаар маш тодорхой оруулж ирэхгүй бол болохгүй шүү.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Ард түмнээсээ сонгогддог, ард түмнийхээ төлөө ажилладаг төлөөлөгч нартай улсад иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч байна гэсэн томьёолол байж болно. Гэтэл ард түмнээсээ сонгогдчихоод төрийн өмчийг хувийн мэтээр авч үздэг төртэй болсон. Тиймээс Ерөнхийлөгчийн ахалсан зөвшилцлийн ажлын хэсэг дээр Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч байна гэсэн томьёоллыг зөвшөөрсөн.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Хэлэлцүүлгийн явцад Үндсэн хууль зөрчих журам олон удаа зөрчигдсөн гэж үзэж байна. Нэмэлт, өөрчлөлтөөр орж ирсэн заалтуудын хэдэн хувь нь зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн бэ. Үндсэн хууль хэлэлцэх явцад дундын санал гээд янз бүрийн санал оруулж ирээд байх юм. Сөрөг хүчин заримдаа гүйгээд гараад явчихна. Заримдаа арван хэдэн санал оруулаад ирнэ. Миний харж байгаагаа зөвшилцөл чинь хуйвалдаан болж байна. Дампуурсан нийгмийг өөрчлөхийг дэмжиж байгаа. Гэхдээ буруу өөрчлөхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн шинэчлэл, улс төрийн намуудын асуудал шийдэгдсэнгүй. 1992 оны Үндсэн хуулийн сул тал нь эдийн засгийн суурь заалт байгаагүй. Харин одоо өөрчилж чадсан уу? Нэмэлт, өөрчлөлтөөр иргэний хүмүүнлэг нийгэм байгуулах чиглэлээр нэг ч зүйл заалт орсонгүй. Өнөөдөр бид цагаа үрж энэ танхимд суух шаардлагагүй. 57 гишүүн дэмжиж байж батлах ёстой. Ямар ч шаанс харагдахгүй байна. Энэ нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх шалтгаан нь эрх баригч нам Үндсэн хуулийг өөрчилнө гэж амлалт өгсөн. Эрх баригч намын дотоод хагарлаас болж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадвар харагдахгүй байна. Ард түмэнд үнэнээ хэлээд УИХ тарах хэрэгтэй.

12 : 46
2019-8-28

Чуулган: Ирц бүрдсэн ч техникийн саатлаас болж дахин хойшлогдоо

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдөр /2019.08.28/-ийн нэгдсэн хуралдаан  81.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулөх төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга  С.Бямбацогт танилцуулж дууслаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд нэрсээ өгөх гэсэн боловч техникийн саатал гарч гишүүдийн бухимдлыг хүргэв.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нэр орохгүй байна. Хариуцлагатай асуудал ярьж байхад техник нь ч бэлэн биш, ер нь юу нь ч бэлэн биш байна” гэж ундууцав. УИХ-ын дарга “Техникийн алба  дандаа ингэж асуудал гаргах юм. байгалийн баялаг ярих гэхээр зориуд санаатайгаар хорлон сүйтгэх ажиллагаа явагдаад байгаа юм уу” гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрх баригч нам ирцээ бүрдүүлж хурлаа цагтаа эхлүүлж байгаарай, зунжин хүлээлээ та нарыг”  гэж бухимдав. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Ард түмний нэр барьж худлаа байгалийн баялаг гэж ярьдгаа боль. Дандаа ард түмний нэр барьж хулгай хийдгээ боль та нар. Тэнгэр бурхан хүртэл цаанаас зохицуулаад хэлэлцүүлэхгүй гээд байгаа юм биш үү. Техникийн асуудлаа зохицуулаач ээ” гэлээ.

Ийн техникийн саатал гарсан тул техникээ зассаны дараа чуулганыг хуралдуулахаар болов. Өнгөрөгч хоёр өдөр ирц хүрээгүйн улмаас чуулганы хуралдаан хойшлогдсон юм. Тэгвэл өнөөдөр гурав дахь өдрөө техникийн саатлаас болж дахин хойшлогдлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж