“Цэцэрлэгийн шинжилгээ ёстой бүтэхгүй ээ, яагаад ийм хүнд сурталтай юм бэ” хэмээн бухимдангуй өгүүлэх 30 орчим насны эмэгтэй хоёр, гурван насны тэрсхэн хөвгүүдээ хөтлөн Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадаа зогсч байлаа. Тэрбээр хоёр хүүхдийнхээ цагаан хорхой, шээсний шинжилгээг өгөхийн тулд өглөөний 07.00 цагаас эхлэн дугаарлажээ. Бүсгүй бага хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж наймдугаар сараас эхлэн хөөцөлдсөн бөгөөд түүний хүүд аз таарч сугалаагаар тэнцжээ. Аз таарсан ч шинжилгээ өгсөн байх ёстой, энэ нь чирэгдэл учруулж эхлэв. Уг нь тэрбээр хоёр хүүхдийнхээ шинжилгээг ажил болгон хэд хоногийн өмнө өгчээ. Гэтэл цэцэрлэг шинжилгээний бичгийг “хүчингүй” гэсэн учраас ийнхүү дугаарлаж буй нь энэ.
Биднийг Баянгол дүүргийн эмнэлгийн гадаа очиход машин зөрөх зай байтугай эцэг, эхчүүдийн цувааны төгсгөл харагдахгүй шахам нөхцөл байдал угтав. Энд тэндгүй ядарсан хүүхдүүдийн уйлаан, хүлээж цөхөрсөн эцэг, эх, эмээ, өвөө нарын бухимдал дээд цэгтээ хүрчээ. Тэдний дийлэнх нь "хувийн эмнэлэгт шинжилгээг нь өгч болдоггүй юм байх даа. Заавал ингэж цагаа гарздах хэрэг байна уу” хэмээн амандаа бувтнан зогсоно.
Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг энэ сарын 24-нөөс эхлэн ажлын өдрүүдэд 08.00-14.00, амралтын өдрүүдэд 09.00-15.00 цагийн хооронд шинжилгээг авч байна. Урт удаан дугаарласан эцэг, эхчүүд цагийн дараа шинжилгээний хариугаа авах ёстой. Хөл толгой хаа байгаа нь мэдэгдэхгүй энэ газарт зохион байгуулалт үнэхээр дутмаг байлаа.
ЦЭЦЭРЛЭГИЙН ШИНЖИЛГЭЭ ХЭН НЭГНИЙ БИЗНЕС БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ
Б.Уянга: Цэцэрлэг дээр нь нэгдсэн байдлаар мөнгийг нь өгөөд авчихвал дээр санагддаг. Ингэж зогсох хэцүү байгаа биз дээ. Манай хүүхэд тус дүүргийн 164 дүгээр цэцэрлэгт явдаг. Жил бүрийн намар ийм асуудал Баянгол дүүрэгт үүсдэг. Үүнийгээ цахимаар эсвэл, нэг өдөр товлоод авдаг болгохыг л бид хүсч байна.
С.Сүхбаяр: Миний бодлоор цэцэрлэг дээрээ шинжилгээ авчихдаг бол аль аль талдаа ачаалал бага байх. Эцэг, эхчүүдэд ч гэсэн ажил төрлөө цалгардуулахгүй амар байх болов уу. Манай бага хүү энэ жил 77 дугаар цэцэрлэгт элсэн орсон. Хоёрхон шинжилгээ өгөхийн тулд ингэж оочир, дараалал болж байна шүү дээ.
С.Даваасүрэн: Сая бага хүүгийнхээ шинжилгээг өгөөд гараад ирлээ. Дотор бол нэг их удсангүй. Хүүхдүүдийг тав, таваар нь оруулаад шинжилгээ авч байна. Өглөө 06.00 цаг өнгөрч байхад энд ирэхэд байдал ийм л байсан. Миний бодлоор цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар шинжилгээг өгвөл дээр шүү дээ. Заавал хүмүүст чирэгдэл учруулаад байх шаардлагагүй. Ажил, албаасаа чөлөө авч байгаа олон хүн энд зогсч байгаа. Ингэж нэгэндээ хүнд суртал гаргах хэрэг байхгүй. Баянгол дүүрэг энийгээ болимоор байгаа юм.
Э.Баттулга: Би өглөө 07.30 цагт ирсэн. Хүүхдээ хэд хоногийн өмнө хувийн эмнэлэгт 7000 мянгаар шинжилгээ өгүүлсэн. Тэгсэн чинь цэцэрлэгийнхэн нь хувийн эмнэлгийн шинжилгээг тооцдоггүй юм билээ. Цагийг нь тулгачхаад улсын эмнэлэгт шинжилгээ өг гэж хэлж байдаг. Бид чинь үр хүүхдийнхээ төлөө цаг заваа гараад энд зогсож байна. Үүний цаана хэн нэгний бизнес байж магадгүй. Хувийн эмнэлэгт шинжилгээ өгөхөд ялгаа байхгүй, хариу ижил л гарна. Хоёр, гурван жилийн өмнөөс л ийм байсан. Бүхэл бүтэн арван хоног эцэг, эхчүүдийг “зовоож” байхаа болих хэрэгтэй.
ЗАРИМ ЦЭЦЭРЛЭГ ӨДӨР ТОВЛОН ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ ШИНЖИЛГЭЭ АВДАГ
Шинжилгээ дүүрэгт бүрт харилцан адилгүй байна. Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд 130 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжнэ. Цэцэрлэгт хүмүүжихээр болсон хүүхдүүдийн заавал бүрдүүлэх материал дунд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ буюу цагаан хорхой шээсний шинжилгээний хариу байх ёстой.
Шинжилгээг тухайн цэцэрлэгийн заасан эмнэлэгийн лабораторид өгнө. Хэрэв өөр лабораторид өгвөл шинжилгээг хүчингүйд тооцно. Зарим цэцэрлэг шинжилгээг өдөр товлон нэгдсэн журмаар цэцэрлэг дээрээ явуулжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 82 дугаар цэцэрлэг энэ сарын 26, наймдугаар цэцэрлэг энэ сарын 27, Чингэлтэй дүүргийн 39 дүгээр цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 72 дугаар цэцэрлэг, Баянгол дүүргийн 186-р цэцэрлэг энэ сарын 30-ны өдөр гэх мэт өдөр товлон, шинжилгээг нэгдсэн журмаар авдаг цэцэрлэгүүд цөөнгүй байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ХОРОО, ЦЭЦЭРЛЭГЭЭР НЬ АНГИЛАН ШИНЖИЛГЭЭГ АВЧ БАЙНА
Дараалал үүсгэн нэг өдрийн ажлаа барахгүй байх гарцыг зарим цэцэрлэг олжээ. Ингэхдээ бага дунд, ахлах бүлгээр нь хуваарилаад цаг товлож нэгдсэн эмнэлгүүдийн ачааллыг тэнцвэржүүлжээ. Үүний нэг жишээ нь Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг хороо, цэцэрлэгээр нь ангилж цаг гаргажээ. Тодруулбал, энэ сарын 17-ны өдрөөс эхлэн 31-ны өдрийг дуустал тодорхой цагийн дагуу шинжилгээг 3000 төгрөгөөр авах юм байна. Бид тус эмнэлгээр ороход нэгдүгээр давхарт “Цагаан хорхой 102” тоот гэсэн бичгийг ханандаа өлгөжээ. Энэ дагуу тус өрөөний үүдэнд цөөн тооны эцэг, эхчүүд бухимдал, дараалалгүй зогсч байлаа. Эцэг, эхчүүдийн зүгээс ч зохион байгуулалтад сайшаалтай байгааг тодотгов. Нийслэлийн хоёр дүүргийн нэгдсэн эмнэлгийн цэцэрлэгийн шинжилгээг харьцуулахад ийм байна.
Нийслэлийн боловсролын газраас дээрх асуудлаар тодруулахад “Хүүхдийн шинжилгээг зохион байгуулах нэгдсэн журам гэж байхгүй. Дүүргүүд нэгдсэн эмнэлэгтэйгээ хамтран зохион байгуулж байна. Зарим дүүрэг цэцэрлэгүүдээр өдөр товлож байхад, зарим нь тогтмол авч байгаа. Хувийн лабораторид өгсөн шинжилгээг хүлээн зөвшөөрдөггүй нь эцэг, эхчүүд хуурамч шинжилгээний бичиг үйлддэгтэй холбоотой. Тэгэхээр нэгдсэн зохион байгуулалтаар шинжилгээ авч байгаа нь хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалж байна гэсэн үг юм” гэв.
Жилийн жилд хүндрэл дараалал үүсгэн шинжилгээ авдаг цэцэрлэгүүд бусдаасаа суралцах цаг нь иржээ. Угтаа бол цэцэрлэгийн хүүхдийн шинжилгээг эртнээс өдөр товлон цахимаар зохион байгуулж болмоор. Гэтэл цэцэрлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалт муугаас болж хүүхэд багачуудыг дарж унагах нь холгүй дараалал үүсгэж, эцэг эхчүүдэд бухимдал нэмж байгаа нь харамсалтай.
Э.АРИУН
Холбоотой мэдээ