АНУ-ын засаг захиргаа "Их-7″-ийн тоог Оросоос нэмж, тэдний оролцоотойгоор “Их 8” хэлбэр рүү буцахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео “Fox News” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Америкийн Төрийн нарийн бичгийн даргаас “Их 8"-ыг дахин бүрдүүлэхийн тулд ОХУ-ыг урих шаардлагатай юу хэмээн асуухад тэрбээр "Тийм ээ, Ерөнхийлөгч тийм бодолтой байгаа" хэмээн хариулжээ. Ерөнхийлөгчийн энэхүү саналтай санал нэг байгаа эсэхийг нь тодруулахад Помпео "Ерөнхийлөгч тэгж хийхийг хүсч байна. Би Ерөнхийлөгчид ажилладаг. Мэдээж, энэ зорилгынх нь төлөө ажиллах болно" хэмээн хариулсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Биарриц хотод болсон “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар мэдээлсэн хэвлэлийн бага хурал дээр Оросын оролцоотойгоор аж үйлдвэржсэн найман гүрний хэлбэрийг дахин сэргээхийг эрмэлзэж буйгаа мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин бусад улс оронтой ямар ч хэлбэрээр харилцахаас татгалздаггүйгээ хэдийнэ илэрхийлсэн гэдгийг дурдсан байна.
“Их 7”-гийн бүлэгт эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц болон Япон улс ордог. Долоогийн бүлэг хэлбэрээр 1976-1997 он хүртэл оршин байсан бөгөөд ОХУ-ыг нэгдсэний дараа “Их 8” гэж нэрлэх болжээ. 2014 оны гуравдугаар сард Украинд болсон үйл явдлууд болон АНУ, Европ болон Оросын харилцаанд үүссэн хямралын улмаас “Их 8” бүлэг дэх барууны орнууд Ерөнхийлөгч Барак Обамаг Вашингтонд засгийн эрх барьж байх үед "долоо" хэлбэр рүү буцахаар шийджээ.
Эх сурвалж: ТАСС
Холбоотой мэдээ