Улсын ургацын комисс өчигдөр (2019.08.27) хуралдаж, 2019 оны ургацын төлөв байдал, урьдчилсан баланстай танилцаж, цаг агаарын төлвийн мэдээллийг сонсжээ. 2019 онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн байна.
Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарчээ.
Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 86 сумын 1147 аж ахуйн нэгж, иргэдийн 337 мянган га улаанбуудайн талбайг хамруулж зохион байгуулснаар нийт тариалсан талбайн 75.6 хувь буюу 250.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байсан аж.
Гэвч энэ жилийн хувьд тавдугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод сөргөөр нөлөөлсний зэрэгцээ зургадугаар сар бүхэлдээ хуурай халуун, олон хоног үргэлжилсэн нарны хэт халалт явагдаж улмаар зуны бороо зургадугаар сарын 25-наас зарим бүс нутгуудад 07 дугаар сарын 04-нөөс орж эхэлсэн нь буудайн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж бутлалт буурах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Энэ жилийн хувьд Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байгаа аж.
Байгалийн давагдашгүй хүчин зүйл ган, хүчтэй мөндрийн улмаас Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийтдээ 11.0 мянган га талбайд хураалт хийх боломжгүй байгаа бол болц дутуу байснаас 3.5 мянган га талбай тэжээлд шилжих төлөв гарчээ.
Цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор нийт хураах талбайн 60 шахам хувь нь сүүн болцын төгсгөлд байгаа бол 40 хувь нь аарцан болцын эхний үед буй юм байна. Түүнчлэн долдугаар сарын 20-ноос эхлэн орсон үргэлжилсэн их борооны улмаас таримлын болц оройтох, талбай дахь хог ургамлын ургалт нэмэгдэх хандлагатай байгаа тул ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй байгаа аж.
Цаг агаарын урьдчилсан төлвөөр наймдугаар сарын сүүлчээр тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч, улмаар 9 дүгээр сарын эхээр цас орох магадлалтай юм байна. Тиймээс ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг боловсруулан тариаланчдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахад анхаарч эхэлжээ.
Ургац хураалтад 1216 комбайн, 511 жатка, 362 үтрэм, 120 гаруй төмс хураах комбайн, 455 төмс, хүнсний ногоо ухагч, 923 цэвэрлэгч, ачигч, сортлогч машин ажиллахаар судалгаа гарсан бөгөөд засвар үйлчилгээ хийгдэж техникийн бэлэн байдал 82 орчим хувьтай явагдаж байгаа аж.
Ургац хураалтын үед ажиллах тээврийн хэрэгслийн болон цэргийн албан хаагч, оюутны захиалга, ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн эвдрэл гэмтлийн судалгааг орон нутгаас авч эхэлсэн байна.
Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 420.0 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэйгөөс 2019 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 50.0 мянган тонн буудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 6.6 мянган тонн, тэжээлд 21.5 мянган тонн, спиртийн үйлдвэрт 8.7 мянган тонныг тус тус зарцуулахаар санал ирүүлснээр гурил үйлдвэрлэлд нийтдээ 333.2 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байгаа аж.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2019-2020 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр урьдчилсан баланс гарчээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ