УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Дорноговь аймаг дахь “Босоо хөх монгол” ТББ-ын салбар зөвлөлийн дарга О.Хэрлэнд буу тулгаж, нохойгоор хазуулан, хээр аваачиж зодсон гэх утга бүхий мэдээлэл цацагдаад буй.
“БОСОО ХӨХ МОНГОЛ”-ЫНХОН 2 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛАХААР БОЛЖЭЭ
Энэ талаар өчигдөр “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Улсын харцага Г.Ганхуяг, Дорноговь аймаг дахь тус бүлгэмийн салбар зөвлөлийн дарга О.Хэрлэн нар хэвлэлд тодруулга өгөв. Тэдний зүгээс “Өнгөрсөн хавар мэдээлэл хийсний төлөө Б.Дэлгэрсайхан гишүүн биднийг цагдаад өгч, Зөрчлийн хуулиар 2 сая төгрөгөөр торгуулсан. Б.Дэлгэрсайхан гишүүн биднийг нохойгоор уруулаагүй ч түүнтэй хамт явдаг хүн заналхийлсэн гэж хардаж байгаа” гэсэн юм.
Асуудлыг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнгөрсөн хавар байнгын хорооны хуралдааны үеэр “Шоронгоос суллагдсан иргэний бүртгэл Хууль зүй, дотоод хэргийн яаманд байна уу. Ял эдэлж байсан хүн шоронгоос гарч ирээд төрийн бус байгууллага байгуулан, уул уурхайн компанийг шантаажилдаг боллоо” хэмээсэн. Улмаар “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн хэвлэлийн хурал хийж, “Эх орныхоо төлөө зүтгэж байгаа олон залуусыг яагаад шоронгийн хулгайч гэж хэлж байгаа юм. Бид хуулийн байгууллагад хандах болно” гэж онцолсон байдаг. Тэд энэ үеэрээ Б.Дэлгэрсайхан гишүүнийг “Гадны оронд тансаг хаустай, олон эхнэртэй, манай бүлгэмийн гишүүнийг нохойгоор хазуулсан” гэхчлэн мэдээллийг өгсөн юм. Уг асуудлаар Б.Дэлгэрсайхан гишүүн Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Зөрчлийн хуулин дахь гүтгэх зүйл ангиар “Босоо Хөх Монгол”-ын нэр бүхий хүмүүст 2 сая төгрөгөөр торгуулах шийтгэврийн хуудас очсон аж.
“БОСОО ХӨХ МОНГОЛ”-ЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮД ШОРОНД ОРЖ БАЙСАН НЬ БАТЛАГДАЖ БАЙНА
“Босоо Хөх Монгол” ТББ-ын зүгээс “Төрийн түшээ хүн биднийг шоронд сууж байсан гэж доромжилж, гүтгэлээ. Бидний бүртгэлийг хараарай” гэх утга бүхий мэдэгдлийг хавар хийсэн. Өөрөөр хэлбэл, “Босоо хөх монгол”-ынхон Б.Дэлгэрсайхан гишүүний хэлсэн “Шоронгоос суллагдсан этгээдүүд” гэж хэлсэнд эмзэглэсэн. Харин Б.Дэлгэрсайхан гишүүн “Надад баримт нь байгаа. Би шалгуулна” гэж мэдэгдсэн байдаг.
Эндээс Б.Дэлгэрсайхан гишүүн болоод “Босоо хөх монгол”-ынхны хэн нь үнэн яриад байгаа нь эргэлзээ төрүүлээд байсан юм. Тиймээс ч орон нутгуудад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй уурхайнууд дээр очиж, мөнгө нэхдэг, шантааж хийдэг, шорон оронд явсан нэр бүхий хүмүүс тус бүлгэмийг удирддаг гэх мэдээллийг лавшруулж, баримт хөөж үзлээ.
Бидэнд олдсон баримтаар,
О.ХЭРЛЭН: Дорноговь аймаг дахь “Босоо Хөх Монгол” ТББ-ын салбар зөвлөлийн дарга О.Хэрлэн 1998.05.15-ны өдөр ХҮН АМИНЫ ХЭРГЭЭР тухайн үеийн Эрүүгийн хуулийн 90.2-оор зүйлчлэгдэж, НАЙМАН жилийн хорих ял авч байжээ. Тодруулбал, О.Хэрлэн нь согтуурсан үедээ хүний тархин тус газар хүчтэй цохиж, амь насыг нь хохироосон хэргээр ял авч байсан нэгэн юм байна. Тэрбээр, 2004.11.18-нд хоёр жил 28 хоногоо ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ял болгон, шоронгоос суллагдаж байжээ. Мөн тэрбээр удаа дараа архидан согтуурсан, бусдын биед халдсан, зодсон, бусдаас мөнгө зээлсэн зэрэг асуудлаар шалгагдаж явсан түүхтэй нэгэн юм.
Э.ЭНХБААТАР: Дорнод аймаг дахь “Босоо хөх Монгол” ТББ-ын салбар зөвлөлийн даргын албан тушаалыг хашдаг эл эрхэм 2002 онд нохойгоор хүн хазуулж танхайрсан хэргээр, 2007 онд автын хэргээр Хэнтий аймагт ял эдэлж байжээ. Улмаар 2015 онд хутга мэс гаргасан асуудалд орооцолдсон ч ял аваагүй өнгөрсөн аж.
Г.ГАНХУЯГ: Олон удаагийн давтамжаар эрүүлжүүлэх байрын хаалгыг татдаг эл эрхэм танхайрсан, хүн зодсон хэргүүдээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан удаатай. Түүний хамаарал бүхий этгээдүүд хууль, шүүхийн шатанд ажилладаг тул харьцангуй сайн хамгаалалттай гэгддэг байна.
Өмнө нь, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дөрвөн гишүүн БНХАУ иргэнд хүч хэрэглэн заналхийлсэн, сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан хэрэгт сэжиглэн ШШГЕГ-ийн харьяа хорих 461 дүгээр ангид хорьсон, бусад тохиолдлоор ял авсан нь хүртэл бий. Энэ бол зөвхөн бидэнд олдсон цөөн тооны баримт. Тэгвэл одоо "Босоо хөх Монгол" ТББ-ынханы энэ үйлдлийг мэдэх нэгэн тэд хүнийг яаж ч гүтгэж, доромжилж чадах хүмүүс гэж ярьж байна.
ЭХ ОРН ОО ХАМГААЛАХ ЛООЗОН ӨРГӨДӨГ АТЛАА АРААР НЬ ШАНТААЖ ХИЙЖ ЯВДАГ УУ?
Газар шороо, эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэн дор нэгдсэн гэх тодотголтой үндсэрхэг үзэлтэй хэд хэдэн ТББ бий. Тэдгээрийн нэг нь “Босоо хөх монгол” юм. Шууд уурхайн компани дээр очоод, мөнгө нэхдэг. Өгөхгүй бол элдэв байдлаар дарамт үүсгэдэг гэх яриа тэднийг тойрон эргэлдэх болсоор нэлээд удаж байна.
Монгол орны ихэнх аймгуудад салбар зөвлөлтэй, 17 мянган гишүүд, 200 орчим дэмжигчидтэй гэх тоог тэд өөрсдөө хэлдэг. Байгаль дэлхийгээ онгон дагшнаар нь авч үлдэх үзлээр нэгдсэн энгийн иргэн дотор нь өчнөөн бий. Гэвч хувь хүнийхээ хувьд ихээхэн асуудалтай, хар бараан түүхтэй, шантааж маягаар ажлаа явуулах сонирхолтой хүмүүс тус бүлгэмд байгаа нь нууц биш билээ.
Т.ОД
Холбоотой мэдээ