Түгжрэл эхэлсэн ч авто замуудын засвар дуусаагүй байна

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

Түгжрэл эхэлсэн ч авто замуудын засвар дуусаагүй байна

Түгжрэл эхэлсэн ч авто замуудын засвар дуусаагүй байна

Их хотын түгжрэл эргэн ирлээ. Нэг километр зайг нэлээд хугацаанд туулах цаг эхэллээ. Жилийн жилд ийм л байсан, түгжрэлийг бууруулах талаар ярьсаар бид хэд дэх намартайгаа ч золгож байна даа.  Зуны гурван сар арай сийрэг байсан хөдөлгөөн хичээл, сургууль эхлэх үеэр ахиад л түгжрэв. Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт нэг цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрөөдөг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл иргэд төдийгүй улсын хэмжээнд ажлын бүтээмжгүй, үргүй зардал урссаар байх юм. Тэгвэл түгжрэлийг арилгах талаар төр засаг ямар арга хэмжээ авч байна вэ.

Түгжрэлийг бууруулах, ачааллыг тэнцүүлэхийн тулд зам шинээр барих, эвдэрсэн замаа засварлах гээд зуны дэлгэр цагтай уралдан хийдэг ч өнөөдрийн байдлаар 104 зам засвартай байна. Энэ нь түгжрэлийг нэмэгдүүлэх шалтгааны нэг юм. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас энэ зун хийгдэх зам засвар, шинэчлэлт, өргөтгөл, томоохон гүүрний барилгын ажлын төлөвлөгөөг танилцуулж байсан. Энэ нь авто замын түгжрэл бууруулах нэг арга гэж үзэж буй юм. Эдгээр ажлын явц, ашиглалтад орсон эсэхийг тоймлон хүргэе.

1.Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто зам

-Уг авто замын урт 20,9 км. Зорчих хэсгийн замыг 11-р сарын 30 хүртэл хаажээ. Гүйцэтгэлийн ажил одоо 50 хувьтай явагдаж байна. Энэ ондоо багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

2.Хайлаастын уулзвараас Дархь эхийн зам хүртэл 1,4 км зам, гүүрийн ажил

-Уг замыг энэ сарын 30-нд нээнэ. Тодруулбал, гадна тойруугийн хойд хэсгийн замын гуравдугаар хэсэг буюу Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх 1,4 км авто зам, 57 метр гүүрийн ажлыг нээх юм. Ингэснээр Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон зам үүсч, хотын төвийг тойрсон, бүсийн авто замын түгжрэлийг 30 хувь бууруулна гэсэн тооцоо гаргажээ.

3.Баянхошууны эцсийн буудлаас 10-р хороо хүртэлх замын ажил

-Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдсэн тус авто зам нь 0,8 км урт, явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттайгаар хийгдэж, ашиглалтад оржээ.

4.Сонсголонгийн гүүрийн барилга угсралтын ажил

-Томоохон бүтээн байгуулалтын ажил. Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ шинээр барих хоёр эгнээ, 289.4 метр гүүрийн барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулсан. Ингэснээр хотын төвлөрлийг бууруулах, үйлдвэрийн бүс, Олон улсын нисэх онгоцны буудал руу зорчих хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.

5.Цагдаагийн хотхон Амгалан орон сууцны хороолол хүртэлх 0,85 км авто замын ажил

-Нийслэлийн авто замын хөрөнгөөр баригдаж буй тус авто зам нь 0,85 км урт, 6м өргөн, хоёр талдаа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгджээ. Тус зам 2019 оны 11-р сард ашиглалтад орно.

6.Циркийн ар талын 0,7 км авто замын ажил

-Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Циркийн ар талын 0,7 км авто замыг 10 хоногийн хугацаатай хааж, өргөтгөх шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.

7.Яармагийн хуучин гүүрийн засвар

-БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Яармагийн уучин гүүрийг сэргээн засварлах, налуу гүүрэн гарц барих, хойд хэсэгт жаазан гүүр, тулгуур хана барих ажлуудыг гүйцэтгэж дуусжээ. Харин шинэ гүүрийн хувьд 250,2 метр урттай, 20,5 метрийн өргөн, дөрвөн эгнээтэй. 11-р сарын 30-нд ашиглалтад орно.

8.100 айлын авто замын засварын ажил

-Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1,6 км авто замын барилгын ажил дуусч, зорчих хөдөлгөөнийг нээжээ. Гэхдээ засварын ажил бүрэн дуусаагүй. Өнгөрсөн 7-р сарын 1-ний өдрөөс засварын ажил эхлүүлж, дөрвөн эгнээ, 12 метр өргөнтэй, замын хоёр талаараа 2,5 метр өргөн, явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн зам, авто зогсоол зэрэг гудамж замын бүрдлийг ялган өгчээ. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, түгжрэл багасна гэж үзэж байгаа аж.

9.Хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалт, тэмдэглэгээний ажлууд

-Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/346 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн зургаан дүүрэгт 161 байршилд 30000 м.кв талбайд хотын гол болон туслах гудамж засвар арчлалт хийгдэхээр төлөвлөжээ. Гүйцэтгэлийн ажил одоогоор 94 хувьтай байна. Үүнээс гадна энэ зун бороо их орсны улмаас засвар, нөхөөсний ажлыг нэмэлтээр хийхээр болжээ.

Ийнхүү авто замын түгжрэл бууруулахын тулд зам засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажлууд хийгдэж байгаа боловч замын түгжрэл бахь байдгаараа. Арга ядахдаа Нийслэлийн Засаг даргын ажлын албанаас гурван бүсчлэлд хуваах санаачилга гаргаж, иргэдийн санал бодлыг хүлээн авсан. Иргэдийн 60 гаруй хувь нь эсрэг санал өгснөөр уг санал дэмжигдээгүй. Уг нь зөв зохион байгуулалтаар хийсэн бол түгжрэл буурах боломжтой харагдсан. Гэвч иргэдэд мэдээллээ хүргэж чадаагүй юу, юутай ч дэмжигдсэнгүй.

Эцэст нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга нь эргээд тэгш, сондгойгоор ангилах болов. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан наймдугаар сарын 24, 25, 31 болон есдүгээр сарын нэгний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Ингэснээр улсын дугаар тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гаригт, харин сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн бол наймдугаар сарын 25, есдүгээр сарын нэгний ням гаригт замын хөдөлгөөнд тус тус оролцох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж