Монголчууд агаарын бохирдлоосоо салж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

Монголчууд агаарын бохирдлоосоо салж чадах уу?

Монголчууд агаарын бохирдлоосоо салж чадах уу?

Та бүхэнд "Earth.com" сайтад нийтлэгдсэн Монгол Улсын агаарын бохирдлын талаар нийтлэлийг орчуулан хүргэе.


Агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай ярихад хамгийн түрүүнд томоохон үйлдвэрүүд эсвэл цахилгаан станцууд толгойд орж ирдэг. Үйлдвэрүүд асар их хэмжээний агаарын бохирдол үүсгэдэг нь үнэн, гэхдээ хамгийн гол хүчин зүйл бол оршин суугчид өөрсдөө юм.

АНУ-ын ихэнх айл өрхүүдийн хэрэглэж буй цахилгааныг нүүрснээс гаргаж авдаг. Үүнээс гадна агаарын бохирдлыг үүсгэгч томоохон хүчин зүйлүүдийн нэг автомашин бол тэдний амьдралын салшгүй хэсэг. Энэ оны эхээр гарсан агаарын чанарын тайлангаас үзэхэд Аляска муж улсдаа агаарын чанарын хувьд хамгийн муу үзүүлэлттэй байжээ. Аляскийн зарим хэсэгт агаар дахь тоосонцрын ихэнх нь айл өрхүүдийн галладаг зуухнаас гардаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

“Air Visual” тайланд дурдсанаар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 30 хотын 22 нь Энэтхэгийн хотууд байгаа юм. Дэлхий дээрх зургаан хүн тутмын нэг нь Энэтхэгт амьдардаг. Аляска мужтай адил тал нь Энэтхэгийн агаарын бохирдлын дийлэнх хэсэг нь хоол хийх, халаалт, тэр ч байтугай керосиноор ажилладаг чийдэнгээс үүсдэг хэмээн тайланд дурджээ. Өөр нэг тайлангийн мэдээллээс харахад Энэтхэгт жилд дунджаар нэг сая гаруй хүн агаарын бохирдлоос үүдэлтэй шалтгаанаар нас бардаг байна.

“Уур амьсгал ба Цэвэр агаар” нийгэмлэгийн мэдээлснээр Ази, Номхон далайн бүс нутагт амьдардаг хүмүүсийн 92 хувь нь агаарын бохирдлын түвшин эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл учруулахуйц агаараар амьсгалж байна. Энэ нь ойролцоогоор дөрвөн тэрбум хүн буюу дэлхийн хүн амын талаас илүү хувь нь ийм нөхцөлд амьдарч байна гэсэн үг юм. Хятадын зарим томоохон хотууд агаарын бохирдлоороо эртнээс алдартай.

Хятад улс тэдгээр хотуудынхаа агаарын чанарыг сайжруулахын тулд олон алхам хийсэн боловч тэдгээр нь төдийлөн огцом өөрчлөлт авчраагүй. Бээжин хотын агаарын бохирдлыг хэсэгчилсэн байдлаар бууруулах арга хэмжээг авчээ. Үүний үр дүнд тус хотын агаарын бохирдол 25 хувиар буурсан гэж мэдээлсэн ч хөрш зэргэлдээ нүүрс ихээр хэрэглэдэг хот тосгодоос утаа орж ирсээр л байгаа юм.

Эцсийн үр дүн нь зарим нутагт агаарын бохирдол буурсан боловч нийт Хятад улс даяар бохирдол хэвээр  байгаа аж.

Гэхдээ Хятад, Энэтхэг л ганц агаарын бохирдлын асуудалтай улс биш юм. Монгол улсын агаарын бохирдлын асуудал сүүлийн жилүүдэд хурцаар тавигдаж байгаа бөгөөд дээрх хүн ам ихтэй орнуудын түвшинд хүрэхээс өмнө тэднээс суралцаж чадна гэж найдаж байгаа.

2016 оны статистик мэдээллээс үзвэл тус улсын нэг километр квадрат газар нутагт 1,9 хүн ногдож байжээ. Монгол өргөн уудам тал нутагтай бол нүүдэлчдийн өлгий нутаг юм. Амьдралын хэв маяг, эдийн засгийн бодит байдал өөрчлөгдсөний улмаас Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэл хотдоо амьдарч байна.

Нийслэл рүү шилжин ирэх хүний тоо нэмэгдсээр байгаа ба хот хөдөөгийн ялгаа их. Хот суурин газарт амьдарч буй иргэдийнх нь 95,81 хувь нь цахилгаан эрчим хүчээр хангагдсан боловч хөдөөгийн хүн амын ердөө 44,17 хувь нь л тог цахилгаанаар хангагджээ. Хот хөдөөгүй хүн амын дийлэнх нь гэр, байшинд амьдардаг монголчуудын хувьд агаарын бохирдол өдрөөс  өдөрт нэмэгдэж хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрээд байгаа аж.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) 2016 оны судалгаагаар ердөө гуравхан сая хүн амтай Монгол Улсад нийт 1,800 хүн дотоод орчны агаарын бохирдлын улмаас, 1,500 хүн гадаад орчны агаарын бохирдлын улмаас нас баржээ. Бохирдол үүсгэж буй хүчин зүйлс нь дээр дурдсан Аляска, Энэтхэгийн адилаар нүүрс түлж буй явдал юм. Монгол шиг хүйтэн газар бол нүүрс нь  яах аргагүй илчтэй түлш.

Хүн амыг утаагүй аргаар дулаанаар хангах дэд бүтэц энэ улсад дутмаг учир ард иргэд нь  амьдрахын тулд түүхий нүүрс түлэхээс өөр аргагүй.  Улаанбаатар хотын ард иргэдийн дийлэнх нь гэр хороололд амьдардаг учир агаарын бохирдлын 80 хувь нь нүүрснээс үүсдэг байна. Мөн Улаанбаатар хот нь дөрвөн уулсын хөндийд байрладаг бөгөөд газарзүйн энэ байрлал нь гэр хорооллын иргэдийн ялгаруулсан нүүрсний утаа, машины яндангийн утаа, цахилгаан станцуудын утааг түгжчихдэг.

Монгол Улсын Засгийн газар энэ жилээс агаарын бохирдлыг бууруулах шинэ шийдлийг туршиж эхэлнэ. Тэр нь Улаанбаатар хотод түүхий нүүрсийг оруулахгүй хориглох. Түүхий нүүрс хэрэглэсэн айл өрх, аж ахуй нэгжүүдэд торгууль ногдуулах. Нүүрсний оронд нүүрснээс бага зэрэг үнэтэй боловч утаа багатай, хагас коксжсон нүүрснээс гаргаж авсан шахмал түлшийг санал болгож байгаа.

Засгийн газар 600,000 тонн шахмал түлшийг хот даяар тусгай цэгүүдэд тараахаар төлөвлөж байна. Гэхдээ айл бүр энэ түлшийг хэрэглэж өвлийг давна гэдэгт хүмүүс эргэлзсээр байгаа. Удаан шаталттай, утаа багатай хэмээн тодорхойлоод буй уг түлш нь агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээний дэвшил авчирна гэж найдаж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй  өөр нэг шийдэл бол Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгааны дэд бүтцийг өргөтгөх явдал юм.

Монгол улсыг "цэнхэр тэнгэрийн орон" гэж нэрлэдэг. Эртнээс хүн байгаль хоорондын уялдаа холбоо, цэнхэр тэнгэрээ тахин шүтэж ирсэн ард түмэн. Харин одоо монголын эрх баригчид хүн ардаа агаарын бохирдлоос аварч, ард түмэндээ тэдний дээдлэн шүтдэг цэнхэр тэнгэрийг нь цэвэр тунгалгаар нь харуулж, тэнгэртэйгээ харьцах боломжийг нь олгож чадах эсэхийг  харах л үлджээ.

Эх сурвалж: EARTH.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж