Исламын улстай тэмцэж байгаа эвслийнхэн Канадад уулзалт хийнэ
”Исламын улс бүлэглэлтэй тэмцэж байгаа орнуудын цэргийнхэн Канадын Квебек хотод уулзахаар тохиролцсон тухай Reuters агентлаг мэдээлэв. Уулзалт долдугаар сарын 30-нд болох бөгөөд цэргийнхэн ажиллагааныхаа үр дүнг авч хэлэлцэх юм. АНУ-ыг уг уулзалтад эвслийн үйл ажиллагааг зохицуулахаар Обамагийн томилсон генерал Жон Аллен төлөөлөх ажээ.
Эвслийн бүрэлдэхүүнд буй Их Британи, Франц, Австрали, Канад зэрэг орнуудын нисэх хүчин террористуудыг бөмбөгдөж байгаа юм.
Путин Швейцарийн телевизид ярилцлага өгөв
Швейцарийн RTS телевизид ярилцлага өгөхдөө Оросын ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгийг нэмэгдүүлж байгаа нь АНУ-ын үйлдлээс үүдэлтэй гэжээ. “АНУ нь пуужингийн довтолгооноос хамгаалах гэрээнээс гарснаас хойш зэвсэг нэмэгдүүлэх үйл ажиллагаа сэргэсэн юм. Тэр гэрээ нь олон улсын аюулгүй байдалд чухал байсан бөгөөд бид хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн билээ” гэж Путин хэлжээ.
Мөн тэрээр Европт тулгарч байгаа асуудлуудыг АНУ гаргасан гэдгээ цагаачдын асуудлыг жишээ татсан байна.
Иракт гурван дэлбэрэлт гарч 16 хүн үрэгдэв
Багдадаас зүүн хойд зүгт 50 км-ийн зайтай Баакуба хотод дараалсан гурван дэлбэрэл гарах үеэр 16 хүн амиа алдаж, 35 хүн шархаджээ. Дэлбэрэлтийг хөлбөмбөгийн талбайн дэргэд үйлдсэн бөгөөд хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй. Хэргийн хариуцлагыг ямар нэгэн бүлэг аваагүй байна.
Иракт “Исламын улс” гэх террорист бүлэглэл үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гурван жилийн дотор уг бүлэг Иракийн 90 мянган кв.км нутгийг эзлээд байгаа билээ. Тэд өөрсдийн нөлөөг Сири Ливид идэвхжүүлж байгаа.
Хэт халуунаас 7,4 мянган хүн эмнэлэгт хэвтжээ
Японы ихэнх нутгаар тогтсон хэт халууны улмаас гурван хүн нас барж, 7,4 мянган хүн эмнэлэгт хэвтээд байна. Японы галын аюулаас хамгаалах албанаас долдугаар сарын 20-26-ны хоорондын долоо хоногийн мэдээг өнөөдөр нийтэлжээ. Үүнд Токиод 827, Сайтамад 721, Тибад 522, Канагавад 515, Аитид 465, Осакад 300 хүн тус тус эмнэлэгт хүргэгджээ. Зарим мужид агаар 39 хэм хүртэл халсан байна.
Севастопольд кластер байгуулна
Севастополь хотод хэмжих багаж төхөөрөмжийн кластер нээхээр болсон байна. Өндөр технологийн салбарын компаниудыг хэмжих төхөөрөмж, цахим төхөөрөмж, микросхем үйлдвэрлэхийг урьж байгаа ажээ. Одоо Севастопольд 1,5 тэрбум рублийн бүтээгдэхүүн жилдээ үйлдвэрлэж байна. 2020 он гэхэд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 10 дахин нэмэгдүүлэх ажээ. Севастополийн кластер нь эдийн засгийн чөлөөт бүсийн эхлэл болох юм.
QIWI
Qiwi компани сайн ажилласан ажилтнуудаа шагнахаар шийдэв. Өнөөдөр болох уг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал ажилтнууддаа зориулсан үнэт цаас гаргахаар болов. Шууд төлбөрийн үйлчилгээ явуулдаг Qiwi энэ жилийн нэгдүгээр улиралд цэвэр ашгаа 40 хувиар нэмэгдүүлэн нэг тэрбум рубли болгож чадав. Нэг хувьцааны ашиг нь 20 рубль 30 копейка байлаа.
12 орны сайд нар хуралдана
Транс-Номхон далайн түншлэлийн эвсэлд нэгдэх 12 орнуудын Худалдааны сайд нар өнөөдөр Америкт цугларч байна. Тэдний байгуулах гэрээнд 10 жилийн өмнө гарын үсэг зурцгаажээ. Ингээд өнөө хүртэл хэлэлцээр явуулсаар байна. Энэ эвсэлд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувь, дэлхийн худалдааны 25 хувь ноогдох юм. Эвслийнхэний буянаар дэлхийн нийт бүтээгдэхүүний өсөлт жилдээ 300 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэсэн тооцоо байгаа юм.
FORD
Өнөөдөр Ford компани хоёрдугаар улирлын дүнгээ танилцуулав. Автын олон компаниудад Хятадын өсөлтийн удаашрал нөлөөлж байна. Ford компанийн хоёр дахь том зах зээл нь Хятад болдог. Зургадугаар сард америк автобрендын худалдаа Хятадад 3 хувь буурч 83,5 мянган машин болсон байна.
ANGRY BIRDS
Сан-Франциско хотод өнөөдөр Angry Birds тоглоомын үргэлжлэлийг танилцуулж байна. Энэ тоглоомыг бүтээгч финийн Rovio компани шинэ шувуунууд нь улам ууртай, томорно гэж амлаж байна. Angry Birds тоглоомд хэрэглэгчид нь ханаад орлого нь өнгөрсөн оноос эхлэн унаж эхэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР