Энэ сарын 21-25-ны өдрүүдэд Хонконгод Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 18 орны 290 гаруй тамирчид оролцож, хүч бяраа сорьсоноос Монгол Улсаас 23 тамирчин оролцож, 22 нь медалиар энгэрээ мялаан ирсэн юм. Энэ тэмцэээд оролцон алтан медаль хүртсэн “Тайхар” фитнес клубийн тамирчин С.Энхбаттай ярилцлаа.
-Энэ спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ. Ямар ямар амжилт үзүүлж байв?
-Би 2008 оноос эхэлж энэ пауэрлифтингийн спортыг сонирхож, хичээллэж эхэлсэн. 2010 оны долдугаар сараас албан ёсоор “Тайхар” фитнес клубт хичээллэж эхлээд 2010 оны аравдугаар сард зүүн бүсийн аваргаар шалгаруулах тэмцээнд өрсөлдөж мөнгө, хүрэл медаль авч байсан. Анх 2011 онд Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орж, нийлбэр дүнгээр хүрэл медаль авч спортын дэд мастер болсон. Түүний дараа 2012 онд Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийлбэр дүнгээр мөнгөн медаль, 2013 онд нийлбэр дүнгээр мөнгөн медаль авч байсан. Энэ жил 74 кг жинд хүч үзэн алтан медаль авсан. Сая Хонконгод болсон Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 74 кг жинд хүчний гурван төрлөөр оролцож алтан медаль, нийлбэр дүнгээр алтан медаль нийт дөрвөн медаль авсан.
-Пауэрлифтингээр хичээллэхэд танд хэн нөлөөлсөн бэ. Яагаад пауэрлифтингээр хичээллэх болсон бэ?
-Манай ах намайг “Тайхар” фитнес клубт пауэрлифтингээр хичээллэхийг санал болгож энэ спортоор хичээллэж эхэлсэн.
-Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй зүйл байсан уу?
-Пауэрлифтинг бол маш их цаг зав шаардсан спорт л доо. Ар гэрийн ажлаа зохицуулах ч хэрэгтэй, цаг зав их шаарддаг нь л жаахан хүндрэлтэй байлаа.
-Сая болж өнгөрсөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн кг-ийг өргөж аварга болсон бэ. Өрсөлдөгчдийн хувьд ямар улсын тамирчин илүү сайн байв. Тэмцээний тухай яриач?
-Сая болсон Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд суултын төрлөөр 230 кг өргөж алтан медаль, шахалтын төрөлд 140 кг-ийг өргөж алтан медаль, таталтын төрлөөр 240 кг өргөж алтан медаль нийлбэр дүнгээр 605 кг-ийн өргөж алтан медаль авсан. Өрсөлдөгчийн хувьд гэвэл Хонгконгийн тамирчин онооны хувьд дөхөж мөнгөн медаль авсан.
-Пауэрлифтингээр хичээллэхийн сайхан нь юунд оршдог вэ. Юу танд илүү их нөлөөлдөг вэ?
-Пауэрлифтинг бол дан ганц биеийн хүч шаардахаас гадна сэтгэлийн тэнхээ тэвчээр шаардсан спорт л доо. Тийм учраас багш дасгалжуулагч хамт олон их нөлөө үзүүлдэг. Бэлтгэл хийхээр зааландаа ирэхэд л сэтгэл уужирдаг. Хамт олонтойгоо байхад их сайхан байдаг. Пауэрлифтинг бол багийн спорт. Багш дасгалжуулагч болон тамирчдын харилцаа нягт холбоотой байснаар амжилт гаргахад илүү дөхөм байдаг гэж бодож байна.
Эх сурвалж: www.mminfo.mn