УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл чуулганаар хэлэлцэгдэхээр хоёр ч өдөр хүлээгдэж байна. Шалтгаан нь ирц хүрэхгүй байх шиг байна. Сүүлийн үед МАН-ын бүлгийн ирц ч бага байх шиг байна. Ер нь Ерөнхийлөгчийн оруулж ирж байгаа саналууд дээр танай бүлэг зөвшилцөлд хүрэхгүй л байх шиг байна?
-Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хуваарийн дагуу Даваа гаригаас эхлэн хуралдах байсан. МАН-ын бүлэг дээр үндсэн асуудлуудаа ярьж тохиролцож, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар саналуудаа нэгтгэж, томьёоллоо гишүүдэд хүргүүлсэн. Хоёр өдрийн чуулганы ирц бүрдэхгүй байна. УИХ-ын хоёр гишүүн гадаадад байгааг эс тооцвол 73 гишүүн энд байгаа. Зориуд зохион байгуулалттай ирц бүрдүүлэхгүй байгаа зүйл байх шиг байна. Ер нь бол хууль батлах бол гишүүдийн үндсэн үүрэг. Ямар ч бодол, саналтай байсан чуулганы танхимд орж, хэлэлцэж байгаа асуудлуудын хүрээнд яриад, саналаа өгөөд явах ёстой. Унах санал нь унаж, дэмжигдэх нь дэмжигдээд л явах ёстой. Үндсэн хууль бол ард түмний эрх ашиг хөндөгдөж байгаа, ард түмний асуудал. Ард түмний нэрийг барьсан маш олон хувийн жижиг, ашиг сонирхлууд орсон ийм зүйл дээр УИХ-ын гишүүд хариуцлагатай байж, ард түмнийхээ төлөө, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн гэдэг утгаараа энэ асуудалд хандах ёстой.
Түүнээс олон янзын эрх ашгаар барьцаалагдсан, хувийнхаа эрх ашгийн төлөө асуудалд хуумгай хандаж болохгүй юм байгаа юм.
Мэдээж хурал зохион байгуулагчид, бүлгийн дарга нар ирц бүрдүүлэхийг хичээж байна. Миний хувьд хуралдаанд оролцохоор цагтаа ирээд хүлээгээд л сууж байна. Ерөнхийлөгчийн саналуудаас ихэнхийг нь хүлээгээд авчихсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн заалт бүр 57 гишүүний босготойгоор дэмжигдээд эсвэл унаад дараагийн хэлэлцүүлэгт очих ёстой. Миний хувьд ард нийтийн санал асуулгыг заавал явуулах ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаа.
-Монголын, ард түмний эрх ашиг гэхээс илүү бүгд намын, хувийн эрх ашгаа харж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хандаж байна. Ялангуяа хувь гишүүдийн эрх ашиг их чухал байгаа нь ирц бүрдэхгүйгээс харагдаж байна. МАН дотооддоо нэгдэж, зөвшилцөж чадахгүй болохоор энэ өөрчлөлт явах уу гэдэг эргэлзээ төрөөд эхэллээ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг энэ удаад хэлэлцээд эхэлсэн учраас ирэх найман жил оролдох эрхгүй болж байгаа юм. Тэгэхээр энэ хуулийг батлуулна гэдэг дээр би бол хатуу байр суурьтай байгаа. Нэг, хоёр хүн хувийн эрх ашгаасаа төрийн ажлыг, тэр дундаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг гацаадаг зүйл байх юм бол Монгол Улс байх юм уу, үгүй юу. УИХ-ын 62 гишүүн өргөн барьсан төсөл бол их нуруутай төсөл. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан хүндрэл, үл ойлголцлыг бий болгоод байсан энэ заалтуудыг тус бүрээр авч үзэж оруулж ирсэн. Энэ төсөл гол төсөл байх ёстой гэдэг би бас хатуу байр суурьтай байгаа. Сайн, муу хэлүүлж байгаа ч гэсэн УИХ-ын 76 гишүүн ард түмний төлөөлөл. Гэтэл энэ асуудлыг дундаас нь гацаах, мохоох асуудлаар, хувь хүний эрх ашиг, жижиг, том намуудын эрх ашгийн асуудлаас гацах ёсгүй. Хэлэлцүүлэг эхэлсэн, яваад дуусгах ёстой. Хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж чадахгүй бол энэ УИХ даруйхан огцрох ёстой. Бид өөрчилж чадаагүй учраас дараагийн УИХ-д шилжүүлэх байдлаар. Дараагийн үр дагавар нь ойрын үед энэ хуульд дахин гар хүрч болохгүй л болно. Өнгөрсөн хугацаанд одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиараа зохицуулагдаж, энэ хуулиа дагаж мөрдөөд ирсэн. Зөв хүмүүс гарч ирээд улс орны нийгэм, эдийн засаг дээшилж байсан үе бий. Харин төрийн толгойд увайгүй хүмүүс гарч ирэхээрээ энэ улс орноор тоглож байгаа юм. Хуулийг эсрэгээр нь хэрэгжүүлж, дур зоргоороо өөрчилдөг зэрэг асуудлаас айгаад байх зүйл байхгүй шүү дээ.
Нэгэнт л нэгдэж, баталж чадахгүй бол огцрох ёстой. Ер нь бол 2000 оноос хойш төрд алба хашиж байгаа, улс төр хийж байгаа улстөрчид алдаа гаргаж, гаргасан алдаагаа хууль руу л чихдэг, хариуцлагаас мултарсан байдаг.
-Шүүхийн хараат бус байдал, нэг хүнээс хэтэрхий их хамааралтай байна гэсэн шүүмжлэл олон жил явж ирсэн учраас энэ удаагийн өөрчлөлтөд шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр заалтууд оруулж ирсэн. Гэвч энэ заалтууд хасагдаад ганц заалт л үлдсэн байх шиг байна. Анх оруулж ирсэн саналаа хамгаалж батлуулбал шүүхийн хараат бус байх боломжтой гэж харж байна?
-Би өөрөө хуульч биш учраас хуульч гишүүд, судлаачдын саналыг сонсч, зөвлөж байна. Ерөнхийлөгч оруулж ирсэн гэдэг утгаар нь шүүмжлэхээр намайг Ерөнхийлөгчтэй “үзэлцдэг” гээд буруу, зөрүү ойлгоод байх юм. Хэн оруулж ирэхээс үл хамаарч буруу асуудал орж ирвэл гишүүнийхээ хувьд үг хэлэх эрхтэй. Тэр хүрээнд л ярьдаг. Түүнээс Ерөнхийлөгч гэдэг хүнтэй дайсагналцах, муудалцах зорилгоор асуудал ханддаггүй, би. Тиймээс хуульч гишүүдийн оруулж ирсэн саналтай санал нэг байгаа. Ер нь бол шүүхийн хараат байдал хэрээс хэтэрсэн. Шүүхийг хэтэрхий их нэг хүний, нэг бүлэглэлээс хараат болгочихоор тэнд авлига цэцэглээд байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн амин гол сүнс нь шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулах. Тиймээс шүүхийг томилдог, огцруулдаг хоёр байгууллагыг Үндсэн хуульд тусгавал хяналтаттай, зааг, хязгаартай, хараат байдал нь багасах болов уу гэсэн итгэл үнэмшил байгаа.
-Нөгөө талаас шүүх эрх мэдэл Ерөнхийлөгчид хамааралтай байсныг УИХ өөр дээрээ авах нь гэж шүүмжлэх хүмүүс байна?
-Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн хариуцлагын зөвлөл байгуулах зэргийг зохицуулаад томилгооны асуудал дээр төрийн гурван институци оролцдог, эрх мэдэл нь ойролцоо, эрх мэдлийг нь хангах нь зөв.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг гацааж байгаа нэг асуудал бол сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо зэргийг нэмж, парламентын хугацааг нэмж байгааг олон нийт шүүмжлээд байна. Ялангуяа гишүүдийн тоог заавал 99 болгох шаардлага бий юу гэдэг асуудал яригдаж байна?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэсэн заалт дээр тогтолцоог нэмж өгсөн. Үндсэн хуульд зааснаар сонгуулийн тогтолцоог баталгаажуулах ёстой, тэгэхгүй бол эрх барьж байгаа нам, улс төрийн хүчин сонгуулийн өмнөх жил болгон сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэсэн байр суурьнаас хандаж МАН-ын бүлгийн хурал дээр би өөрөө санал гаргаж, хасуулж байсан. Гэтэл төсөл хэлэлцэх явцад Ерөнхийлөгчөөс санал оруулж ирж, гишүүдийн тоо, парламентын хугацааг таван жил болгох, пропорционал системийг хуульд тусгахыг санал болгосон. Энэ бол арай дэндүү санал. Гишүүдийн тоо нэмэх асуудал дээр хүн амын тоо өссөн гээд л нэг их тоо бодсон хүмүүс. 76 гэдэг бол одоо ч ойрын ирээдүйд ч хангалттай. Тоо бодох юм бол БНХАУ гэхэд 3000 ардын их хурлын төлөөлөгчтэй, хүн амын тоондоо тааруулж төлөөлөгчтэй болно гэвэл зургаан сая орчим төлөөлөгчтэй болох болчоод байна. Өөрсдийнхөө тоог хамгаалах гэсэн саналууд хэлээд байх шиг байна. Түүнээс гадна 108 гишүүнээс 54-ыг тойргоос, 54-ыг нь жагсаалтаар гэсэн саналыг Ерөнхийлөгч оруулж ирсэн. Монгол Улс тусгаар тогтносон улс байх ёстой бол сонгуулийн мажоритор тогтолцоогоор ард түмэн гишүүдээ шууд сонгодог байх ёстой гэдэг байр суурин дээр би хатуу байдаг. Гэхдээ жижиг мажоритар тогтолцоог улсын төсөв тарамдуулдаг, жалга жовонд төсвийн санхүүжилтийг үрж байна, төсвийн бодлого алдагдуулдаг гэх мэт шүүмжлэл байдаг. Монгол Улс маш том газар нутагтай, нүүдэлчин соёл иргэншилтэй малчин ард түмэн. Энэ хүмүүсийг бид үеийн үед хамгаалж байж улсын хил бүтэн, дөрвөн уулынхаа дунд бөөгнөрөхгүй, утаандаа хордохгүй. Гэтэл тогтолцоог нь порпорционал болгож, тухайн тойрог дээр шууд сонгогддог гишүүн байхгүй болохоор баг, суманд хүн очихгүй. Эзгүйрсээр нэг өдөр дөрвөн уулынхаа дунд дөрвөн саяулаа багтаж, шингэхгүй л болох зүйл рүү орно. Тиймээс жижиг мажоритар Монголд тохирно.
Ад үзэгдээд байгаа жалга, довонд ард түмэн амьдарч байгаа. Тэр ард түмнийг амьдруулахын тулд цэцэрлэг, сургууль, эмнэлэг байх хэрэгтэй, улсын бодлого, төсвийн хөрөнгө түүнд зарцуулагддаг байх ёстой.
Ийм асуудал дээр зориуд порпорционал гэж оруулж ирж байгаа нь намын толгойд байгаа хэдэн хүн үе удам, залгуулж, хэзээ ч сарнихгүй МАНАН бүлэглэлийг бүрдүүлэхийн тулд Үндсэн хуульд заалт болгож оруулж ирж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд "50 мянган дээр нэмэх 1" гэсэн саналыг оруулж ирсэн. Ийм хэмжээний хүний гарын үсгээр нам байгуулахаар оруулж ирж байгаа юм. Монголд дахин хэдэн нам байгуулахыг хүсч байна вэ. Шинэ нам байгуулах гэхээр энэ хоёр том нам нэгдээд унагадаг, намын жагсаалтаар энэ хоёр том намын нөгөө л хэдэн хүн сонгогдож, хэзээ ч сарнихгүй бүлэглэл, хонгилоо дархлах гэсэн далд, муу бодлоготойгоор оруулж ирж байгаа, хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй заалт.
-Гэхдээ танай намын дарга, УИХ-ын дарга нар болон бүлэг хүлээн зөвшөөрөөд хүлээгээд авчихсан шүү дээ?
-Би бол анхнаасаа энэ гурван асуудал дээр эсрэг байр суурьтай гэдгээ илэрхийлсэн. Шаардлагатай гэж үзвэл байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцохгүй, эсрэг санал өгнө гэдгээ ч хэлсэн. Юм болгон дээр бүлгийн шийдвэр гэж тулгаж болохгүй. Намын дарга өөрөө бол сонгуулийн тогтолцоон дээр хоёр танхимтай парламентыг дэмждэг гэдгээ илэрхийлсэн. Харин гишүүдэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар намын дарга, Ерөнхий сайд ямар нэг шахалт, дарамт үзүүлэхгүй, бүлгийн олонхын шийдвэрийг дагана гэсэн.
-Ямар нэг дарамт, шахалт үзүүлэхгүй байж чадаж байна уу?
-Үзүүлэхгүй байгаа, Ерөнхий сайд. Бүлгийн гишүүдийн олонхын шийдвэрийг дагаад, хуулиа батлах нь зөв гэдэг байр суурийг бүлгийн хурал дээр хэлсэн. Бүлгийн шийдвэрт барьцаалагдаж, улс орны ирээдүйд хор хохиролтой шийдвэр гаргаж чадахгүй гэдэг дээр би ч гэсэн өөрийн шийдвэртээ хатуу байгаа. Хэрэв бид Ерөнхийлөгчийн саналуудыг оруулж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийвэл 2020 оны сонгуулийн дараа ард түмэн босно, төрийн эргэлт гарна шүү.
–Гишүүдийн зүгээс ямар нэг байдлаар “барьцаалагдах”, 2020 оны сонгуулиа бодоод энэ хэвээр нь төслийг батлаад явах вий. Ялангуяа 64-үүлээ байгаа МАН-ынхан гэсэн болгоомжлол байна?
-Яах аргагүй анзаарагдаж байгаа асуудал. Сая бид учир зүггүй хууль хүчний байгууллагын даргыг сольсон ч нөлөөлөл гэдэг асуудал нь хадгалагдаж үлдсэн байх шиг байна. Манайхан ч бас зүгээр байхгүй янз бүрийн асуудалд холбогдсон хүмүүс байна. Энэ болгоноор нь дарамталж, шахалт үзүүлж байна. Гэхдээ энэ нь намын зүгээс бус өөр өнцгөөс. Заавал үүнийг ингэж батлуул, батлуулахгүй бол гэдэг зүйл сонсогдож байна. Энэ бол үнэхээр байж болохгүй асуудал. 76 гишүүн бол ард түмнээс сонгогдсон 65 гишүүн өнгөрсөн хугацаанд боловсруулагдсан, гарсан саналуудыг бүгдийг нь нэгтгэж, судлаад энэ нь зөв хувилбар юм гэж оруулж ирсэн төсөл. Гэтэл одоо зарим гишүүд гарын үсэг зурж, анх өргөн барьсан хуулиа танихгүй гэж ярьж байна. ингэж гишүүдийг барьцаалж, энэ хуулийг, улс орныг санаатай бусниулах бодлогоор хийж байгаа асуудал байж болохгүй. Би чуулганы нэгдсэн хурал дээр хатуу хэлнэ.
-Танай бүлэг дотроо ойлголцоод, зөвшилцөж, зүтгээд өөрсдийн оруулж ирсэн хуулиа хамгаалаад гарах боломж байхгүй гэж үү?
-65 дотор үндсэндээ хоёр л асуудал байна. Гишүүдийн тоо, тогтолцоо хоёр дээр л үл ойлголцтой байна. Нэгэнт хэлэлцүүлэг явах ёстой учраас дарамт, шахалттай байсан ч саналаа хураагаад цаашаа явах ёстой. Ингэхдээ ард түмний санал асуулгаар явуулах ёстой.
-Ард түмний санал асуулга явуулах дээр бүлэг байр сууриа нэгтгэсэн юм уу. Санал асуулга явуулахад төсөв мөнгө, зохион байгуулалт хүндрэлтэй гэх гишүүд бас байна?
-Ард нийтийн санал асуулга явуулах хөрөнгө бол Монгол Улсын төсөвт байдаг л мөнгө. Үеийн үед лиценз, концесс гэж хувааж идчихгүй бол тэр хөрөнгө бий. Хэдэн нөхөд хувааж идэхдээ юм ярьдаггүй байж, ард нийтийн санал асуулга дээр мөнгө ярьж болохгүй. Сүүлийн 20 гаруй жил сэтгэлгүй хүмүүс сонгогдож, буруугаа хууль руу чихэж, зарим нь янз бүрийн хууль гаргаж, ял завшиж байна. Хөрөнгийн хувьд санаа зовох зүйл байхгүй. Ялангуяа Үндсэн хуулийн өөрчлөлт дээр.
-Танайхан барьцаалагдахгүй байх боломж байсан. Нилээд хэсэг нь ЖДҮ-чин болсон нь “барьцаалагдах” маш том шалтгаан гэж харах, хэлэх хүмүүс байна. Та юу гэж бодож байна?
-Бид шударга ёс тогтооно гэж багагүй хугацаанд үзэж байна, процесс ч явагдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг хараат бус болгож, засаглал хоорондын хуваарилалтыг зөв болгож, хэн хэн нь ажлаа хариуцаад шударга ёсны төлөө ажиллах боломж бүрдэнэ. Барьцаалагдах байдалд орно гэдэг өөрөө болчимгүй зүйл болсон. Барьцаалагдсаныхаа төлөө Үндсэн хуулийн өөрчлөлт дээр өөрөөсөө урвана гэдэг бол ард түмнээсээ урвасантай адил. Тиймээс манай гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ухаантай хандах байх. Нөгөө талаас энэ заалтуудыг батлахгүй бол дараагийн улс төр хийнэ гэж заналхийлж байгаа асуудал бий. Улс төр хийнэ гэдэг нь барьцаалж байгаа асуудал. Заавал гишүүдийг барьцаалах шаардлага байна уу, хууль журмын дагуу шалгагдаж, гишүүд цаг хугацаанд нь мэдүүлэг, нотлох баримтаа өгөөд л явж байна. Гэтэл үүнийг хийхгүй бол дараагийн улс төрөө та нар даагаарай гэдэг нь гишүүдийг барьцаалж байгаа асуудал бий. Шулуухан хэлэхэд үүнээс болоод жаахан гацаад байгаа зүйл бий.
–Энэ улс төр, барьцаа байсан ч хасагдах нь хасагдаад, дэмжигдэх нь дэмжигдээд Үндсэн хуульд нэмэлт, өөрлөлт оруулах төсөл батлагдах уу. Тийм боломж харагдаж байна уу?
-Нэгэнт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн дийлэнх хэсэг нь зөшилцсөн, ойлголцсон учраас шигшүүрдээд унах нь унаж, дэмжигдэх нь дэмжигдсэн тэр хувилбараа ард түмэндээ өгөх хэрэгтэй. Бид ярьж, хэлэлцэж энэ саналыг гаргаж ирлээ, ард түмэн та бүхэн дэмжих үү гээд л асуучих хэрэгтэй. Үүний дараа ард түмэн тэдэн хувиар дэмжиж, энэ саналыг унагасан учраас гээд дараагийн хэлэлцүүлгээ хийгээд явах ёстой.
-Ард нийтийн санал асуулгыг бүлэг албан ёсоор дэмжиж, байр сууриа нэгтгэсэн юм уу?
-Одоо чуулганы хуралдаан дээр ярьж, санал хураана. Олонх нь ард түмнээр хэлэлцүүлэе гэсэн саналтай байгаа. Гэхдээ энэ бол олонхоороо шийдээд явна. -Үндсэн хууль батлуулж байсан, өөрчлөлт хийж байсан хүмүүс нь ард нийтээсээ асуугаагүй, санал нэгтэй шийдээгүй учраас ард түмнээсээ асуугаагүйн гор нь өнөөдөр ч шүүмжлүүлээд, доромжлуулаад хэл ам болдог учраас анх төсөл өргөн барихад, хэлэлцүүлэг эхлэхэд ч би хэлж байсан ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэдгэ илэрхийлсэн. Хоёрдугаар хэлэлцүүлгийг Ерөнхийлөгч, МАН, Ардчилсан намын санал байх нь хамаагүй, бүгдийг нь зөвшилцөж, саналаа хураагаад явах ёстой. Гишүүд Ерөнхийлөгчийн саналыг МАН унагаасан, Ардчилсан нам МАН-ыг бойкотлох бус Монголын, ард түмний эрх ашиг гэдэг үүднээс саналаа өгөөд явах ёстой юм.
-Та түрүүн хэлсэн, бидний шударга ёсны тэмцэл үргэлжилж байгаа гэж. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулахад, өмнөх Засгийн газрыг огцруулахад та оролцсон хүний нэг. Гэтэл сүүлийн үед таныг одоогийн Засгийн газрыг унагахаар Б.Чойжилсүрэн гишүүнтэй хамт санхүүжүүлж байна гэх яриа гарах боллоо?
-Би Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр хатуу байр суурьтай байгаа. Тиймээс сүүлийн үед над руу дайралтууд явуулж эхэлсэн. Энэ Засгийн газрыг би үхэн үхтлээ хамгаална. Монгол Улсад шударга ёс тогтоох ганц итгэл найдварын оч бол У.Хүрэлсүхийн Засгийн газар. Харин боломж гарвал энэ Засгийн газрыг огцруулахгүйн төлөө боломжоороо санхүүжүүлэхэд бэлэн.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ