Хандгайт зуслангийн орчимд малаа бэлчээн амьдардаг 12 айлд ногоон бүсээс нүүх сануулга хүргүүлжээ. Уг нь зуслангийн ногоон бүсэд мал оруулахгүй байхаар зохицуулсан байдаг. Гэвч зуны цагт малчид сүү, тараг, махаа борлуулахад ойр хэмээн зуслангийн ногоон бүсэд буух тохиолдол гардаг байна.
Зуслангийн ногоон бүсэд ихэнхдээ Сэлэнгэ аймгийн Мандал, Зүүнхараа сум, Төв аймгийн малчин айлууд нүүж ирдэг аж. Тэдний хувьд хөдөө нутаглахаар зуны цагт сүү, цагаан идээгээ борлуулахад хүндрэлтэй байдаг гэх тайлбарыг хэлдэг.
Ямартай ч нийслэлийн захиргаанаас эдгээр өрхүүдэд зуслангийн ногоон бүсээс яаралтай нүүх үүрэг өгсөн байна. Заасан хугацаанд нүүгээгүй тохиолдолд албадан нүүлгэх арга хэмжээ авдаг юм.
Б.ЗАЯА