Мартагдсан "Цуутын цагаагч гүү" амилав

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

Мартагдсан "Цуутын цагаагч гүү" амилав

Мартагдсан "Цуутын цагаагч гүү" амилав

"Цуутын цагаагч гүү цолмон цоохор унага,  далан хоёр ижилтэй, дархан хул азаргатай юмсанжээ"… Үлгэр ингэж эхэлдгийг хүн бүр андахгүй. Үйл явдал нь хэрхэн өрнөдгийг өгүүлэх нь илүүц биз. Эх, хүү хоёрын элбэрэл хайр, элэг эмтрэм эмгэнэлт түүхийг багадаа сонсч өсөөгүй монгол хүн үгүй. Бидний эмээ өвөө ч бас энэ л үлгэрийг хүүхэд ахуйдаа тулга тойрон сонсч үр хойч бидэндээ ярьж өгдөг байжээ.


            УСТАЖ БУЙ ӨВ СОЁЛ, МӨХӨЖ БАЙГАА ЭХ ХЭЛИЙГ ШИЛЭН ДЭЛГЭЦЭЭР ДАМЖУУЛАН АЛЬФА ҮЕИЙНХЭНД ДАМЖУУЛАН ҮЛДЭЭНЭ

Өнөөдөр  техник технологи хөгжихийн хэрээр эмээ өвөөгөөсөө үлгэр сонсдог түүхгүйгээр цэнхэр дэлгэц, ухаалаг утастай найзалсан ямар ч дурсамжгүй бага насаа бяцхан үрс маань үдэх нь. Үлгэр сонсч, зурагт хуудастай ном унших биш цэнхэр дэлгэц, ухаалаг утастай найзлах болсон нь  тэдний буруу биш. Мэдээлэл, технологийн эрин XXI зуунд төрсөн тэднийг өнөөдөр шилэн дэлгэцийн хүүхдүүд гэж нэрийдэх болжээ. Судлаачид 2010-2025 оны хооронд төрөх хүүхдүүдийг миллениал болон Z үеийн дараагийн шат болох Альфа үеийнхэн (iGeneration) хэмээн нэрлэж буй. Тэд мэндэлсэн өдрөөсөө эхлэн ухаалаг гар утас, IPad, аппликэйшн ашиглаж, технологитой цуг өсөн торних бөгөөд үүнгүйгээр амьдралаа төсөөлж ч чадахгүй тийм л үеийнхэн юм. Хэдийгээр ийм ч гэлээ технологийн хөгжлийн нөлөөгөөр дэлгэцийн донтолтоос үүдэлтэй мэдрэлийн ядаргаа, сэтгэцэд өөрчлөлт гарахаас эхлэн уламжлалт ёс заншил, ахуй соёлоосоо холдож төрөлх эх хэл мөхөх хэмжээнд яригдах томоохон асуудал дагуулж буй нь анхаарал татахуйц болжээ.

Ирээдүйн хойч үе болсон бяцхан үрс минь  ухаалаг утас, цэнхэр дэлгэцээр гаднын орнуудын хүүхэлдэйн кино, үлгэрт шимтэх болсныг тоохгүй өнгөрч болохгүй нь. Тиймээс мартаж боломгүй яруу тансаг монгол хэл, уламжлалт ёс заншил ахуй соёлоо тэдний сонирхолд нийцсэн анимейшн киногоор дамжуулан түгээх нь өнөөдөр хамгийн зөв арга болжээ.

ЦУУТЫН ЦАГААГЧ ГҮҮ ЦОЛМОН ЦООХОР УНАГАТАЙГАА АМИЛСАН ТҮҮХ 

Бидний сэтгэлд хоногшиж үлдсэн Цуутын цагаагч гүү цолмон цоохор унагатайгаа амилжээ. Mifox анимейшн студийн авьяаслаг хамт олон өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, чимээгүйхэн мөхөж буй төрөлх эх хэлээ яруу тансаг байдлаар нь хүүхэд багачууд ирээдүйн залууст  уламжлуулан үлдээх зорилгоор альфа үеийнхний сонирхолд нийцүүлж цуутын цагаагч гүү үлгэрийг цэнхэр дэлгэцэд мөнхөлсөн байх юм. Mifox анимейшн студийн найруулагч Б.Ундрам “Манай студи өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас эхлэн “Шидэт авдар” төслийг хэрэгжүүлж байна. Төслийг СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн дэмжлэгтэйгээр санаачлан эхлүүлсэн. Одоогоор гурав дахь анимейшн кино бэлэн болоод байна. Бид монгол ардын “Өвгөн бар хоёр”, “Цуутын цагаагч гүү”, “Цагаан дарь эхийн домог” үлгэрээр анимэ кино бүтээсэн нь өв соёлоо хүүхэд багачууд, залууст  сурталчлан таниулах зорилготой. Тэр дундаа альфа үеийн хүүхдүүд гаднын контент үзэж хүмүүжих нь түгээмэл байна. Үүнээс болж монгол хэл мөхөх, төрөлх хэлээрээ ярьж чадахгүй англиар ярьдаг болох, монгол ахуйгаасаа холдох зэрэг олон асуудал үүсч байгааг та бүхэн мэднэ. Тиймээс энэ үеийнхэнд зориулж сонирхолд нь нийцсэн шинэ контентоор дамжуулан монгол ахуй соёлыг танин мэдүүлэх яруу тансаг эх хэлээ авч үлдэх үндэсний контентыг бий болгосон нь энэ юм” гэлээ.

Аниматорууд монгол ардын үлгэрээр  анимейшн кино бүтээсэн нь үлгэрийн уран зохиолын хэл найруулга, яруу тансаг үг хэллэгийг уран сайхны хийсвэр дүрслэлтэй хослуулан ашигласан нь хүүхэд багачууд эх хэлээрээ ярьдаг байх, мөхөөхгүй авч үлдэх зорилготой аж. Цуутын цагаагч гүү үеийн үед өнөөг хүртэл өртөөчлөхдөө бяцхан үрсийн унших дуртай зурагт ном болж бас сонсдог хэлбэрээр хүрч цаашлаад дэлгэцэд амилж буй нь энэ юм. Технологийн дэвшлийг ашиглан цуутын цагаагч гүүг амьдруулахад авьяаслаг залуус дөрвөн сар гаруй хугацааг зарцуулжээ. Найман минут орчим үргэлжлэх цуутын цагаагч гүү анимейшн есдүгээр сард хүүхэд багачуудын нүдийг баясгаж, сонорыг мялаана.

ЦУУТЫН ЦАГААГЧ ГҮҮ ХЭМЭЭХ ҮЛГЭРИЙН ЭХ ХУВИЛБАР НЬ ХААНА БАЙНА?

Ард түмний сэтгэлд хоногшсон цуутын цагаагч гүү хэмээх үлгэрийн кино бүтэхээс өмнө олон хувилбараар хүүхэд багачуудын гарт зурагт ном болон очиж байсан. Энэхүү үлгэрийн эх хувилбар хаана хадгалагдаж буй нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ Хүүхдийн төв номын санд анхны хувилбаруудын нэг гэх 2000 онд “Субашид” хэвлэлийн газарт 60×84 хэмжээтэйгээр 2000 ширхэг хэвлэгдэн уншигчдын гарт хүрч байсан “Цуутын цагаагч гүү” үлгэрийг дор сийрүүллээ.

                              ЦУУТЫН ЦАГААГЧ ГҮҮ  /2000 ОН /

Цуутын цагаагч гүү цуурай цагаан /цолмон/ унагатай, далан хоёр ижилтэй, дархан хул азаргатай юмсанжээ. Тэр нутагт ган болж, газарт ногоо гарсангүй гэнэ. Тэгэхэд нь цуутын цагаагч гүү далан хоёр ижил, дархан хул азаргандаа хэлээд нутгаасаа гарч гурван жилийн газар ногоо хөөж явж гэнэ. Гэтэл ногоо их гарсан нэгэн сайхан нутаг дайралдаж гэнэ. Тэнд нутаглаж, усны сайхныг ууж, өвсний сайхныг идэж, хужрын сайныг долоож байж гэнэ.

Нэгэн өдөр цуутын цагаагч гүү далан хоёр ижил дархан хул азаргатайгаа голын хөвөөн дээр тоглож байж гэнэ. Тэгсэн чинь тэр голын хөвөөн дээр галууны долоон өндөг байжээ. Тоглож наргиж яваад тэр долоон өндгийг хага гишгэж орхижээ. Тэр даруй цуутын цагаагч гүү далан хоёр ижил, дархан хул азаргандаа “Одоо явцгаая, одоо бид ингэж хүний нутагт явж байгаад, шувууны долоон өндгийг алж дайсан болоод энд нутаглаж яаж болох вэ? Одоо орон нутагтаа буцъя. Шувууны цэрэг ирж биднийг өглөөний нарнаар дайсагнан алах гэж байна” гэжээ. Тэгтэл далан хоёр ижил сүрэг үгэнд  нь орсонгүй. Маргааш өглөө нь үнэхээр шувууны цэрэг буцлан ирж далан хоёр ижил, дархан хул азаргатай нь /нум сумаар/ тоншиж алаад дуусчээ. Ганцхан цуутын цагаагч гүү цуурай унагатайгаа хоцорч гэнэ. Тэгтэл энэ хоёрыг алах гээд шувууны цэрэг бүслээд байж гэнэ. Тэгтэл сум нь дуусч нэг талаас нь довтолдог болж гэнэ.  Цуутын цагаагч гүүний хойт талаас нь харван довтлоход унагаа урдаа авч хамгаалж, өмнө талаас нь довтлоход нь хойт талдаа унагаа авч хамгаалав гэнэ. Газрын доод талаас довтлон дайрахад унагаа дээд талдаа, дээд талаас нь дайрахад унагаа доод талдаа авч хамгаалав гэнэ. Тэгсээр байтал шувууны цэрэг сумаа дуусаад алах горьдол тасраад цөхрөөд буцжээ. Цуутын цагаагч гүү ингэж амьд мэнд гараад “За үр минь, долоо орон нутагтаа буцъя” гээд гурван жилийн цаана байгаа нутагтаа жилийн газрыг сараар, сарын газрын өдрөөр товчоод буцаж гэнэ. Буцаж явтал унага ээжээсээ “Ээжээ таны биед энэ арайсан сэрийсэн чинь юу вэ?” гэж гэнэ.

Эх нь “Аа хүү минь, Харганатын даваагаар давахад харгана бударгана наалдаа биз дээ” гэж гэнэ. Унага бас асуув. “Ээжээ ээжээ, таны биеэс огил сэгэл улаан юм гараад байна. Тэр чинь юу вэ?” гэж гэнэ. Эх нь “Хүү минь Зостын даваагаар давахад зос наалдаа биз дээ” гэж гэнэ. Унага бас асууж “Ээжээ дөмөр дөмөр алхдаг хөл чинь юунд солбиж гуйваад байна?” гэжээ. Эх нь “Хүү минь, газрын хол усны уртаас яваад ядраа биз дээ” гэж хариулж гэнэ. Ингэж явсаар нутагтаа ороод иржээ. Цуутын цагаагч гүү унагаа нутагтаа хүргэж ирээд шархны халуунаас болж нас нөгчих болжээ. Нас нөгчихдөө унагандаа гэрээс үг захисан нь:

-Хүү минь, ар газар битгий унтаж яваарай, шуурга их, чоно ирээд байдаг юм шүү. Өвөр газар унтаж яваарай, нөмөр байдаг юм шүү. Айлын үүдээр битгий яваарай, хүүхэд нохой нь явуулдаггүй юм шүү.Араар нь гарч яваарай, амьтан хүнд үзэгдэхгүй гардаг юм шүү. Эрүүл газар унтаж яваарай.Ижилтэйгээ явахдаа адууны захад гарч яваарай. Усанд орж ус уухдаа түрүүнд орж яваарай. Адууны сүүлд орвол адууны эзэн зодож цохиод болдоггүй юм шүү. Дунд битгий ороорой, дайрч өшиглөж алчих гээд байдаг юм шүү. За хүү минь ээжийнхээ шарил дээр гурван жил болоод ирээрэй гэжээ.

Цуурай цагаан унага ээжийнхээ үгэнд оролгүй ар газар унтвал шуурга их, чоно идчих гээд байж гэнэ. Иймд бөн бөн уйлаад бөжир бөжир жороолоод “Ээжийн минь хэлсэн үг яасан сайхан үнэн үг вэ” гээд өвөр газар унтдаг болов. Тэгтэл нам сайхан унтав. Тэгээд ээжийнхээ үгэнд оролгүй айлын үүдээр гарвал хүүхэд нохой нь явуулдаггүй гэнэ. Иймд бөн бөн уйлаад бөжир бөжир жороолоод “Ээжийн минь хэлсэн үг яасан сайхан үнэн үг вэ” гээд араар нь гарч явбал нам сайхан гарч явж гэнэ. Ижлийнхээ өмнө гарч ус ууж гэнэ. Усны тунгалгийг ууж гэнэ. Адууны сүүлд орвол адууны эзэн адууны эзэн зодож цохиод усны булингартайг ууж гэнэ. “Ээжийн минь хэлсэн үг яасан сайхан үнэн үг вэ” гээд  толгойгоороо тоглоод тоосноосоо бусгасаар явжээ. Гурван жил бололгүй ээжийнхээ шарил дээр очсон чинь сэвс гүзээ /яс, үс / хоёр л байж гэнэ. Гурван жил болоод ээж дээрээ очтол бал бурам хоёр ургачихсан байж гэнэ. Түүнийг нь идээд толгойгоороо тоглоод тоосноосоо бусгасаар явж байтал Эрийн сайн эрхий мэргэн хүү гэдэгтэй тааралдаж гэнэ. Тэр хүү мориноос “Чи миний морь мөн үү” гэж асууж гэнэ. Унага хүүгээс “Чи миний эзэн мөн үү”  гэж асууж  гэнэ. Эрхий мэргэн хүү “Мөн” гэв. “Миний эзэн мөн бол намайг барьж ав” гэж унага хэлжээ. Тэрхүү түүнийг мөнгөн хазаараар хазаарлаж, мөнгөн эмээлээр эмээллэв.Унага “За чамайг миний эзэн мөн биш хоёрыг мэдэхийн тулд уулыг тал болтол, талыг там болтол бухъя. Хэрэв чи тогтвол миний эзэн мөн бөгөөд сайн эр гэж мэдье. Тогтохгүй бол чи миний эзэн биш, би чиний морь биш” гээд уулыг тал болтол, талыг там болтол бухсанд Эрхий мэргэн хүү тогтож чадав. Ингээд үнэхээр эзэн нь морио мэдэж, морь нь эзнээ танив гэнэ. Тэгээд эзэн морь хоёулаа болж амар сайхан жаргаж гэнэ.

МОНГОЛ АРДЫН ҮЛГЭР МООДНООС ГАРЧЭЭ 

Эхийг хүүгээс нь, хүүг эхээс нь хагацуулж буй хатуу тавилан, өшөө хорслын хоосон шинж чанар, амьтан ургамал байгаль дэлхийгээ хайрлах амьдралыг хөнгөн хэлбэрээр хүүрнэсэн “Цуутын цагаагч гүү” хэмээх үлгэрийг 2000, 2007, 2013, 2014, 2017 онд тус тус өөр өөрийн өнгө төрх, хэлбэр хэмжээтэйгээр хэвлэж байжээ. Уг үлгэрийг шинэчлэн хэвлэхдээ хэмжээ хийц загварыг нь илүүд онцлох тусам уран зохиолын утга найруулга үг хэллэг нь алдагдаж товч бөгөөд хүүрнэл яриа хэлбэртэй болсон байх юм.

Орчин цагт хүүхдийн үлгэрийн ном хэлбэр хэмжээ, хийц загвар, зургаас цаашгүй үлгэр дууриалал үзүүлэх юмгүй болсон гэх эцэг эхийн шүүмж тасардаггүй. Харин уран бүтээлчид хүүхэд багачуудынхаа сонирхлыг мэдэрч Цуутын цагаач гүү шиг ардын үлгэрээ кино болгоосой. Үлгэр гэдэг зөвхөн зурагт хуудас биш монголоороо үлдэх оюун санааны асар том ухагдахуун  юм. Нөгөө талаас эцэг эхчүүд ч бас хүүхдэдээ гаднын зохиол бүтээлээс илүү Монгол ардын үлгэрээ уншиж өгч бас уншуулж байх нь чухал гэдгийг энд онцолъё. Учир нь сүүлийн үед номын сангаар үйлчлүүлж буй хүүхэд багачууд хуучны монгол ардын үлгэрээ тоохоо больсныг номын сангаас бэлхнээ харж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж