Б.Жаргалсайхан: Арьсаа хууртал татвар төллөө

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Б.Жаргалсайхан: Арьсаа хууртал татвар төллөө

Б.Жаргалсайхан: Арьсаа хууртал татвар төллөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өнөөдөр /2019.08.27/ МҮХАҮТ-ын “Их танхим”-д уулзаж, тэдэнд тулгараад байгаа асуудлыг сонсон, салбарын сайд нарын хамтаар асуултад хариулж, санал солилцлоо.

МҮХАҮТ-аас санаачлан зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 250 гаруй аж ахуйн нэгж, бизнесийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, дуу хоолойгоо илэрхийлсэн юм.

Бизнес уулзалтыг нээж МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын зүгээс эдийн засгийн гол ачааг үүрэлцдэг аж ахуй нэгжүүдтэйгээ уулзаж байгаад талархал илэрхийлээд, өнөөдөр энэ танхимд цугласан 250 гаруй аж ахуйн нэгжийн Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг тоймлон дурдлаа.

Тухайлбал эдгээр компаниудын жилийн нийт борлуулалтын орлого 14.6 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 45 хувь, төлсөн татварын хэмжээ нь 2.9 их наяд буюу татварын нийт орлогын 35 хувийг тус тус эзэлж байна. Түүнчлэн 2018 оны Бизнесийн итгэлийн судалгаагаар бизнес эрхлэгчдийн бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүлээлт өндөр дүнтэй гарсан. Бизнес итгэлийн ерөнхий индекс 2018 онд 0.47 гарсан нь 2012 оноос хойших 6 жилийн хугацаанд гарч байгаа анхны эерэг үзүүлэлт болж байна.

Мөн энэ судалгаагаар 2018 онд бизнесийн орчны тулгамдсан асуудлаар “Зээлийн хүү өндөр, хугацаа богино”, “Бодлогын тогтворгүй байдал” гэсэн хоёр асуудлыг бизнес эрхлэгчид нэрлэснийг дурдаад бизнесийн орчныг сайжруулж, аливаа асуудлыг шийдэхэд төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцол, зөвлөлдөх механизм чухал болохыг онцлов.

Харин Ерөнхий сайд Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар мэдээлэл өгөх үеэрээ Засгийн газар 2018, 2019 онд улсын нэгдсэн төсөвт тодотгол хийгээгүй, гадаад валютын нөөц 4,1 тэрбум ам долларт хүрч, гадаад худалдааны эргэлт 8,1 тэрбум ам долларт хүрсэн, олон улсын тавцанд зээлжих зэрэглэл ахисан зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсныг онцоллоо. Мөн хууль ёсоор бизнес хийж, татвар төлж баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчдээ заавал дэмжих байр суурь баримталж ажиллана.  Бизнес эрхлэгчдэд олон бэрхшээл тулгардагийг  ойлгож байгаа, гэхдээ ажлаа бүтээхийн төлөө хэн нэгэнд авлига бүү өг, авлига нэхэж буй тэр хүмүүсийг шууд зарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд нэрлэ. Авлигатай зөвхөн хууль, шүүхийн хүрээнд төдийгүй, олон нийтээрээ тэмцэж байж үр дүнд хүрч шударга ёсыг нийгэмд тогтооно гэдгээ мэдэгдэв.

Бизнес эрхлэгчид ноос ноолуурын салбар хамгийн их ажлын байр бий болгодог хэрнээ төрийн дэмжлэг дутуу, татвар өндөр байгаа, махны экспортыг зөв зохион байгуулах хэрэгтэй байгаа, мэргэжлийн хяналтын байгууллагууд хүнд сурталтай байгаа, мөн уул уурхайн салбарт лиценз хураах нэрийдлээр хууль ёсоор хариуцлагатай ажиллаж байгаа компаниудыг хохироож байгаа талаар санал шүүмж өрнүүлэв.

Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Уул уурхайн лицензийг олноор нь хураасан гэх асуудалд зарим нэг хариуцлагатай компани багтсан байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ тийм бол эргэж харж болно. Уул уурхайн баялгийг хууль бусаар ухаж, хууль бусаар хөлжсөн, ингээд ч зогсохгүй төрийн эрх мэдэл бүхий байгууллагад үр хүүхдээ хүртэл шургуулсан нөхдүүдтэй хатуу тэмцэх болно.

Сүүлийн үед уул уурхайн салбарт гаргаж байгаа шийдвэрүүд нь бизнесийн орчинд  ургасан хог шарилжаа зулгааж байгаа асуудал болохоос биш зүлэгээ устгаж байгаа явдал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Улс төр, бизнесийн хүрээнд сүлжээ үүсгэн хууль бус монофоль эрх тогтоож байгаа асуудалтай хатуу тэмцэж, таслан зогсоохын төлөө ажиллана гэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн  сайд Д.Сумъяабазар: Монгол Улсад хайгуул хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Ирээдүйд ямар нөөц баялгаа үр хойчдоо үлдээх вэ гэдгээ маш тодорхой болгох ёстой. Хайгуул, ашиглалт гэдэг бол хоёр өөр асуудал. Ашиглалтын тусгай зөвшөөрөл гэдэг нь үйл ажиллагаа явуулна. Хайгуулын тусгай зөвшөөрөл бол хайгуулыг тухайн баялгийн нөөцийг тогтоогоод улсын санд бүртгүүлж байгаа юм. Тэгэхээр аж ахуй нэгжүүд минь хариуцлагатай ажиллаарай. Яам алт, нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа валютын эх үүсвэр экспортын орлогыг нэмэгдүүлж байгааг нь бүрэн дүүрэн дэмжиж ажиллана. Өнөөдөр цэцэрлэг сургууль хэрэгтэй байна. Улаанбаатарын утааны асуудлыг шийдмээр байна. Зам дэд бүтцийн ажлыг шийдмээр байна. Энд та бүхний хариуцлагатай оролцоо хэрэгтэй байгааг Ерөнхий сайдын өмнө хэлмээр байна.

Тавантолгойн IPO дээр бид хугацаа их алдсан. Тавантолгойн орд дээр тухайн ордны нийт 8 тусгай зөвшөөрлийнхөө 30 хувийг гаргах уу? олон улсын түвшинд  үйл ажиллагааны хүрээнд стандарт номын шаардлага нийцээд нийт тусгай зөвшөөрлийнхөө 100 хувийн 30 хувийг гаргах уу? гэдгээр Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдтай олон удаа ярилцсан. Бид IPO-г ирэх оны хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд гаргахаар тооцож байна гэсэн юм.

Тэгвэл “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан: Мал маллаж байгаа нь иргэд, Ч.Улаан сайдад нэг ишиг ч байхгүй.  Та мах бэлдэхгүй бол Ч.Улаан сайдаа чихээ тасдаарай гээд үүрэг өгч байна лээ.  Ч.Улаан сайд хаана, хэний малыг авч мах бэлдэх  юм. Улаан сайдад үнэгүй малаа өгөх малчин байхгүй.

Бид 27 жил арьсаа хууртал татвар төллөө. Гэтэл малчид найр хийж, өөх идээд, бөх барилдаад талаар нэг давхиад байдаг.  Сүү, мах, ноос, ноолуураас татвар авдаг болъё. Малчин, тариачин, багш, сэхээтэн бүгд нэг хуульд захирагдаж, татвараа бүгд төлье. Татварын нэг орчинд амьдардаг болъё.  Энэ Засгийн газар ажил хэрэгч хүмүүстэйгээ хамтарч нийгэмд тулгамдаж байгаа асуудлаа шийдвэл үнэнд ойртоно. Буцаад ямар коммунизм байгуулалтай биш.

Банк санхүү дараагийн санаа зовоодог асуудлын нэг болсон. Ихэнх банк нэг эзэнтэй, яаралтай цэгцэлж олон нийтийн болгомоор байна.  Эзэн нь таван хувиас дээш эзэмшиж болохгүй. Бусдыг нь гадаад дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргаж, төр хүртэл хувьцаа эзэмших хэрэгтэй. Тэгэхгүй бол системийн гээд нэр зүүчихсэн, энэ улсын хамаг гадаад, дотоод тусламжийг банкаар дамжуулаад хувьдаа авчихсан. 27 жил шуллаа шүү дээ. Банк санхүүгийн асуудалд сэлэм, жадаа бариад яаралтай ормоор байна.

Хятадууд Монголын бүх мөнгийг барьж байна. Ноолуур, арьс шир, махны бодлогыг тэд л барьж байна. Тагнуул,  цагдаагаа хөдөлгө. Бизнес уулзалтыг улирал тутамд хийдэг болмоор байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, худалдааг  дэмжих зэрэг тодорхой салбарт бизнес эрхлэгчид, бизнесийн чиглэлээр ажилладаг ТББ-уудын саналуудыг нэгтгэснээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулан, цаг алдалгүй мөрөөр нь ажиллаж бодитой шийдвэр гаргахад хамтарч ажиллахыг хүслээ.

Бизнес уулзалтад  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан болон зарим агентлагийн дарга нар байлцлаа.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж