Монголд мөрөөдөлтэйгөө түгжигдсэн африк хөлбөмбөгч

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Монголд мөрөөдөлтэйгөө түгжигдсэн африк хөлбөмбөгч

Монголд мөрөөдөлтэйгөө түгжигдсэн африк хөлбөмбөгч

Та бүхэнд "Al Jazeera" агентлагийн онцолсон, дэлхийн том клубт тоглох мөрөөдөлтэй африк хөлбөмбөгчин залуу зальтай хүмүүсийн уршгаар Монголд ирээд хэрхэн хүнд байдалд ороод байгаа талаарх нийтлэлийг орчуулан хүргэе. Зөвхөн Монголд ч гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрт түүнтэй ижил байдалд орсон мянга мянган африк залуу байдаг аж.

Мошоод Афолаби өдгөө 24 настай, Нигерээс ирсэн чадварлаг хөлбөмбөгч залуу өдгөө Улаанбаатар хотод амьдарч байна. Хууль бусаар амьдардаг учир барилгын ажил хийж амиа зогоодог байсан ч ажлаасаа халагджээ.

Хөлбөмбөгийн карьер хөөж, өнгөрсөн оны тавдугаар сард Монголд ирсэн байна. Түүний агент гэх эр түүнийг Монголд авчирчээ. Тэрбээр Монголд ирээд “Khovd Western FC” багт холбогчоор тоглох болжээ. Ийнхүү Европын том клубуудэд тоглох мөрөөдөлтэй нигер залуу Зүүн Азийн орныг Европ руу гарах гүүр болно гэж итгэсэн байна.

“Би Монголд ирэх тухай бодож байгаагүй. Учир нь Их Британи ч юм уу, Европын аль нэг орон руу явахыг хүсч байсан. Намайг энд авчирсан агент маань Нигерт манай гэрийн ойролцоо амьдардаг байсан. Би бараг жил хагас хашааных нь өвсийг хадах, хоол хүнс цуглуулах, машиныг нь угаах зэрэг түүний ойр зуурын ажилд тусалсан. Намайг сайн багт оруулж чадна гэж итгэсэн учраас л тэр. Эхлээд Мозамбикийн шигшээ багт намайг оруулах гэж үзсэн ч тэр нь бүтэлгүйтчихлээ гээд тэр надад замын зардал гэж 1,600 доллар өгөөд, Монголд очиж тоглохыг ятгаад явуулсан. Миний визний хугацаа энд ирээд сарын дараа дууссан. Агент маань уг нь миний визийг сунгуулна гэж хэлж байсан. Гэтэл түүний амласан бүхнээс нэг нь ч биелээгүй. Энд би визгүй учир ямар ч ажил хийх боломжгүй. Хөлбөмбөгийн карьерийн тухайд зүгээр л дасгал сургуулилт хийж байгаад гэр рүүгээ буцахаас өөр сонголт байхгүй” хэмээн Афолаби ярьжээ.

Мөн тэр Монголд сард ердөө 200 ам.долларын цалин авдаг, тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй талаараа дурдсан байна. “Тухайн үед клубын эзэнтэй уулзахад надад гэрээ гээд монголоор бичсэн цаас авчирсан. Тэгээд би агентаасаа яагаад ганцхан монголоор бичсэн байгаа юм бэ гэж асуухад “Монголчууд англи хэл мэдэхгүй болохоор өөр аргагүй” гэж хариулсан. Түүний хэлснээр гэрээн дээр давхар ажил хийгээд нэмэлт орлоготой болох боломжтой гэж заасан байгаа гэсэн. Гэтэл тэр нэмэлт орлого олно гээд байгаа ажил нь байрлаж байгаа орон нутгийнхаа жижиг ресторанд аяга таваг угаах ажил байсан. Тэр ажил бас түүний байрлаж байсан байр нь тэр жилийнхээ наймдугаар сард гэрээний хугацаа дууссанаар хамт дуусгавар болсон” хэмээн ярьсан байна.

Халаасандаа дөнгөж 150 ам.доллартай үлдсэн нигер залуу эх орон руугаа буцахаар шийдэж, нөгөө агенттайгаа холбогдох гэсэн боловч түүнийг бүхий л цахим сүлжээндээ блоклоод, ор сураггүй алба болсон байжээ. Тэр хоёрыг зөвхөн цахим сүлжээ л холбож байсан учир ийнхүү найдлага тасарсан байна.

Шүүгч байж байгаад агент болсон Абделрахман Курдиех яг дээрх шиг зарим агентууд тамирчдад үлгэр ярьж, тэдний мөнгийг залилан алга болж, өнөөх тамирчид нь мөрөөдөл ч үгүй, ажил ч үгүй хүний нутагт үлдсэн олон жишээ сонсож байснаа ярив.

Зургаан жилийн өмнө тэр яг Афолаби шиг зальтай этгээдүүдийн золиос болсон африк тамирчдаас бүрдсэн “Al Nisr FC” клубээ нээж байжээ. Түүнийхээр бол энэ бүхний гол буруутан нь тэдгээр тамирчид боловсролгүйнх гэв. Хуурамч агентууд зүгээр л тэдний толгойг эргүүлчихдэг. Тэд банкнаас зээл авч өгнө, тэнд очихоор чинь газар авч өгнө, бизнес эхлүүлнэ гэх мэтээр чихэн дээр нь цэцэг ургуулдаг. Тэд ийм луйвар хийхдээ бүр мэргэшсэн. Энд тэндэхийн клубуудын нэр логог яг л жинхэнэ мэт дуурайлган хийгээд, хуурамч урилга хэвлүүлж аваад, хөлбөмбөгчдийн гэрийнхнийг сэнхрүүлж, тэдэнд өнөөхөө хуурамч урилгаа зараад, хүүг нь мундаг багт оруулж өгнө гээд залилдаг байна.

Афолаби Монголын гурван ч клубт тоглохыг хүссэн хүсэлтээ илгээсэн аж. Харамсалтай нь тэр визгүй учир боломжгүй гэсэн хариу авчээ. Бүр Монголын Хөлбөмбөгийн холбоонд хүртэл өргөдөл гаргасан боловч ямар ч нэмэр болоогүй байна. Монголд Нигерийн Элчин сайдын яам гэж байхгүй учир өнгөрсөн сар тэр Улаанбаатар дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар хандсан ч түүнийг эхлээд Гадаадын иргэн харьяатын газар очиж уулз гэж хэлжээ. Харин тэр баривчлагдахаас айгаад очиж чадахгүй байгаа аж. Монголын хууль дүрмийн дагуу аяллын визний хугацааг хэтрүүлбэл нэг өдрийн 2 ам.доллараар тооцож торгууль төлдөг байна. Тэгэхээр Афолаби одоо аль хэдийнэ 1000 ам.долларын төлбөрт унаад байгаа гэсэн үг юм.

Энэ мэтээр дэлхий даяар түүн шиг залилуулаад, ямар нэг улсад түгжигдчихээд байгаа африк хөлбөмбөгчдийн тоо хэдэн мянгаар тоологдох болжээ. 2017 оны байдлаар зөвхөн Непал улсад л гэхэд ингэж хохирсон 100 африк тамирчин байсан аж. Британийн статистик мэдээгээр, жил бүр 15,000 тамирчин Европын орнууд руу дээрх шиг байдлаар орж ирдэг гэжээ.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар ихэвчлэн буурай орны гадагшаа явах гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдсөн залуус ямар ч албан ёсны бүртгэлгүй агент гэх нэр зүүсэн хүмүүсийн хохирогч болдог байна. Тэдэнд энэ талын мэдлэг дутмаг, хуулийн зөвлөгөө өгөх хүн байхгүйн улмаас энэ мэтээр хохирч үлддэг ажээ.

Эх сурвалж: AL JAZEERA

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж