Г.Мөнхцэцэг: Бичил уурхайг хаавал 12 мянган хүн ажилгүй болно

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Г.Мөнхцэцэг: Бичил уурхайг хаавал 12 мянган хүн ажилгүй болно

Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоо”-ноос уул уурхайн асуудлаар гаргаж буй Засгийн газрын бодлого шийдвэртэй  холбогдуулан өнөөдөр /2019.08.27/ мэдээлэл хийлээ.

“Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоо”-ны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг “Засгийн газрын наймдугаар сарын 21-ний өдрийн хуралдааны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаярын мэдээлснээр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг цуцлах асуудлыг Засгийн газрын дараагийн хурлаар хэлэлцэнэ гэсэн. Хэрэв уг журмыг цуцлах шийдвэр гаргавал Монгол Улсын хэмжээнд бичил уурхайг албан ёсоор, хууль, журмын хүрээнд эрхлэх боломжгүй болж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж эхлээд буй иргэдээ хууль бус үйлдэлд түлхэх, эмх замбараагүй олголт явуулах зэрэг албажин зохион байгуулалтад орсон бичил уурхайчид задрах олон сөрөг асуудал үүсэхээр байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам бичил уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах гол бодлогын  бичиг баримт.

Одоогийн үйлчилж байгаа журам нь нийт дөрвөн удаа шинэчлэгдсэн. Энэ журмын томоохон зорилт нь орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх бодлого барьж ажиллах юм. Хэрэв дээрх журмыг цуцалвал хуулийн дагуу ажиллаж байгаа 12.000 гаруй бичил уурхайчин, тэдгээрийн ар гэрийн 60 орчим мянган хүн амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрнэ.

Бичил уурхай бол ард түмэн байгалийн баялгаасаа хүртэж буй хамгийн бодит хэлбэр бөгөөд тухайн орон нутгийн иргэд тэрхүү баялгаасаа өөрсдөө хууль журмын дагуу олборлон амьжиргаагаа залгуулж, ажлын байр нэмэгдүүлдэг юм. Өнөөдөр хувиараа ашигт малтмал олборлогчдын хууль бус үйлдлүүд, эмх замбараагүй байдал нь энэхүү журмын буруу зохицуулалтаас бус, хууль журмуудын хэрэгжилтийн шатны хангалтгүй зохион байгуулалт, гажуудлаас үүсэлтэй хэмээн бид үзэж байна. Төрийн зүгээс манай холбоотой хамтарч жоохон түлхэц өгөхөд л энэ салбарыг эмхлээд авах боломж байна. Төр бидэнтэй хамтарч ажиллах санамж бичиг байгуулах, хууль бус олборлолттой тэмцэхэд манайхаас мэдээлэл авч хамтран ажиллах боломж бий. Үүнийг төр засаг олж хараасай гэж хүсч байна.

Тус байгууллагын хэвлэлийн ажилтан Э.Оюунболд “Архангай аймагт 13 лиценз цуцлахад нийтдээ 8400 орчим га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байна. Гэтэл 600 гаруй нөхөрлөл 350 орчим га газарт л бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Ашигт малтмал газрын тосны газраас бичил уурхайгаар ашигт малтмал олборлож болох газрын дүгнэлтийг гаргахдаа 2500 орчим га газарт бичил уурхайн үйл ажиллагаа явуулж болно гэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар олборлолт хийж байгаа газар нь 350 орчим га газар юм” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж