Зайсангийн оршин суугчид Л.Гүндалайтай тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Зайсангийн оршин суугчид Л.Гүндалайтай тэмцэнэ

Зайсангийн аманд оршин суугчдын газрыг хууль бусаар ухаж буй асуудлаар “Монгол үндэсний хүний эрх иргэдийн хяналтын хороо” ТББ-аас өнөөдөр /2019.08.27/ мэдээлэл хийлээ.


Мэдээллийн эхэнд тус ТББ-ын тэргүүн Ш.Баярсайхан “Зайсанд газрын маргаантай асуудал их гарч байна. Газрын маргаанаас үүдэн хүний амь нас эрсдсэн асуудал бий. Өнөөдөр тайван амьдарч байсан иргэдийн газрыг хашаанд нь тулгаад ухсанаас болж хөрсний гулгалт үүсч, байшин нурахад бэлэн боллоо. Барилгын компаниуд иргэдтэй гэрээ хийлгүй дүрэм зөрчиж, тэнд хууль бусаар газар ухаж байна. Уг асуудлаар төрийн бүх байгууллагад хандсан боловч хариуцах, хяналт тавих хүн олдоогүй учраас энэхүү хурлыг хийж байгаа юм” гэв.

Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны иргэн Ш.Лхагвасүрэн “Энэ оны долдугаар сарын 30-ны шөнө унтаж байх хооронд манай хашааны гадна талд нүх ухсан. Ажилд явсан хойгуур хашааг тойруулаад 24 метр урт, таван метрийн гүнтэй нүх ухаж орц гарцыг хаалаа. Үүнээс болж хашааны нэг талд хөрсний гулгалт үүсээд нурчихсан. Одоо газар луу минь дайраад ороод ирчихлээ. Энэ бол хүний эрхийн маш том зөрчил.

Дээрх асуудлаар Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналт, Нийслэлийн мэргэжлийн хяналтад хандсан боловч хариу өгөлгүй сар гаруй хугацаа өнгөрлөө. Би өндөр настай хүн. Тэглээ гээд Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, оршин суух эрхийг минь зөрчиж болохгүй” гэлээ.

Иргэн Ц.Өнөржаргал “Зайсангийн аманд дураараа дургидаг газрын хууль бус сүлжээний бизнес хийдэг хүмүүст хандаж хэлмээр байна. УИХ-ын гишүүн байсан Л.Гүндалай Зайсангийн аманд “эзэн” суужээ. Л.Гандалай нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрийг барьж, нэг өдрийн дотор газрын долоон зөвшөөрөл авсан байх юм. Бүх зөвшөөрөл нь иргэн О.Одсүрэн гэж хүний нэр дээр гарсан байна лээ. Тэдгээр хүмүүс хэний ч хамаагүй газрыг дээрэмдэж явдаг. Амралтын өдөр, баяр ёслолын өдрөөр иргэдийн газар луу дайрдаг бүлэг этгээд байна. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтынхан шалгаж шийдвэрлээсэй. Хэн ч танихгүй хүн зөвшөөрөлгүй газар ухчихаад, 500 мянгаар торгуулаад өнгөрч болохгүй байх. Бид цаашид Л.Гүндалайтай тэмцэнэ” гэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж