Монголын хүүхдийн спортын зургадугаар наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар өнөөдөр /08.27/сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хүүхдийн спортын наадам энэ жил есдүгээр сарын 9-нөөс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох юм байна. Уг наадамд 21 аймаг, 9 дүүргийн 4500 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Энэ жилийн тухайд өвлийн хоёр, зуны 34 нийт 36 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд үндсэн 19, сонгох 5, паралимпийн 4, дифлимпийн 3, тусгай 3 төрлүүд орох аж.
Ирэх жил Монгол Улсад “Азийн хүүхдүүд 2020” Олон улсын наадам болох учраас энэ удаа уг наадмыг угтаж, тамирчдаа бэлтгэх, амжилт гаргах зорилготой юм байна. Биеийн тамир, спортын газрын спортын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.Баттулга мэдээлэхдээ “Энэ жилийн наадмын гол онцлог бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулах үүднээс 12 төрлийг нэмж оруулсан. Бид энэхүү наадмаар дамжуулан олон улсын наадам, олимп, тив дэлхийн тамирчдын залгамж халааг бэлтгэх юм” гэв.
Уг хүүхдийн спортын наадмыг шилдгүүдийг 6-7 номинациар шалгаруулах аж. Шилдэг тамирчин, дасгалжуулагч, хороод, баг, аймаг, дүүргийг тодруулан мөнгөн шагналаар урамшуулах юм байна. Наадмын нээлт есдүгээр сарын 10-ны 12:00 цагт Буянт-Ухаа цогцолборт эхэлж, 15-ны өдөр Спортын төв ордонд хаалтын үйл ажиллагаа нь болох ажээ. Мөн наадмын үеэр сайн дурынхан ажиллах бөгөөд тэднийг спортын үйл ажиллагаа явуулдаг Их, дээд сургууль дээр бүртгэх юм байна.
Холбоотой мэдээ