Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2015.07.28-нд нийтлэгдсэн

Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Өнөөдөр хепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Вируст хепатит өвчин нь дэлхийд тулгамдсан асуудлын эхэнд зүй ёсоор орж байгааг эрүүл мэндийн байгууллагынхан сануулсаар байгаа юм. Хепатитийн өвчлөл, нас баралт нь бусад хумхаа, ДОХ зэрэг өвчнөөс илүү болсон нь дэлхий нийтийн санааг зовооход хүргэж буй. Монгол улсын хувьд ч хепатитийн өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж буй орны тоонд орсон. Тиймээс ч энэ жил Хепатиттай тэмцэх өдөрт өндөр ач холбогдол өгч ажиллаж байгааг хэлэв.

 

 

Монгол Улс анх 1991 оноос Б вирусийн эсрэг вакциныг бага насны хүүхдүүдэд хийж дархлаажуулж байжээ. Харин 2012 оноос А вируст хепатийн эсрэг вакцинаар 1-2 настай хүүхдийг дархлаажуулсан байна.

 

Монгол Улс хепатитийн вирусаар өвчлөгчид, нас баралтын тоогоор дэлхийд дээгүүр орны тоонд багтаж байгаа юм. Тиймээс энэ жилээс “Вируст хепатитийг илрүүлэх, оношлох, сэргийлэх үндэсний цогц хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулах гэж байгаа юм. Вируст хепатитаас сэргийлэх, эмчлэхэд чиглэсэн ямар ажлыг хийж, хэрэгжүүлсэн, цаашид хийх гэж байгаа талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Я.Буянжаргал ингэж ярилаа.  

 

B, C вирусын шинжилгээ үнэгүй хийж байна”

Хепатиттай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд өнөөдөр “Элэгний төв” В,С вирүсийн үнэгүй шинжилгээ оношлогоог  хийж байгааг иргэдэд дуулгая. Энэ үеэр халдварын эрт илрүүлэлт, вируст хепатитийн эмчилгээний зѳвлөгѳѳг үнэ тѳлбѳргүй үзүүлж байна.

Монголд хепатитийн А, В, С, D, E вирус зонхилж байгаа юм. Ялангуяа элэгний С вирусийн өвчлөл их байна. Тиймээс элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг ирэх аравдугаар сард оруулж ирэхээр болсон. Одоогоор элэгний С вирустай иргэдийн бүртгэл хийж байгаа юм.

Иргэдийн хувьд элэгний С вирустай эсэхээ мэдэхгүй тохиолдолд нэн тэргүүнд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах юм. Орон нутаг, хөдөөгийн иргэд аймгийнхаа эмнэлэгт хандаж шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Элэгний С вирустай нь тогтоогдвол ХӨСҮТ, улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандаж бүртгүүлэх юм. Тухайн эмнэлэг бүрт сургалтад хамрагдсан мэргэжлийн эмч бий. Эдгээр эмч нар нийслэлийн бүх дүүрэг, аймгуудын эмнэлэгт ажиллаж байгаа аж. Энэ бүртгэлийг эмийн компани руу илгээх юм.

Дараагийн ээлжинд итгэмжлэгдсэн лабораторит С вирусаа тоолуулна. Одоогоор лабораториудыг сайн дурын үндсэн дээр хөндлөнгийн хяналтад хамруулж, шалгуур хангасныг нь олон нийтэд мэдээлэхээр ажиллаж байгаа гэв. ХӨСҮТ-д С вирус тоолох шинжилгээ хийх есөн лаборатори хүсэлтээ ирүүлжээ. Эдгээрийг нягталсны үндсэн дээр баталгаа гаргаж, тухайн лабораториудыг олон нийтэд зарлахаар болсон билээ.

БЭЛТГЭСЭН Б.ЗОЛЗАЯА, Э.ЭНХБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж