Барууны орнууд Оросын эсрэг шинэ хүйтэн дайныг эхлүүлж байна. Энэ нь “халуун” дайн болон хувирбал Орос сөнөөгдсөн байх ёстой. Ийм нөхцөлд Оросын хариу ямар байх вэ? гэсэн асуултад Геополитикийн асуудлын академийн ерөнхийлөгч, цэргийн шинжлэх ухааны дотор Константин Сивков доорхи хариултыг өгч байна.
Төстэй гарц
Баруун ХХ зууны дунд үеийнх шиг “төмөр хөшгийг” байгуулж эхлэн Оросын хилийн ойролцоо НАТО-гийн цэргийн тоог нэмэгдүүлэн өмнөх эвслийн бодлогыг явуулж эхэллээ.
Харин өнөөдөр Оросын байдал хагас зууны өмнөхөөс хамаагүй тааруу. Тус орны эдийн засгийн байдал хязгаарлагдмал, гол өрсөлдөгчийнхөө өндөр технологийн хамааралд орсны улмаас Оросын аюулгүй байдалд эрсдэл үүсээд байна.
Коммунист үзэл суртал гэсэн санаа сэтгэлийн тулгуур байхгүй, Варшавын гэрээний үеийн Европын холбоотнуудаа алдаад байгаа юм. Аж үйлдвэр, санхүүгийн салбарт барууны хандлагатай олигархиуд болон тэдэнтэй холбоотой “либерал” түшмэдүүд давамгайлж байна.
НАТО болон түүний холбоотнуудтай цэрэг дайны салбарт Оросын өрсөлдөх чадвар ихээхэн суларчээ. Оросын батлан хамгаалахын үйлдвэрийн өнгөрсөн онд нийлүүлсэн 50-60 шинэ нисэх онгоцнууд хоёр гурав хоногийн байлдаанд л хүрэлцээтэй. Хэдэн зуу, мянган онгоцнууд хэрэгтэй болно. Мөн нисгэгчид ч хангалттай тоогоор алга байна.
Танкийн хувьд ч мөн адилхан асуудалтай. Орос хэдэн зуун танк л өнгөрсөн онд үйлдвэрлэсэн бөгөөд агуулахад нөөцлөгдсөн хуучин танкууд нь байлдааны талбарт хөнгөн бай болоод өнгөрнө.
Зэвсэглэлийн бусад төрлүүдээр Орос НАТО-гоос эрс хоцорч байна. С-400 эсвэл С-500 мэтийн ховорхон төрлүүд орчин үеийн дайнд эргэлт гаргаж чадахгүй. Нэг жилийн хугацаат цэргийнхэн нарийн техникийг бүрэн эзэмшиж чадахгүй. Мэдлэг туршлага дутагдалтай. НАТО энэ бүгдийг сайн мэдэж байгаа. Оросыг барууны орнуудын цэрэг, бааз бүсэлсэн бөгөөд Оросын арми тэдний эсрэг амжилттай байлдаж чадахгүй нь тодорхой.
Дөхөж буй дайн цөмийн биш болно гэдгийг хоёр тал ойлгож байгаа. НАТО цөмийн биш дайн явуулах арга, сургуулилалтаа Югослав, Ливи, Ирак, Сири, Украинд хийсэн. Төлөвлөгөө бэлэн. Оросын хүн ам, армийн бие бүрэлдэхүүний тоог аваад үзэхэд байдал маш ноцтой.
Оросын аюулгүй байдлыг хангах тухайлбал, стратегийн тогтоох хүчний зарчмын шинэ хандлага бий болж байна. Гол чиглэл нь стратегийн цөмийн хүчний нөөцийг цохих төвшинд барих явдал болж байна. Энд цохих хэмжээний хүндрэлтэй. Зэвсэгт хүчний бусад төрлүүдтэй харьцуулахад бие бүрэлдэхүүн цөөн тооны ч зардал их шаардагддаг.
Хориг, нефтийн зах зээлийн уналтын улмаас эдийн засаг хүндэрсэн нь тогтоох хүчийг зохих төвшинд барьж байх хөрөнгийн дутагдлыг үүсгэж магадгүй. Стратегийн зориулалтын пуужин, цэрэг, шумбадаг онгоц, стратегийн алсын зайн онгоцнууд зэргээс бүрэлдсэн стратегийн цөмийн хүчний бие бүрэлдэхүүн нь 100 мянга гаруй хүнтэй нь энэ хүчнийг мэдээллийн дайны аргаар саармагжуулах тааламжтай нөхцлийг бүрэлдүүлж байна.
АНУ-ын даяарчлалын цохилтын шуурхай систем стратегийн зэвсгийн зөөгчид, командын байрнуудад цохилт хийн Оросын цөмийн гурвалыг бүрнээр буюу хэсэгчлэн устгах аюул байгаа. Тийм учраас стратегийн тогтоон барих хариу арга замыг хайх нь Орост амин чухал. Одоо байгаагаас огт өөр шинэ системийн зэвсгийг бүтээх нь чухал болоод байгаа юм.
Шинэ системийн зэвсэг нь тодорхой шаардлага хангасан байх ёстой. Нэн түрүүнд эсрэг талд цохилт хийх бүрэн баталгаатай байх. Систем нь өөрийн боломжийг 100 хувийн магадлалтайгаар гүйцэтгэх ёстой.
Шинэ зэвсэгт тавигдах чухал шаардлага нь түүнийг хэрэглэх бодит нөхцөл болон зэвсгийг хэрэглэх улс орны удирдлагын улс төрийн эр зориг байх юм. Энэ нь Орост их чухал учир нь барууны талынхны байр суурь тус улсын цэрэг улс төрийн удирдлагын дээд хэсэгт хүчтэй.
Мэдээлэл, сэтгэл зүйн хүчтэй даралтын дор стратегийн цөмийн зэвсгийг хэрэглэх тушаалыг биелүүлэх нь асуудалтай болж болно. Нийгмийн хагарал байгаа цагт тэр хүчний бие бүрэлдэхүүний тоо нь тушаал биелүүлэх бүрэн баталгаа болохгүй. Тийм ч учраас боломжийн хэмжээнд эрх баригчдын болон цэргийнхний сэтгэл зүйн бэлтгэлийг хангах нь чухал юм.
Орчин үеийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн боломжийг харьцуулан үзэхэд хоёрдагч сүйрүүлэгч ажиллагааг ашиглахгүйгээр ОХУ цэргийн аргаар зорилгоо биелүүлж чадахгүй нь тодорхой.
Тэр хоёрдагч сүйрүүлэгч нь геофизикийн сүйрлийн үзэгдлүүд юм. Цөмийн зэвсгийн хүчин чадлаас хэд дахин илүү сүйрүүлэх чадвартай түүнийг харьцангуй бага үйлдлээр өдөөж болно. Адил хариу болох геофизикийн үзэгдлийг ашиглах тал дээр эрдэмтэд ажиллаж байгаа. Ийм зэвсэг нь түүнийг хэрэглэсэн талд эсрэг талын хохиролоос нь бага гарз авчирна.
Америкгүйгээр нэгэн удаа
Орос нь Евроазийн эх газарт байрлах бөгөөд хүн амын ихэнх нь далайгаас хол амьдардаг. Далайн төвшнөөс дээших дундаж өндөр нь хүчтэй цунамийг (мегацунами) дагалдах усанд авталтаас хүн амыг хамгаална.
АНУ-ын байрлал бол өөр. Далайн эрэг орчмын далайн төвшнөөс ялимгүй районуудад хүн амын үндсэн хэсэг буюу 80 хувь нь амьдардаг. Мөн тэр бүсэд тус орны үйлдвэрийн ихэнх байрлана. Хэдэн арван метрийн өндөртэй харьцангуй сулхан цунами АНУ-д сүйрэл авчрах аюултай. Ийм хэрэг явдлын жишээ нь Нью-Орлеоны “Катрина” шуурга харуулсан билээ.
Оросын геофизикийн бас нэг онцлог нь түүний газар нутгийн ихэнх хэсэг хэдэн км-ийн зузаантай хүрмэн чулуун давхрага дээр оршдог. Энэ нь супер галт уулын дэлбэрэлтийн улмаас 250 сая жилийн өмнө бий болжээ. Тийм ч учраас маш хүчтэй цохилт эдгээр бүс нутагт сүйрлийн геофизикийн аюул авчрахгүй.
Харин АНУ-д нэг том асуудал байгаа. Йеллоустоны үндэсний дархан цаазат газар нэгэн супер галт уулын тогоонд (кальдера гэсэн испани үгээр асар том хэмжээтэй галт уулын тогоог нэрлэдэг аж) байрладаг. Гэр галт уул 600 мянган жилд нэг удаа идэвхждэг бөгөөд тэр ээлжит идэвхжилт ойртож байгаа юм. Түүний сүүлчийн дэлбэрэлт нь 600 мянга орчим жилийн өмнө болжээ.
Йеллоустоны супер галт уулын хүчин чадал нь Сибирийн суперээс хэд дахин сул учраас түүний дэлбэрэлт нь дэлхийн амьтны ертөнцийг сөнөөхгүй ч харин Америк тивийн хувьд сүйрлийн үр дагавартай. Геологичид Йеллоустоны супер галт уул хэзээ хэзээгүй дэлбэрэхэд бэлэн байна, түүний шинж тэмдэг улам тодорхой болж байгаа гэж хэлж буй.
Тийм учраас харьцангуй бага хэмжээний мегатонны цөмийн цэнэг галт уулын дэлбэрэлтийг өдөөхөд хангалттай. Үүний үр дагавар нь АНУ-ын хувьд сүйрлийнх болно. Тус бүсийн нутаг дэвсгэр нь хэдэн арван метрийн үнсний зузаан давхрагад хучигдсан байх юм.
АНУ-ын өөр нэг эмзэг бүс нь Номхон далай, Хойд Америкийн тектоник хавтангуудын хоорондын 1,3 мянган км-ийн хагалбар юм. Газрын энэ хагалбар нь хуурай газар, далайн ёроолд Калифорнийн эргийн дагуу үргэлжилнэ. Түүнтэй зэрэгцээ Сан-Габриель ба Сан-Хосинтогийн трансформын гэх хагалбарууд байгаа. Энэ бүс нь Рихтерийн шалбараар 8,5 баллын магнитуттай газар хөдлөлт гаргаж байдаг геологийн тогтворгүй район гэгддэг. Хангалттай хэмжээний хүчтэй цөмийн цохилтыг тэр районд хийхэд АНУ-ын Номхон далайн эргийн дагуух дэд бүтцийг асар хүчтэй цунамигаар устгах боломжтой.
АНУ-д Атлантын ба Номхон далайн газрын литосферийн хавтангийн хилийн дагуух хагалбарууд байгаа нь томоохон хэмжээний цунами үүсгэх голомтууд бөгөөд тэр нь эх газрын гүнд хүртэл сүйрэл гаргах аюултай.
Сүйрлийн цэнэг
АНУ нь геофизикийн талаас маш нэрмэгдэлтэй нутаг юм. Цэргийнхэнд ямар зэвсэглэлээр тэр байгалийн сүйрлүүдийг өдөөх вэ гэдгээ тогтоох шаардлагатай. Шинэ газар арлын дээр 5000 метрийн өндөрт дэлбэлж, 1961 онд туршсан халуун цөмийн бөмбөг нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүчтэй, 58 Мт цэнэг байсан бөгөөд супер бөмбөгийн хүчин чадлыг нь 1,5-2 дахин ихэсгэх уран-238-ын бүрхүүлгүй байжээ.
Уг цэнэгийн жин нь 16 тоннын бөмбөг байсан бөгөөд түүнийг Ту-95 онгоцноос хаяжээ. Өнөөдөр тийм хүчин чадалтай бөмбөгийг таваас найман тонны жинтэйгээр хийж болохыг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тийм цэнэгийг "Воевода" гэдэг хүнд пуужин мөн хиймэл дагуулууд хөөргөдөг зөөгчид тээвэрлэх чадвартай аж. Энэ бүгдийн хажуугаар одоо хүчин төгөлдөр гэрээнүүдээр цэнэгийн хүчин чадлыг хягаарладаггүй.
Маргааш
Ийм маягаар, сүйрлийн геофизикийн үйлдлийг өдөөх баталгаатай эх сурвалж нь Йеллоустоны супер галт ууланд хийх цохилт байж болно. Ганцхан цэнэгийн газар дээрх дэлбэрэлт галт уулын хүчтэй идэвхижлийг өдөөнө. Ийнхүү АНУ сөнөлөө гэхэд түүний үр дагавар нь дэлхийн хэмжээнд бас сүйрэл авчирна. Галт уулаас алс хол байгаа орнууд тухайлбал, Орост хохирол багаар тусна. Гэхдээ л галт уулын дэлбэрэлт бүх иргэншлэлд гай авчирна. Ийм зэвсэг байгаа, түүнийг хэрэглэх боломж нь Орост халдах санааг зогсоох ёстой.
Мега цохилтын өөр нэг судлагдсан аргыг академик Андрей Сахаров санал болгосон байгаа. АНУ-ын Атлантын ба Номхон далайн трансформын хагалбаруудын тооцоологдсон цэгүүдийн (хагалбар бүрт гурваас дөрвөн цэнэг) 1,5-2 км-ийн гүнд цохилт өгөх талын санал.
Сахаров болон бусад эрдэмтдийн тооцоолсноор, дэлбэрэлтийн дараа 400–500 метрийн өндөртэй давалгаа үүсэн эргээс 500 км-ийн зайд бүх байгууламжуудыг арчих ажээ. Хэрэв дэлбэрэлтийг тавцангуудын уулзварын газрын гадаргуудын нимгэн хэсгийн далайн ёроолд ойрхон гүнд хийж чадвал тэр нь гадаргыг эвдлэн магма нь далайн устай нийлэн дэлбэрэлтийн хүчийг хэд дахин нэмэгдүүлнэ. Энэ тохиолдолд үүсэх цунамийн өндөр 1,5 км хүрч сүйрлийн бүс нь эргээс 1,5 мянган км зайг хамарна.
Ус нь цацраг идэвхт үер болон үүссэн газарт нэг үгээр АНУ-ыг нэрвэнэ. Тийм цохилт бүх бүс нутагт нөлөөлөх бөгөөд Йеллоустоны супер галт уулын дэлбэрэлтийг ч өдөөж магадгүй. Энэ бол амь тавихын өмнөх хариу цохилт болох юм. Цунамийн буцах урсгал нь Европын зарим хэсгийг угаан арчина. Геофизикийн сүйрлийн үр дагаварыг Сан-Андреас, Сан-Габриель эсвэл Сан-Хосинтогийн хагалбарын районд ганцхан хүчтэй дэлбэрэлт хийн гаргаж болох юм.
Апокалипсис-галав юүлэлт: энгийн бөгөөд хямд аргаар
Адилхан хариу цохилт өгөх хувилбаруудыг аваад үзэхэд супер цэнэг тоо харьцангуй бага арав орчим байна. Тэр нь дээр дурьдагдсан аргуудаар баталгаатай хэрэглэх таатай нөхцлийг өгч байна.
Цэнэгийг тооцоолсон цэгт хүргэхэд янз бүрийн арга хэрэглэж болно. Нэн түрүүнд агаарын довтолгооноос хамгаалах системийг туулж чадах олон угсраа баллистик пуужинг хэрэглэж болох юм. Тийм пуужингуудаар "Тайфун" (төсөл 941) шумбадаг хөлгийг тоноглож болно. Ганцхан ийм шумбадаг онгоц эсрэг талыг тогтоох барих үүргийг хангаж болно.
Супер цэнэгийг шумбадаг онгоц, газрын байрлалаас харваж болох гипер дууны хурдтай пуужингаар зөөж болно. Эрдэмтдийн тооцооны дагуу тийм зэвсгийн шаардлагатай цэнэгийг 5-12 жилийн дотор бүтээж болох ажээ. Мөн л төдий чинээ хугацааг зөөгч бүтээхэд ашиглах гэнэ. Ийм эсрэг талаа тогтоон барих хариу цохилтын зэвсэг ойрын 10 жилийн дотор Орост гарч ирэх бололтой.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР