Пеппа торой Трансформерүүдтэй нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Пеппа торой Трансформерүүдтэй нэгдэнэ

Пеппа торой Трансформерүүдтэй нэгдэнэ

Хүүхдийн тоглоом үйлдвэрлэдэг АНУ-ын Hasbro компани Канадын Entertainment One компанийг дөрвөн тэрбум ам.доллараар худалдан авч байгаа ажээ. Канадын Entertainment One компани нь та бидний сайн мэдэх “Пеппа торой” хүүхэлдэйн киноны эрхийг эзэмшдэг билээ. Энэ бол Hasbro-гийн түүхэн дэх хамгийн том хэлэлцээ ажээ. Хэлэлцээг хоёр компанийн ТУЗ-ийн гишүүд бүгд дэмжсэн аж. Одоо тэдэнд дээрх асуудлыг зохицуулах эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг авах л үлдээд байна. Hasbro болон Entertainment One компанийн энэхүү хэлэлцээ 2019 оны дөрөвдүгээр улиралд дуусах төлөвтэй байна.

Hasbro бол хүүхдийн тоглоом үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч компани. Тус компани “Трансформер”, “Оддын дайн”, “Покемон” болон “My little Pony” зэрэг брэндийн тоглоом үйлдвэрлэх эрх эзэмшдэг билээ. Мөн ширээний тоглоом болох “Monopoly” болон “Jenga” эрхийг эзэмшдэг.

Харин Entertainment One компани нь уран сайхны кино, олон ангит кино болон бусад цэнгээнт контентын дистрибьютер компани. Тус компани нь “Пеппа торой” хүүхэлдэйн киног 15 жилийн туршид үзэгчдэд хүргэж байгаа билээ. "Financial Times"-ын мэдээлж буйгаар, энэ оны гуравдугаар сарын 31 гэхэд “Пеппа торой” хүүхэлдэйн кино 12 сарын туршид 111 сая ам.долларын ашиг орлого олжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ашиг орлого нь 20 хувиар өссөн үзүүлэлт юм.

Entertainment One компанийн гаргадаг “Пеппа торой” болон бусад контент нь  маш их хэмжээний ашигтай бөгөөд худалдан авалт талаас нь харах юм бол ирээдүйтэй бүтээгдэхүүн гэж The Wall Street Journal мэдээлжээ.

Дээрх хэлэлцээг хийснээр Hasbro өөрийн бүтээгдэхүүнээ медиагаар үр дүнтэй сурталчлах боломжтой гэж The New York Times бичжээ. Гэхдээ Hasbro өмнө энэ төрлийн алхмыг хийж байсан. Тус компани нь франшиз ашиглан бараа бүтээгдэхүүнээ худалдах зорилгоор жижиг фирмүүдийг худалдан авч, зарим нэг студитэй гэрээ байгуулж байсан удаатай. Өнгөрсөн жил гэхэд тус компани хэд хэдэн брэнд худалдан авахад 520 сая ам.долларыг зарцуулжээ. Мөн тус компани нь Paramount Pictures болон Walt Disney студитэй хамтран ажилладаг бөгөөд Marvel киноны баатруудын тоглоомыг маш амжилттай борлуулж чадсан.

Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд тоглоомын борлуулалт буурсан бөгөөд үйлдвэрлэгчид мөнгө олохын тулд шинэ арга хайж байна гэж WSJ мэдээлжээ. Тухайлбал, Hasbro алдарт Fortnite тоглоом дээр үндэслэн “Monopoly” тусгай дугаар худалдаанд гаргасан. Харин АНУ-ын Mattel компани Барби тоглоомын тухай кино бүтээх өөрийн гэсэн студитэй болжээ.

Дээрх хэлэлцээг харахад Hasbro компани цэнгээнт контентын салбарт хүүхдийн тоглоомтой холбоогүй өөрийн гэсэн брэндтэй болохыг тэмүүлж байна ажиглагчид дүгнэжээ.

Entertainment One бол Лондонд бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Brexit-ээс болоод фунт стерлингийн ханш унаж байгаа энэ үед түүний үнэ цэнэ илүү олон хүний анхаарлыг татах боломжтой. Фунт стерлингийн ханшийн уналтыг хэдхэн өдрийн өмнө Хонконгийн тэрбумтан Ли Кашин ашиглаж чадсан. Тэрбээр Forbes-ийн жагсаалтад 31.7 тэрбум ам.долларын орлогоороо 28 дугаарт эрэмбэлэгддэг бөгөөд Их Британий сүлжээ паб Greene King 3.3 тэрбум ам.доллараар худалдан авсан юм.

А.АНИР
Эх сурвалж: FORBES

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж