Түүхт 70 жилийн ойгоо энэ жил тэмдэглэж байгаа “Улаанбаатар төмөр зам” ХНН ирэх 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нийт төмөр замчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэхээр боллоо. УБТЗ нь сүүлийн 3 жил дараалан жил бүр нийт төмөр замчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2016 оноос хойш УБТЗ-ын ажилтнуудын дундаж цалин 30 шахам хувиар өссөн байна. Мөн сүүлийн хоёр жил дараалан жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар бодож олгожээ. Сүүлийн жилүүдэд УБТЗ-ын тээврийн хэмжээ нэмэгдэж, өнгөрсөн жил 25,8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан нь тус нийгэмлэгийн нийт ажилтнуудын цалинг нэмэх сайхан боломжийг бий болгожээ. Ийнхүү тус нийгэмлэг нь хөдөлмөрийнхөө бүтээмжтэй уялдуулан төмөр замчдынхаа бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа нь УБТЗ-ын 15 мянга гаруй төмөр замчдын амьдрал ахуйд ач тусаа өгч байна. 2019 онд тус нийгэмлэг нь өнгөрсөн оныхоо түүхэн амжилтыг ахиулж 27 сая орчим тонн ачаа тээвэрлэх төлөвтэй байгаа юм.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН
Холбоотой мэдээ