Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Багшийн хөгжлийн төвд өчигдөр /08.26/ сурагчийн дүрэмт хувцасны чанар, стандартын талаар зөвлөх хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт сургуулийн багш удирдлагууд, эцэг эхчүүд болон оёдлын үйлдвэрийн холбогдох албаны хүмүүс оролцох ёстой байсан хэдий ч намрын ажил ид эхэлсэн гэх шалтгаанаар албаны хүмүүс, үйлдвэрлэгчид ирсэнгүй.
Сургуулийн багш, удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл цаг гаруй хүлээсний эцэст хэлэлцүүлэг эхэлж, сурагчийн дүрэмт хувцасны стандартыг боловсруулах ажлын хэсгийн гишүүн М.Баяр илтгэл тавьсан юм.
Уг илтгэлдээ: “Манай улсад дүрэмт хувцасны материалын стандарт гэж байсан болохоос хувцасны стандарт байгаагүй. Одоо бид хувцасны стандартыг бий болгохын тулд Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Мэргэжлийн хяналтын газар, Стандарчлал хэмжилзүйн газар гээд бүх талын оролцоог хангасан ажлын хэсэг гараад ажиллаж байна.
Стандарт гэдэг бол байж болох хамгийн доод түвшний үзүүлэлт. Уг стандартаар бол сурагчийн өмсөж буй хувцас эрүүл ахуйн шаардлага хангасан, өдөр тутам өмсөхөд биед эвтэй, хортой бус, чанартай байх ёстой. Нөгөө талдаа үйлдвэрлэж буй компаниуд стандартын дагуу чанарын баталгаажуулалттай болно. Тиймээс бид хувцасны стандарт шаардлагыг боловсруулж байгаа юм. Одоо бид стандарт байхгүй учраас хяналт тавьж чадахгүй байна” гэсэн юм.
Харин сургуулийн багш удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл “Уг хэлэлцүүлэг цагаа олсонгүй. Одоо эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг аль хэдийнэ хангачихсан. Хавар хичээл тарах үеэр хэлэлцүүлэг хийж, стандартаа батлаад, зун оёдлын үйлдвэрүүд шаардлагын дагуу ажиллах ёстой байлаа. Тэгээд намар хүүхдүүд стандартын дагуу үйлдвэрлэгдсэн дүрэмт хувцсаа өмссөн бол энэ ажил илүү үр дүнтэй байх юм. Одоогийн дүрэмт хувцас хоёр жил байтугай хоёр сар ч болохгүй элэгдэж байна. Товч нь дороо ханзарч, оёдол нь урагдаж байна. Жилийн жилд энэ асуудлыг ярьдаг шийдэж байгаа юм алга. Чанараас гадна охидын юбканы уртын хэмжээг бас анхаарах хэрэгтэй. Хэт богино байна гэж Хүний эрхийн комиссоос анхааруулж байгаа. Нэгдсэн нэг уртын хэмжээтэй байх нь зөв. Мөн сургуульд элсэж буй зургаан настнууд бие жижигтэй учир дүрэмт хувцас нь хэтэрхий томдож байна. Энэ мэт олон санал, сэтгэгдлийг сурагчид өөрсдөө сайн ярих байх. Та нар сургуулийн орчинд очиж, бодитоор судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй” гэв.
Цаг гаруй үргэлжилсэн энэхүү хэлэлцүүлэгт үр дүн гэж байсангүй. Холбогдох албаны хүмүүс, үйлдвэрлэгчид ирээгүйд эцэг эхийн төлөөлөл дургүйцэж байв. Юутай ч эндээс гарсан санал, санаачилгыг цааш нь холбогдох хүмүүст дамжуулах болсноор хэлэлцүүлэг өндөрлөсөн юм. Ирэх жил гэхэд Монгол Улс сурагчийн дүрэмт хувцасны стандарттай болно гэж найдах л үлдлээ.
Холбоотой мэдээ