Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор тэсэлгээний бодис ашигласны улмаас 30 настай иргэн нас барсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, “Завгийн хяр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ хууль бусаар ашигт малтмал олборлогч, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат иргэн, 30 настай, эрэгтэй У нь 30 метрийн гүнтэй нүхэнд тэсэлгээ хийх зорилгоор тэсэлгээний бодистой орсон байна. Улмаар бодис тэсэрч нас барсан тухай дуудлага өчигдөр орой 20:25 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу Онцгой байдлын алба хаагчид цогцсыг гаргахаар ажиллаж байна.
Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Төмөр зам” багийн 305 дугаар байр 3.5 метрийн гүнтэй бохирын худагт хоёр хүн унасан тухай дуудлагыг наймдугаар сарын 26-ны өдрийн 12:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 12:30 цагт очиход “Ус Ду” ХХК-ийн ажилтан, тус аймгийн Сүмбэр сумын иргэн Д/62 настай, эрэгтэй/, Э /47 настай, эрэгтэй/ нар бохирын худгийн ус соруулж байгаад ухаан алдан унасан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ