Монголын оюутан залууст их дээд сургуулийн боловсролыг чанартай, хүртээмжтэй, эрх тэгш олгох зорилгоор Боловсролын зээлийн сангаас хэд хэдэн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Үүнд: Оюутны хөгжлийн зээл, гадаад зээл, буцалтгүй тусламж зэрэг орно. Оюутнууд мэдээлэл дутмаг учир эдгээр боломжуудыг тэр бүр ашиглаж чаддаггүй. Тиймээс бид төрөөс оюутнуудад олгож буй эдгээр дэмжлэгийн талаарх мэдээллийг бэлтгэлээ.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ
Энэхүү зээлд хүсэлт гаргасан хэн боловч хамрагдах боломжтой. Хүүгүй, барьцаагүй зээл юм. Энэ жил уг зээлийн санд 33 тэрбум төгрөг төсөвлөж, 11 мянган оюутныг хамруулахаар болжээ. Шинээр 14 мянган оюутан сургуульд элсэж байгаа гээд бодохоор бараг бүгдээрээ хамрагдах боломж байгаа юм. Хамгийн гол нь Элсэлтийн ерөнхий оноо /ЭЕШ/ 600-аас дээш байна. Боловсролын зээлийн сангийн захирал М.Ариунжаргал ярихдаа: “Оюутнууд аав ээжээ зовоож, сургалтын төлбөр нэхдэг цаг өнгөрсөн. Оюутны зээлийн ач холбогдол бол эцэг, эхийн ачааг хөнгөлж, оюутнуудыг хариуцлагатай болгох юм. Тухайн их, дээд сургуульд суралцагч өөрөө зээл авахын тулд маш сайн дүнтэй суралцах ёстой. Төгсөөд ажилд орж зээлээ төлнө. Ингэхээр оюутан хүн хариуцлагатай, бие даасан, санхүүгийн төлөвлөгөөтэй болно гэсэн үг. Голч оноо хангахаас гадна эссэ бичихдээ ирээдүйн төлөвлөгөө, зорилгоо тусгана. Ямар нэгэн барьцаа, хүү шаардахгүй учраас ээж аавынхаа цалин, тэтгэврийн зээл авах шаардлагагүй” гэсэн юм.
Оюутны хөгжлийн зээл даатгалтай. Эрсдэлгүй байх үүднээс өнгөрсөн жилээс даатгалд хамруулж эхэлжээ. Зээлд хоёр сая төгрөг авлаа гэхэд нэг хувь буюу 20 мянган төгрөгийг оюутан даатгалд төлөөд явна. Тухайн зээлдэгч ямар нэгэн шалтгаанаар төлөх боломжгүй боллоо гэхэд даатгалын компани хариуцаж төлөх юм байна.
Зээлийн нөхцөл: Тухайн оюутны жилийн төлбөрийг хоёр удаа хувааж олгоно. Төлбөрийн хэмжээ харгалзахгүй. Уг зээлийг сургуулиа төгссөнөөс хойш зургаан жил хүртэлх хугацаанд эргэн төлнө.
Зээлд хамрагдах шалгуур:
- Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх
- Боловсролын нэгдсэн санд бүртгэлтэй байх
- Хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх
- Дүнгийн хувьд баклаврын түвшний элсэгч ЭЕШ оноо 600-аас дээш, харин оюутан 2,8-аас дээш голч оноотой байна. Магистр, докторт суралцах бол голч оноо 3,2-оос дээш байна.
Зээлд хамрагдах оюутнууд дараах бичиг баримт бүрдүүлнэ
- Зээл хүссэн өргөдөл
- Оюутны иргэний үнэмлэхийн хуулбар
- Сургуулийн төлбөрийн нэхэмжлэл /эх хуулбар/
- Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх баримт
- Тухайн улиралд сонгосон хичээлийг баталгаажуулах баримт
- Ирээдүйн зорилгыг тодорхойлох эссэ
СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ
Оюутнуудад төрөөс олгож буй өөр нэг дэмжлэг бол сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж. Та сур, бид дэмжинэ. Энэ бол Боловсролын зээлийн сангийн зорилтот хөтөлбөрийн уриа. Энэхүү тусламжийг дараах шаардлагыг хангасан тохиолдолд авна.
- Бүтэн өнчин
- Суралцагч өөрөө эсвэл эцэг, эх хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрт нэг суралцагч
- Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгчийн ЭЕШ оноо 650-750 бол 70, 751-ээс дээш бол 100 хувь чөлөөлнө.
- Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдэд буцалтгүй тусламж олгоно.
Тусламжийн нөхцөл:
Уг буцалтгүй тусламжийг бакалаврын өдрийн ангид сурдаг оюутанд 30 кредит хэмжээгээр суралцах үндсэн хугацаанд олгоно. Өмнөх улирлын голч оноо 2,0 болон түүнээс дээш байх юм.
Бүрдүүлэх бичиг баримт:
- Өргөдөл
- Шинээр элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар
- Суралцагчийн төрсний гэрчилгээ
- Боловсролын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байх
- Аймаг сумын /хороо, дүүрэг /Засаг даргын тодорхойлолт
- Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг эх нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар
- Хөгжлийн бэрхшээлтэй болохыг нотлох хувь, хугацаа тогтоосон комиссын шийдвэр
- Нэг өрхийн 3 болон түүнээс дээш бакалаврын зэргээр суралцаж байгаа оюутныг нотлох сургуулийн тодорхойлолт.
ГАДААД ЗЭЭЛ
Уг зээлийг Боловсролын зээлийн сан Засгийн газрын бодлогын дагуу 1997 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлсээр байна. Монголын оюутан залуусыг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад дээд боловсрол эзэмшихэд санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Гэхдээ хөтөлбөрийн хүрээнд суралцах хүсэлтэй иргэдийг БСШУСЯ холбогдох журмын дагуу сонгон шалгаруулдаг байна.
Гадаад зээлийн төрөл:
- Дэлхийн шилдэг 100 сургуулийн бакалаврт суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгох
- Гадаадын нэр хүндтэй их, дээд сургууль коллежуудын магистр, докторантурт суралцагчдад сургалтын төлбөр болон амьжиргааны зээл, тэтгэлэг олгох
- Гадаадын сангуудтай хамтарсан тэтгэлгийн хүрээнд суралцаж байгаа оюутанд сургалтын төлбөр болон амьжиргааны зээл, тэтгэлэг олгох
- Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу суралцаж байгаа оюутанд амьжиргааны зардлын тэтгэлэг олгох зэрэг орно.
Холбоотой мэдээ