"Хүдэр тансаг үнэр ялгаруулаад л алуулж байна"

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

"Хүдэр тансаг үнэр ялгаруулаад л алуулж байна"

Монголчууд хүдэр гэхээс илүүтэй хүдрийн заар гэдгийг сайн мэднэ. Монгол ардын дуунд "Хүнээс илүү ханилна гээд хүдрийн заарыг шингээсэн юм аа хө" гэдэг. Өвөрмөц, тансаг  энэ үнэр хүдрийн заараас гардаг бөгөөд дэлхийн брэнд сүрчгийн үйлдвэрүүд хүдрийн заарыг үнэрийг тогтоох зорилгоор ашигладаг. Мөн дорнын уламжлалт эмчилгээнд өргөн хэрэглэддэг. Эдгээр шалтгааны улмаас хүдрийн тоо толгой нь цөөрч, Монгол улсын “Улаан ном”-д бүртгэгджээ. Дэлхийд хүдрийг нарийн судалсан гурван хүн байдаг. Тэдний нэг нь Монгол Улсын зөвлөх мал зүйч, хүдэр судлалын доктор Д.Дэлэгням. Хүдрийг бүх талаас нь судалсан Монголын анхны эрдэмтэн түүнтэй хүдэр хамгаалал, судалгаа, үржүүлэг сэдвээр ярилцлаа.


-Бид хүдрийн заар гэж их сонссон. Гэхдээ хүдэр гэж чухам ямар амьтан байдгийг сайн мэдэхгүй. Та судлаач хүний хувьд илүү сайн дүрсэлж ярих байх?

-Хүдэр бол их өвөрмөц, сонирхолтой, нэн ховор амьтан. Хүдрийн эрийг гирээ, эмийг гирэгчин, төлийг нь шовшоорой гэдэг. Хүдрийн амьдрал адуутай адилхан. Манайд нэг азарга адуу гэдэг шиг нэг бүл хүдэр гэж байдаг. 5-6 хүдэр нийлж бүл болон амьдарна. Адуу өөрийнхөө үр төл дээр гишгэхгүйн тулд хазаад, халгаад явуулчихдаг. Үүний адил нэг бүл дотор эм шовроорой төрлөө гэхэд том болсных нь дараа бүлээс хөөдөг. Хөөгдсөн хүдэр бусад хүдэртэй нийлж, бүл үүсгэн амьдардаг. Ороо нийлүүлгийн хувьд бууртай адилхан. Буур өвлийн хүйтэн чангарах тусам идэш, тэжээлдээ муудаж, цагаан хөөс цахруулдаг. Хүдэр мөн өвлийн эхэн сар гараад эхлэнгүүт гэдсээ татаж, нэгнээ хазаад, догширч эхэлдэг. Үүнээс гадна маш сонор сэрэмжтэй амьтан. Унтана гэж бараг үгүй, байнга л зогсоо байж эргэн тойрноо ажигладаг.

Майлахгүй, янцгаахгүй харин исгэрэн, шүгэлдэнэ. Түүний энэ дуугаар бусад амьтад хамгаалалтад орно. Зөвхөн хүдэр ч бус хандгай, бор гөрөөс, зэрлэг гахай гээд бүгд л хүдрийн исгэрэх, шүгэлдэх дуунаар хурдаа авч, аюулгүй газар руу зугтдаг. Өөрөөр хэлбэл, хүдэр ойн амьтдын “цагдаа” юм.

Аюул тулгарлаа гэхэд цагдаа шүгэлдэж байгаа юм шиг л дуугарна даа. Судлаачид хүдрийг байгалийн индикатор гэж нэрлэдэг. Индикатор гэдэг нь техникийн ухаанд тос масло, бензин чинь дуусаж байна гэж дохио өгдөг зүйл шүү дээ. Хүдрийн дохио нь шүгэлдэж, исгэрэх дуу чимээ. Ийм л сонин байгалийн чимэг болсон амьтан манай дэлхий дээр тэртээ 50 гаруй сая жилийн өмнөөс амьдарч эхэлсэн түүхтэй.

-Үнэхээр сонирхол татсан амьтан юм. Хүдрийн заар гэж юуг хэлж байна вэ?

-Хүдэр ховордох болсон шалтгаан бол заартай холбоотой. Заар нь зөвхөн нас бие гүйцсэн эр хүдэрт (гирээнд) байдаг. Түүнийг гоо сайхан болон уламжлалт анагаах ухаанд өргөн ашиглаж байна. Францын үнэтэй брэндийн сүрчигт хэрэглэж байна. Нөгөөтэйгүүр заар нь хүдэртээ олон талын ашигтай. Амьдрах хэрэгсэл болж байдаг. Ороо орсон эр хүдрээс тансаг заар ялгарч, энэ үнэрээр эмэгчин түүнийг олж, хээлтдэг юм. Мөн эр хүдэр бусдыгаа удирдаж, тэргүүн эгнээнд явдаг. Ингэхдээ бүлээр амьдрах эзэмшил газарт заараа цацаж, нэг ёсондоо тэмдэг тавьдаг. Цацсан үнэрээр бусад хүдэр явах зүг чиг, эзэмшил газраа мэдэж авна. Гэхдээ тэд хамаагүй газраар явахгүй, явдаг ганцхан жимтэй.

-Хүдрийн хээлтүүлэг, үржилд орох явц ямар байдаг вэ, жилд хэдэн удаа хэчнээн төл гаргадаг вэ?

-Миний хувьд ялангуяа үржлийн биологийг түлхүү судалсан. Тэгээд энэ амьтны хээлтэх хугацааг тогтоолоо. Хүдэр арваннэгдүгээр сард хээлтүүлгэд орж, зургаан сар тээдэг. Энэ тухай өмнө нь судлаачид тодорхой бичиж тэмдэглээгүй байдаг. Оросын эрдэмтэд ч нарийн тогтоогоогүй юм билээ. Барагцаалбал тийм хугацаанд тээдэг юм шиг байна гэж бичсэн байдаг. Би үүнийг нарийвчилж судлаад, үржлийн карт, баримт бий болгосон. Намайг анх судалгааны ажлаа эхэлж байхад надад багш, сурах бичиг, судалгаа гэж байсангүй. Би өөрөө л бодитоор ажиглаж, сурахаас өөр арга байхгүй байлаа. Тиймээс эхээс төрж байгаа үйл явц, газар гишгэж буй гээд бүгдийг нь зураг авч, видео бичлэг хийж, баталгаажуулсан. Хүдэр жилд нэг удаа нэг шовшоорой л төрүүлнэ. Гэхдээ ихэрлэх магадлалтай. Бусад судлаачийн бичсэнээр төрөхдөө их зовдог гэдэг л дээ. Миний судалснаар бол хүдэр ямаа, гөрөөстэй адил маш амархан төллөдөг амьтан. Маш богино хугацаанд 4-5 минутад дүлээд гаргачихдаг. Төрөхдөө модонд хавчуулагддаг, сайн ажиглаарай гэж бас надад захиж байсан. Гэтэл миний ажиглалтад модонд хавчуулагдаж төрсөн тохиолдол байхгүй. Харин маш нууц байдалд төллөнө. Хүн хараад байвал дүлж чадахгүй. Би бүхнийг нууцаар ажиглаж, бичиж авч байгаа юм. Эхээс гарсан шовшоорой их жижигхэн. Ихэнхдээ 650-700 грамм жинтэй байдаг. Яг л муурын зулзага шиг цоохор зүстэй.

Бас нэг сонирхолтой зүйл бол хүдэр маш ухаантай, цэвэрхэн амьтан. Бусад ойн амьтад бараг ийм байдаггүй байх. Төлөө гаргасны дараа өөрийгөө болон байсан газраа цэвэрлэдэг. Эхэс, асаа, цус нөжөө ул мөргүй болтол долоогоод, төрсөн газраа цавчаад шороогоор булчихдаг.

Тэгээд тэндээс хурдан зайлж, өөр газарт хэвтдэг. Шовшоорой нь төрөөд тав хоног газарт босохгүй хэвтдэг. Ингэхдээ өнгөө байнга өөрчилдөг. Өөрөөр хэлбэл, улирал болон байгаа газраа дагаж хамелеон болдог.

-Нэг өнгөтэй төрөөд, дараа нь улирлаа дагаж өөрчлөгддөг гэсэн үг үү?

-Тийм. Жилийн дөрвөн улирал өөр өөр өнгөтэй болчихдог. Хамелеон гэж хувирдаг амьтныг хэлдэг биз дээ. Байгаль, экологи хүртэл энэ амьтныг хамгаалж байна. Энгийн явж байгаа хүмүүс олж харахгүй. Бид хүртэл дөнгөж төрсөн шовшооройг газраас ялгахгүй гишгэчих гээд байдаг. Зун бол цэцэг шиг цоохор болчихно, намар бол шаравтар өнгө орчихно. Би үүнийг байгалиасаа өөрөө “Хөшгөн хаалттай” юм байна гэж ойлгодог. Ингэж нэрлэх ч дуртай. Тэр амьтан биднийг хөшигний цаанаас харж байна. Харин бид олж харахгүй. Байгалийн хөшгөн хаалттай буюу хамгаалттай амьтан.

-Хэдий “Хөшгөн хамгаалалттай” боловч хулгайн анчид олзолсоор л байна. Тийм ч учраас Монгол улсын “Улаан ном”-д орсон байх?

-Зөвхөн тансаг үнэрийнхээ төлөө л алуулж байна. Яагаад "Улаан ном"-д бүртгэв гэхээр устаж үгүй болох гэж байна шүү гэсэн дохио. Урьдчилсан анхааруулга. Энэ бол сайн зүйл биш. Ийм байдалд оруулмааргүй байна. Хятадын панда байна. Устаж үгүй болох гэж байсан амьтан. Одоо үржүүлж, өсгөөд нэн ховор жагсаалтаас гаргаж байна. Манайд мазаалай, хавтгайг зөндөө ярьж байна. Харин хүдрээ маш бага ярьж байна. Гэтэл хүдэрт хамгийн чухал, хэрэгтэй зүйлүүд байдаг. Хүдэр үнэндээ байгалийнхаа жамаар турж эцээд, араатан амьтны идэш болоод ховордоод байгаа юм биш. Ойн гүнд амьдардаг, хөрсний шимийг иддэг амьтан шүү дээ.

Монгол Улс байгалийн баялаг, ой мод, амьтан руугаа шунах болсон зах зээлийн нийгэмд хүдэр хулгайн анчдын олз болж эхэлсэн. Нэлээн их тооны хүдэр урагшаа гарсан байдаг юм. Хүдрийн гол дайсан бол хулгайн анчид, сэтгэлгүй хүмүүс. Нуух юм байхгүй. Уг нь хүдрийг 1954 онд Дархан цаазтай амьтан болгосон байдаг.

-Хүдрийг Монгол Улсад хэдийнээс судалж эхэлсэн байдаг вэ, та яагаад энэ амьтныг сонирхож судлах болов?

-Хүдэр судлалыг Монголд анх санаачилсан хүн бол шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Ц.Хайдав. Тухайн үедээ Энэтхэг улсад албан айлчлал хийж байхдаа хүдрийн үржүүлэг, хамгаалал болон заарыг нь сааж болдог талаар сонсжээ. Эх орондоо буцаж ирээд энэ тухай Ю.Цэдэнбал даргад сонордуулжээ. Ингээд дарга академич Б.Ширэндэвт үүрэг өгснөөр Монголын анхны хүдэр судлал, үржүүлгийн эрдэм шинжилгээний станц Гачууртад Шар хоолойн Бугатын давааны аман дах газар баригдсан түүхтэй. Ц.Хайдав багш маань 90 нас хүртлээ хүдэр судалсан хүн. Би энэ хүний гарын шавь нь. Ер нь олон улсын түвшинд хүдэр судалдаг эрдэмтэн, судлаачид цөөхөн байна.

-Та хүдэр судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан хүн. Энэ чиглэлээр дэлхийд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн хэдхэн хүний нэг нь таныг гэдэг шүү дээ, бас Монголдоо анхных байх?

-Судлаачид хүдрийн тархац, байршлыг тогтоосон боловч нарийн амьдралын гүнд орж зан араншин, хоол тэжээл, үржлийн биологи, заарын тогтоц, амьдрах хэв маягийг судлаагүй байсан. Үүнийг би Монголд анх удаа судалж, докторын зэрэг хамгаалсан. Миний хамгаалсан сэдэв бол “Монголд гаршуулж буй хүдрийн биологи, зан араншингийн онцлог” юм. Энэ судалгааны ажил арав гаруй жил үргэлжилсэн.

Ер би амьдралынхаа хориод жилийг хүдэрт зориуллаа. Үнэндээ судалгааны ажил гэдэг амар юм биш. Монголчууд Үндэсний баяр наадмаар тав хоног амарч байна, гэтэл хүдэр баярлаж амрахгүй. Хүдрээ дагаад бид ч амрах эрхгүй. Ид судалгааны ажил явагдаж байхад ар гэр, хувийн амьдрал хаягдана шүү дээ.

Энэ ажилдаа дуртай учраас л өнөөг хүртэл ингээд явж байна. Одоо би тэтгэвэрт гарсан ч гэсэн миний судалгаа, ажил үргэлжилсээр. Мэдээллээ бусдад түгээсээр явна.

-Таны судалгааг үргэлжлүүлэх гарын шавиа бэлдэж байна уу, төр засгийн зүгээс хүдэр хамгааллын асуудлыг хэр анхаарч байна вэ?

-Байгаль орчны яам анхаарахгүй байна. Үүнээс гадна төр засаг маань их олон солигдох юм. Энэ нь Монголын нийгэм, бидний амьдралд нөлөөлөөд зогсохгүй байгалийн амьтдад бас нөлөөлөөд байна. Би заримдаа боддог. Хэрэггүй ч юм судлаад байна уу гэж. Ийш нь анхаарлаа хандуулах хүн төр засагт алга. Юун хүдэртэй манатай л байх шиг байна. Уг нь дэлхийн бусад хүдэртэй улсын жишгээр гоо сайхан болоод эм тан хийх чиглэлээр хүдрийг үржүүлэнгээ бас ашиглах боломжтой.

Хүдрийн заар төв мэдрэлийн системд маш сайн. Хулгайчдын гараар гадагшаа гаргаж байснаас дотооддоо заараа шингээмээр байгаа юм. Үүний тулд ядаж л хүдрийн үржүүлгийн станцаа шинэчилж, өргөжүүлмээр байна. Төр засгаас хүсэх зүйл энэ байна.

Гарын шавийн тухайд Хөдөө аж ахуйн сургуульд докторантад сурдаг нэг залуу бий. Би залуустаа хэлдэг. Хүдэр судлах хүн амьтанд хайртай, сэтгэлтэй байхаас гадна сэтгэлзүйн бэлтгэлтэй байх ёстой шүү гэж. Амьдралаа бүрэн хая гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ энэ судалгааны ажил бараг хагаж цэргийн зохион байгуулалттай байдаг. Их унтдаг, амрах дуртай, тэвчээргүй хүн тэнцэхгүй. Хүдэр бараг унтдаггүй амьтан. Судлаач хүн түүнийг дагаад бага унтдаг болно. Би ч гэсэн хүдэртэйгээ адилхан амьдарч ирсэн хүн. Судалгааны ажил хийж байхдаа би ээлжийн амралт авч үзээгүй, хагас бүтэн сайнд ч амардаггүй байсан. Ингэж ажиллах, тууштай залуус ховор байна л даа. Сонирхож хүрч ирчихээд хаяад явчихдаг. Харин Хөдөө аж ахуйн сургуульд одоо докторантурт сурч байгаа Н.Батжаргал гэж залуу байна. Тэр л миний шавь болж, ажлыг минь үргэлжлүүлэх байх даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж