Соёлын өвөө мэдэхгүй, өмч хөрөнгөө хууль бусаар хил давуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Соёлын өвөө мэдэхгүй, өмч хөрөнгөө хууль бусаар хил давуулж байна

Соёлын өвөө мэдэхгүй, өмч хөрөнгөө хууль бусаар хил давуулж байна

Сүүлийн жилүүдэд уул уурхайд суурилсан эдийн засагт найдна гэсэн төрийн бодлого нүдээ олоогүй, байгаль орчны ихээхэн хохирол дагуулж байгааг орон нутгийн иргэд эсэргүүцдэг болоод удаж буй. Харин бид буурлын үлдээсэн буяныг шавхаж, өөрсдийн гараар соёлын өвөө сүйтгэж байгааг юу гэх вэ?

Өвгөдийг цогцосыг оршоосон булш хиргисүүрийг ашиг хонжооны хэрэгсэл болгож тонон сүйтгэж байгаа нь Улаанбаатарыг зорих шилжилт хөдөлгөөн ихсэхийн хэрээр орон нутаг эзэнгүйрч, үүний уршгаар өв соёлын дурсгалт зүйлс сүйдэх болсныг мэргэжилтнүүд хэлж байна. Нөгөө талаас ахмад буурлуудын үлдээсэн түүх, соёлын үнэт дурсгалт эд өлгийн зүйлсийг таньж мэдэхгүй, үнэ цэнийг нь мэддэггүйгээс зарж борлуулах, санаатай болон санамсаргүйгээр хил давуулах гэж оролдох тохиолдол цөөнгүй гарах болжээ. Энэ нь соёлын өвийн талаарх мэдлэг, хууль эрх зүйн орчны тухай ойлголт мэдээлэл иргэдийн дунд дутуу дулимаг  байгаатай холбоотой аж.

Энэ оны найман сарын байдлаар түүх соёлын дурсгалт шашны эд өлгийн зүйлсийг хил давуулах гэсэн есөн тохиолдол бүртгэгдэж, шүүхээр шийдвэрлэсэн байна. Хураагдсан эд өлгийн зүйлсийг төрийн өмчид авч, бүртгэдэг байна.

"МИНИЙ ӨМЧ" ГЭХ ХАНДЛАГААСАА БОЛЖ СОЁЛЫН ӨВИЙГ ХУУЛЬ БУС ХИЛ ДАВУУЛАХ САНАМСАРГҮЙ ЗӨРЧИЛД ХОЛБОГДДОГ

Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын улсын байцаагч Б.ОДГЭРЭЛ: 

-Улсын хилээр гадаад, дотоодын иргэд зорчиж байгаа тохиолдолд хуулиа мэдэх хэрэгтэй. Гар тээшиндээ авч явж буй зүйлтэйгээ холбоотой хууль журмыг судлах ёстой. Иргэд мэдлэг мэдээлэлгүйн улмаас шашны эд өлгийн зүйлсийг хилээр авч гарах, саатуулагдах тохиолдол их. Өв уламжлан ирсэн эд өлгийн зүйлээ гадаадад урт хугацаанд амьдрахдаа улсын хилээр гаргах тохиолдол их. Ийм нөхцөлд гаалийн байгууллагаас тухайн иргэнийг саатуулдаг. Иргэд эртний эд өлгийн зүйлсийг түүх соёлын үнэт өв гэж мэдэхгүй, түүнийгээ мэргэжлийн байгууллагад зэрэглэлийг нь тогтоолгож бүртгүүлээгүй “миний л өмч” гэх хандлагаас болж түүх соёлын үнэт зүйлийг хууль бусаар улсын хил давуулах гэсэн санамсаргүй зөрчилд холбогдож байна. Хил дээр саатуулагдсан тохиолдолд “Миний өмч” гээд тайлбар хэлээд нэмэргүй. Гаалийн байгууллагаас түүх соёлын үнэт дурсгалтай холбоотой эд өлгийн зүйлсийг саатуулж байгаа. Бүртгэл мэдээлэлгүй, зэрэглэл нь тогтоогдоогүй, гаалийн байгууллагад мэдүүлэхгүйгээр гар тээш, дагалдах ачаандаа хийж гарах тохиолдол их гардаг учраас гаалийн ажилчид түр саатуулж, холбогдох шалгалтыг хийн, хуулийн байгууллагад шилжүүлдэг. Түүнчлэн гаднын иргэдийн тээшнээс түүх соёлын үнэт өв, эд өлгийн зүйлсийг хуулбарласан, бурхан тахил худалдан авсан зэрэг зөрчил гарч байна. Гаалийн байгууллагаас тухайн эд өлгийн зүйлийг хуулбарласан эсэхийг тогтоох, эртний эд өлгийн зүйлс нь түүх соёлын үнэт өвд багтаж байна уу гэдгийг тогтоох боломжгүй тул олон улсын жишгээр мэргэжлийн шинжээч, соёлын өвийн мэргэжилтэн гаалийн ажилтантай хамт ажилладаг байх шаардлагатай. Бид албан үүргийнхээ дагуу соёлын өвд хамаарах эд өлгийн зүйлс байж магадгүй гэж үзээд, гааль дээр түр хугацаанд саатуулах, холбогдох байгууллагад нь хандаж түүх соёлын зэрэглэлийг нь тогтоолгон ажиллаж байна. Гэхдээ сүүлийн гурван жилийн байдлаар соёлын өвийг хилээр хууль бусаар давуулах гэмт хэрэг харьцангуй буурсан.

Гаалийн ажилчдын өмнө тулгамдаж буй асуудлын нэг нь олон улсын жишгээр мэргэжлийн шинжээч, соёлын өвийн мэргэжилтэнгүй, тухайн соёлын үнэт өв, шашны эд өлгийн зүйлсийн жагсаалт бүртгэл мэдээлэл, католог зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй нь түүх соёлын үнэт өв байж болзошгүй гэсэн зүйлийг хураах, холбогдох байгууллагад нь хандах зэргээр цаг хугацаа алдах тохиолдол цөөнгүй аж. Цаашид соёлын өвд багтсан түүх дурсгалын үнэт эд өлгийн зүйлсийн жагсаалтын бүртгэл мэдээлэл дэлгэрэнгүй байх, мэргэжлийн шинжээч гаалийн ажилтантай хамтран ажиллах шаардлагатай байгаа аж.

ОРОН НУТАГ ЭЗЭНГҮЙРЧ, СОЁЛЫН ӨВ СҮЙТГЭГДЭХ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА

БСШУСЯ-ны Соёлын биет өвийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.ДАВААЦЭРЭН: 

-Монголчуудад шашны эд өлгийн зүйлс болон түүх соёлын үнэт дурсгал их хэмжээгээр хадгалагдаж байна. Нүүдлийн ахуй амьдралтай иргэд Улаанбаатарыг зорих шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой уламжлалт арга технологийн дагуу бүтээгдсэн үнэ цэнэ бүхий эд зүйлс үнэгүйдэж, худалдаачдын гарт очиж буй нь биднийг хамгийн их эмзэглүүлж байгаа асуудал болсон. Иргэд өөрсдөд байгаа үнэт зүйлийг мэдэхгүйгээс худалдаалах болсноор хууль бус худалдаа, улсын хил давуулах гэсэн оролдлого буурахгүй байгаад сэтгэл зовниж байна. Орон нутаг эзэнгүйрч байгаа нь соёлын өвийг худалдаалах, хилээр давуулах гэсэн хууль бус гэмт хэрэг гарах шалтгаан болж байна. Тиймээс ард иргэд соёлын өвийн боловсролтой болох, тэдэнд түүх, дурсгалын үнэт зүйлсийн тухай ойлгуулж мэдрүүлэх зүй ёсны шаардлага үүсч байна. Манай улсын хувьд соёлын өвийн эрх зүйн орчин бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй залуу. Соёлын өвийн үнэ цэнийг иргэдийн оюун санаанд нутагшуулахад цаг хугацаа шаардагдах ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бүх талын арга хэмжээг олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хууль бус худалдааг хязгаарлах, тоо хэмжээг бууруулахад бүртгэлийн систем маш чухал ач холбогдолтой. Энэ нь тухайн эд зүйлсийг соёлын өвийн үнэт зүйлс мөн үгүйг ангилж ялгадаг. Хоёрдугаарт, тухайн эд зүйлсийн гарал үүсэл, өмчлөлийн бүх түүх нь бичигдэж үлддэг. Гуравдугаарт, тухайн өмчилж буй хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалдаг. Бүртгэлийн ач холбогдлыг ард иргэдэд таниулах нь чухал байна. Үүний ач холбогдлыг иргэд ч бас ойлгож байж өнөөгийн бидний соёлын өвд хандаж буй хандлага өөрчлөгдөнө. Тиймээс биш зөвхөн төрөөс их хэмжээний мөнгө зарсан бодлого хэрэгжүүлж, арга хэмжээ авлаа ч ард иргэдийн соёлын үнэт өвөө хайрлах боловсрол дээшлэхгүй бол соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэх ажилд ямар ч ахиц дэвшил гарахгүй. Иргэд өөрсдөд буй эд өлгийн зүйлсийг түүх соёлын дурсгалт үнэт зүйл гэж хэлэгдэхээс бас зугтаах маягтай байна. Төрийн хараа хяналтад орохоор гадагшаа авч гарах, хэрэгцээ шаардлагын үүднээс худалдахад бэрхшээл учирна гэж цааргалдаг бололтой юм билээ. Гэтэл бүртгэл бол хувь хүний эрхийг ямар ч түвшинд хязгаарлахгүй.

СОЁЛЫН ӨВД ХОЛБОГДОХ ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ИРГЭД ЦАХИМ ОРЧИНД Л ГОМДОЛЛОДОГ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Соёлын өвийн хэлтсийн дарга Н.МӨНХЗУЛ: 

-Улсын хэмжээнд соёлын үл хөдлөх биет дурсгалыг бүртгэлжүүлсэн. Энэ дагуу тухайн газруудыг улсын хамгаалалтад авах, орон нутгийн иргэдтэй гэрээ байгуулах ажлыг хийдэг. Цаашид соёлын өвийг хамгаалах ажилд төсөв бүрдүүлэх шаардлагатай. Иргэдийн зүгээс соёлын өвтэй холбоотой гомдол мэдээлэл харьцангуй бага Цахим орчинд ийм төрлийн гомдол мэдээлэл их байдаг ч өргөдөл хэлбэрээр манай төв хандах нь маш цөөхөн. Орон нутагт соёлын өв сүйтгэгдэж буй асуудалд сонор сэрэмжтэй байж, энэ тухай мэдээллийг нутгийн иргэд холбогдох байгууллагад шуурхай холбогдож хэлж байх нь зүйтэй. Энэ бол иргэний үүрэг. Бид соёлын үл хөдлөх өвийг авран хамгаалах ажлыг жил бүр зохион байгуулдаг ч зарцуулж буй хөрөнгө нь маш бага. Ердөө 100 саяас хэтрэхгүй. Энэ нь соёлын өвийн үл хөдлөх дурсгалыг авран хамгаалахад хаана ч хүрэлцэхгүй гэж хэлэхэд буруудахгүй.

Соёлын өвийн эд өлгийн зүйлсийг хилээр давуулахаас урьдчилан сэргийлэх гол хөшүүрэг нь лиценз олголт аж. Манай улсын хувьд соёлын өвд хамаарах түүх соёлын үнэт дурсгалт зүйлсийг улсын хилээр судалж шинжлэх, сэргээн засварлах, үзэсгэлэнд гаргах, тухайн өмчлөгч гэсэн дөрвөн хэлбэрээр авч гарахыг зөвшөөрдөг. Тухайн өмчлөгч нь соёлын үнэт эд өлгийн зүйлсийг хилээр давуулах гэж буй тохиолдолд бүртгэл мэдээллийн санд бүртгүүлсэн, лиценз авсан байх шаардлагатай аж. Хэрэв түүх, соёлын үнэт дурсгалын эд өлгийн зүйлс нь лицензгүй тохиолдолд хууль бус гэж үздэг байна. Одоогоор манай улс соёлын өвийг хамгаалах, хууль бусаар хил давуулахаас урьдчилан сэргийлэх тал дээр эсрэг худалдаа болон хил гааль гэсэн үндсэн хоёр чиглэлд хяналт тавьж ажиллаж байгаа аж. Гэсэн ч иргэдийн оюун санаанд соёлын өвийн тухай ойлголт, түүний үнэ цэнийг нь мэдрүүлж байж олон нийтийн оролцоо идэвхжин хандлага өөрчлөгдсөнөөр энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох гол хөшүүрэг болно гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж