Япончууд шагналын тавцанг эзэгнэлээ | News.MN

Япончууд шагналын тавцанг эзэгнэлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Япончууд шагналын тавцанг эзэгнэлээ

Япончууд шагналын тавцанг эзэгнэлээ

Жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэй 66 кг болон эмэгтэй 52 кг-ын жингийн барилдаан болж, медалийн эзэд тодорлоо. Энэ өдөр япончууд эрэгтэй болон эмэгтэй жинд тус бүр хоёр тамирчин сойсон нь бүгд шагналын тавцан дээр гарсан байна. Эрэгтэй 66 кг-ын жинд 92 жүдочин өрсөлдөж, Х.Абе аварга хүрэл медаль хүртсэн бол шагналын тавцанд гарсан бусад гурван жүдоч анх удаагаа дэлхийн аваргаас медаль хүртэв.

Тэмцээнийг зохион байгуулагч Япон улсаас барилдсан Х.Абе аварга Италийн М.Ломбардог иппоноор ялж, хүрэл медаль хүртсэн бол Ё.Мураяма аваргын алтан медалийн төлөө БНСУ-ын Ким Лим-хваныг ялж, анх удаагаа дэлхийн аваргаас медаль хүртэхдээ алтан медалийг энгэртээ зүүлээ. Манай улсын тамирчин Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Румын улсын бөх Д.Виерутай барилдсан ч медалийн үзүүрээс атгаад алдсан.

Тэмцээний А болон В хэсгийг тэргүүлэн барилдсан бөхчүүд өрсөлдөгч нартаа ялагдсан бол C болон D хэсгийг тэргүүлэн барилдсан Японы бөхчүүд итгэл төгс хэсгээ тэргүүлэн, хоёр талаас хагас шигшээд тааран барилдсан. Энэ барилдаанд “битүү” морь Ё.Мураяма дэлхийн хошой аварга Х.Абег ялж, шигшээд шалгарсан бол БНСУ-ын Ким Лим-хван Украйны Б.Иадовыг, Румын улсын Д.Виеру Италийн М.Ломбардог тус тус хожиж, хагас шигшээд шалгарсан байна.

Манай улсаас барилдсан Ё.Басхүү мастер шагналт 5-р байранд шалгарч, жиндээ хатуу хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулаад авлаа.

Эрэгтэй 66 кг-ын медалийн эзэд:

Алт: Ё.Мураяма (Япон)

Мөнгө: Ким Лим-хван (БНСУ)

Хүрэл: Х.Абе (Япон), Д.Виеру (Румын)

Эмэгтэй 52 кг-ын жинд мөн сонирхолтой барилдаан гарсан бөгөөд жингийн шилдгүүд шилдэг найм дээр гарч ирсэн. Хагас шигшээд Японы А.Шишимэг буулган авч хэсгээ тэргүүлсэн Косовогийн алдарт бөх М.Келменди С хэсгийн тэргүүлэн гарч ирсэн У.Абетай барилдсан. Энэ барилдааныг жүдо бөх сонирхогчид хүсэн хүлээж байсан бөгөөд М.Келменди болон У.Абе нар дэлхийн дэвжээнд анх удаагаа таарч барилдахад 19 настай Япон жүдочин У.Абе ялалт байгуулснаар аваргын төлөө шалгарч улмаар Оросын Н.Кузютинаг ялж дэлхийн аваргын хошой алтан медалиа хүртсэн.

Харин хагас шигшээд У.Абед ялагдсан М.Келменди аварга Португалын Й.Рамосыг ялж хүрэл медалийг хүртжээ. Японы У.Абе аваргаа хамгаалсан бол дэлхийн аваргын алт, мөнгөтэй А.Шишимэ хүрэл медалийн төлөө Францын А.Бучардтай барилдан ялснаар хүрэл медаль хүртсэн байна. Энэ жинд манай улсаас барилдсан Л.Сосорбарам эхний өрсөлдөгчөө ялсан боловч дараагийн тойрогт Италийн О.Гуйффридад хожигдон үзэгчдийн суудалд шилжсэн.

Эмэгтэй 52 кг-ын жингийн медалийн эзэд:

Алт: Ута Абе (Япон)

Мөнгө: Наталья Кузютина (Орос)

Хүрэл: Ай Шишиме (Япон), М.Келменди (Косово)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж