Үндэсний их баяр наадамд зодоглосон хоёр бөхөөс допинг илэрсэн дуулиан дэгдээд байгаа билээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр /2019.08.26/ хуралдаж, бөхчүүдийн допинг болон бусад асуудалтай холбогдуулан тодорхой тайлбар, шийдвэр гаргав.
СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН НЬ ТОГТООГДВОЛ ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦНО
Допинг илэрсэн нэг бөх нь энэ жилийн наадмын түрүү бөх, улсын аварга Э.Оюунболдоос дөрвөн төрлийн бодис илэрсэн гэдгийг хорооноос мэдээлэв. Түүнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрсэн нь тогтоогдсон байна.
Тэрбээр хуульд заасан журмын дагуу В сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ өгөөгүй бөгөөд түүний асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь, Э.Оюунболд аваргын хувьд өөрөө шинжилгээг сольсон, санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Хэрэв допинг илэрсэн нь тогтоогдвол цолыг нь хураах, дараагийн бөхчүүдэд нь цол олгох эсэх зэрэг олон ээдрээтэй асуудал араас нь хөвөрнө.
Одоогоор энэ асуудал тодорхойгүй, Ерөнхийлөгчийн цол олгох зарлиг гарсан учраас салбар хороод болон бусад холбогдох албаныхан ямар шийдвэр гаргах эсэх нь тодорхой болно. Гэхдээ сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол дараах хуулиар хариуцлага тооцох зохицуулалттай юм.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРЭМД:
- 9.3.5. сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;
- 9.3.6. олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан сэргээшийн жагсаалтад орсон хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд Салбар хорооны шийдвэрээр Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага ногдуулах.
ӨСӨХ ИДЭР НАЧИН Д.ЦЭРЭНТОГТОХ В СОРЬЦЫН ШИНЖИЛГЭЭ ӨГЧЭЭ
Улсын наадамд тавын даваанаас хойш барилдсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас хоёроос нь илэрсэн гэдгийг албаныхан хэлж буй. Улсын аварга Э.Оюунболдын нөгөө бөх хэн бэ гэх таамаг олон нийтийн дунд байсан. Тэр бөх нь Өсөх идэр начин Д.Цэрэнтогтох байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Түүнээс нэг төрлийн допингийн төрлийн бодис илэрсэн бөгөөд тэрбээр хүлээн зөвшөөрөхгүй, В сорьцын шинжилгээ өгөхөөр албан ёсоор хүсэлтээ гаргаж, шинжилгээг Допингийн холбоо БНСУ руу явуулсан байна. Тиймээс одоо В сорьцын шинжилгээний хариугаа хүлээж буй юм байна. Улсын начин Д.Цэрэнтогтох өмнө нь допингийн бодис илрээгүй гэж мэдэгдэж байв. Тэрбээр Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх юм.
УЛСЫН ГАРЬД Ш.ЖАРГАЛСАЙХАНЫ БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХ УУ?
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан бас нэг шийдвэр бол барилдаж байхдаа учраа бөхтэйгээ зүй бус харьцсан хэмээн Улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцох байв. Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын гарьд Ш.Жаргалсайхан нь улсын наадмын дөрвийн даваанд барилдаж, элэг бүсээ өгөхдөө учраа бөхөө санаатайгаар тохойлдож, зүй бус үйлдэл гаргасан гэж үзэж, хариуцлага тооцоохоор болж, одоогоор ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байгаа юм.
Гэхдээ хуульд наадамчин олноо үл хүндэтгэсэн, учраа бөхөө санаатайгаар гэмтээсэн тохиолдолд тухайн бөхийн барилдах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах, мөнгөн торгууль ногдуулах зохицуулалттай юм байна. Гэхдээ энэ асуудлыг мөн л хурлаар шийдэх боломжтой аж.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРЭМД:
- 9.3.3. наадамчин олон, баяр наадмаа үл хүндэтгэсэн, төрийн ёслол, зан уламжлалыг зөрчсөн үйлдэл хийсэн, учраа бөхөө санаатайгаар гэмтээсэн тохиолдолд тухайн бөхийн барилдах эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах.
ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРСНЫ ДАРАА ЦОЛ ОЛГОХ САНАЛ ГАРГАЖЭЭ
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос ирэх жилээс эхлэн допингийн шинжилгээний хариу ирсний дараа улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргасан байна. Тодруулбал, допингийн шинжилгээний хариу гарахаас өмнө цол, тэмдэг олгох Ерөнхийлөгчийн зарлиг гардаг учраас цаашид допингийн шинжилгээний хариу ирсний дараагаар улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах санал хуралдаанаас гарсан байна.
Мөн ирэх жилээс Үндэсний их баяр наадмыг улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэдэг байх, сум, аймгийн наадмыг нэгэн зэрэг, улсын баяр наадмын өдөртэй хамтатгах нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс дээрх шийдвэрүүдтэй холбоотой Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулахаар болсон байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ