Зуны гурван сар нам гүмхэн байсан нийслэл хот оюутан сурагчдын хөл, хөдөлгөөнд дарагдаж эхэлжээ. Хичээлийн шинэ жил эхлэхээр их, дээд сургуульд суралцахаар нийслэл хотыг зорин ирэх оюутнуудад хамгийн чухал нь амьдрах газар. Оюутны байр олдоц муутай байдаг гэх яриа энэ жил лав яригдахгүй бололтой. Учир нь ихэнх оюутнууд 1-2 өрөө орон сууц хөлслөн тохь тухтай амьдрахыг илүүд үзэх болсон байна. Үүнээс гадна энэ жил Ерөнхий боловсролын сургуулийг 10 мянган хүүхэд төгссөн нь өмнөх жилүүдээс цөөн үзүүлэлт юм.
Их, дээд сургуульд элсэн суралцагчдын тоо бага байгаа учраас дотуур байрны хүрэлцээ өмнөх жилүүдийнх шиг асуудал үүсгэхгүй гэдгийг албаныхан хэлж байна. Энэ удаа бид оюутны байрны хүрэлцээ, үнэ ханшийн талаарх мэдээллийг хүргэхийг зорьсон юм. Улаанбаатар хотын хэмжээнд 58 дотуур байр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд байрны жилийн төлбөр 450-850 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Сургалтын төлбөрийн хувьд таван их, дээд сургууль инфляцийн өсөлттэй холбоотойгоор арван хувиар сургалтын төлбөрөө нэмжээ. Тодруулбал, зөвхөн нэгдүгээр курсын оюутны төлбөрийг 10 хувь нэмсэн байна.
ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ ТОГ ЦАХИЛГААНЫ МӨНГИЙГ ТООЛУУРТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн О.Янжмаа “Улсын хэмжээнд нийт 58 дотуур бий. Үүнээс ихэнх нь төрийн өмчит их, дээд сургуулийн дотуур байр. 2019-2020 оны хичээлийн жилд 10 гаруй мянган оюутан шинээр элсэн орсон. Өмнөх жилтэй харьцуулахад энэ хичээлийн жил элсэгч цөөхөн байна. Бараг 50 хувь цөөн учраас хичээлийн жилд дотуур байранд элсэх оюутны тоо хангалттай хүрэлцэнэ. Дотуур байрны жилийн төлбөр 450-780 мянган төгрөг дотор хэлбэлзэж байна.
Жилд 450 мянган төгрөг төлөөд тог, цахилгаан усны төлбөрийг төр дааж байна. Гэтэл оюутнууд төгсөөд айл гэр толгойлох улсууд хэр зэрэг арвич хямгач болж төгсөж байна вэ гэдэг асуудлыг бид эргэж бодох ёстой. Учир нь өнгөрсөн хичээлийн жилд судлаачдын багаар дотуур байруудад эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Үүнээс харахад оюутнуудынхаа бие даасан, арвич хямгач байдлыг орхигдуулж болохгүй гэдэг нь анзаарагдсан. Оюутны дотуур байрны тог цахилгааны мөнгийг тоолууртай болгох хэрэгтэй. Хуучин оюутны байруудад тог усны тоолуур тавихад хүндрэлтэй. Орчин үеийн байруудад тавигдах талаар яригдаж байна. Анхлан хийгдэхэд хөрөнгө мөнгө ихээхэн шаардагдана. Гэхдээ бид амьдралын арга ухаанд суралцсан оюутнуудыг л бэлдэх ёстой” гэв.
"ОЮУТНЫ ӨРГӨӨ" ЖИЛИЙН ТӨЛБӨР НЬ 850.000 ТӨГРӨГ
Шинжлэх ухаан технологийн их сургууль /ШУТИС/ энэ сарын 25-ны өдрөөс шинэ оюутнуудаа бүртгэж эхэлжээ. ШУТИС оюутны таван дотуур байртай бөгөөд жилдээ 1800 гаруй оюутан хүлээн авдаг. Нэг жилийн төлбөр 700 мянган төгрөг. Монгол Улсын боловсролын их сургуулийн /МУБИС/ харьяа “Оюутны өргөө” 1, 2 байрууд есдүгээр сарын 2-ноос шинэ оюутнуудаа байрандаа оруулах аж.
Хуучин оюутнууд аль хэдийнэ байрандаа тохиноод амжжээ. Тодруулбал, оюутнуудын эрэлт хэрэгцээн дээр үндэслэн, одоогоос долоон жилийн өмнө “Оюутны өргөө” буюу хүмүүсийн хэлж заншсанаар 1000 оюутны байрыг ашиглалтад оруулсан. Тус байранд төрийн өмчийн нийт 22 их, дээд сургуулийн оюутнууд амьдардаг. Дотуур байранд оюутнуудыг энэ сарын 25-ны өдрөөс бүртгэж эхэлжээ.
Дотуур байрны төлбөр сарын 85.000 төгрөг бөгөөд арван сарын төлбөр болох 850.000 төгрөгийг бэлнээр авдаг байна. МУБИС харьяа оюутны байр учраас өөрийн сургуулийн оюутнуудыг түлхүү оруулдаг, бусад сургуулиудын оюутнуудад квот олгодог аж.
МУИС-ИЙН ОЮУТНЫ БАЙРНЫ ЖИЛИЙН ТӨЛБӨР 650 МЯНГАН ТӨГРӨГ
Монгол Улсын их сургууль оюутны зургаан дотуур байртай бөгөөд жилд дунджаар 1600-гаад оюутан хүлээн авдаг байна. Тус сургуулийн оюутны байранд орох хүсэлтэй оюутнууд сургуульдаа албан ёсоор бүртгэлээ хийлгэж, оюутны дугаараараа сургалтын удирдлагын системд бүртгүүлэх журамтай. Харин төлбөрийн тухайд орчин нөхцөл, тохижилтоосоо шалтгаалаад нэг жилийн 450-650 мянган төгрөгийн төлбөртэй байна.
АШУҮИС оюутны гурван байртай бөгөөд жилийн төлбөр нь 500 мянган төгрөг. Нийтдээ 1100-1200 оюутны багтаамжтай гэнэ. ХААИС гурван дотуур байртай бөгөөд 1300 оюутан хүлээн авах хүчин чадалтай. Тус сургуулийн оюутнуудын жилийн төлбөр нь 550 мянган төгрөг бол бусад сургуулийн оюутан 650 мянган төгрөг төлөх аж.
Төрийн өмчит их, дээд сургуулийн оюутны байранд суух оюутнуудад эмчийн үзлэг, В.С вирусын шинжилгээнд заавал хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байна. Төрийн хэвшлийн болон хувийн томоохон сургуулиудын оюутны байрны тухай цогц мэдээллийг хүргэхэд ийм байна.
Үүнээс гадна Стандартчилал хэмжилзүйн үндэсний зөвлөл 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Оюутны дотуур байрын үйлчилгээний нэгдсэн стандарт”-ыг баталж, 2010 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон байдаг. Уг стандартаар оюутны дотуур байрны үйлчилгээ, дотуур байрны өрөөний зохион байгуулалт, ариун цэврийн өрөө, номын сан, өрөөний цонх зэргийг стандарттай болгожээ.
Оюутны байруудын 60 шахам хувь нь 1960-1980 онд баригдсан бөгөөд өнөөгийн мөрдөж буй стандартыг хангаж чадахгүй байгаа хэдий ч их, дээд сургуулиуд оюутны байрны орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр жил бүр урсгал болон бүрэн засвар хийн ажиллаж байгааг албаныхан хэлж байсан юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ