Т.Аюурсайхан: Шүүхийн хараат бус байдлыг хангах заалтыг хассан

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Т.Аюурсайхан: Шүүхийн хараат бус байдлыг хангах заалтыг хассан

Т.Аюурсайхан: Шүүхийн хараат бус байдлыг хангах заалтыг хассан

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2019.08.27/ хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Өнгөрсөн өдрүүдэд зөвшилцлийн ажлын хэсгүүдийн саналуудыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор МАН дотор багагүй “зөрчил” үүсээд байгаа юм. Ялангуяа УИХ-ын гишүүдийн тоо, парламентын хугацааг нэмэх, шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтууд гишүүдийн шүүмжлэлийг дагуулж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангасан заалтуудыг унагасан нь гишүүдийн шүүмжлэлийг дагуулаад байх шиг байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгагдсан байгалийн баялгийг яаж зарцуулах, ашиглах, ард түмэнд хуваарилах, цорын ганц хөгжлийн тулгуур болсон байгалийн баялгийн тэгш хуваарилалт, шүүхийн реформ байх ёстой гэсэн саналуудыг дэмжиж байсан. Ялангуяа шүүх бол нэг хүний хараат байдал одоо ч явж байгаа. Нэг хүн бүх шүүгчийг томилж, чөлөөлж, бүрдүүлж, бүх насаар нь томилж болдог тогтолцоо нь нийгмийг гажуудуулсан. Одоогийн, дараагийн Ерөнхийлөгч ч яг ийм замаар явж байна. Тиймээс шүүхийг хараат бус болгох ёстой. Түүнээс гадна гаргасан шийдвэрийнх нь төлөө хариуцлагатай, бие даасан шийдвэр гаргадаг байгууллага байх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байсан учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжсэн. Гэвч байгалийн баялаг дээр стратегийн орд газрын 51-ээс доошгүй хувь нь төрийн өмч бөгөөд ард түмний мэдэлд байна гэх заалт явсангүй. Мөн шүүхийг яаж хариуцлагатай, шударга, ил тод, хараат бус байлгах вэ гэдэг асуудал өнөөдрийн байдлаар явсангүй. Өнөөдөр Засгийн газрын тэргүүн нилээн олон шийдвэр гаргаж, 2017 оноос хойш ард түмэн баялгийн эзэн байх ёстой гэж УИХ-ын дарга, хуулийн байгууллагыг шинэчилсэн. Тиймээс шүүхийн реформ хийх ёстой байсан. Шүүх дээр томоохон хэргүүд замхарч, саармагжиж байна.

-Гэхдээ анхны өргөн баригдсан төслөөс ихэнх заалтууд хасагдчих шиг боллоо?

-Харамсалтай нь Ерөнхийлөгчийн саналаар, шахалтаар хассан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн 49-р зүйлд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн тавыг нь шүүхийн байгууллагаас өрсөлдүүлж, тавыг нь УИХ дээр хараат бусаар буюу нээлттэй сонсгол, өрсөлдөөний зарчим зэрэг өндөр босготойгоор томилох”, мөн шүүгч нарыг Ерөнхийлөгчийн шийдвэрээр бус шүүгч нар дотроосоо сонгож, Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүгч нараа сонгож, түүнийг нь Ерөнхийлөгч батламжлах ёстой. Хэрэв томилгоо Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл олон нийтэд мэдээлж, татгалзах эрхтэй байхаар зохицуулалт хийж өгсөн. Түүнээс гадна шүүхийн хариуцлагын зөвлөл байгуулж, өндөр босготойгоор иргэдээс сонгон шалгаруулж, бүх  шатны шүүгчид хариуцлага тооцдог, шаардлагатай бол чөлөөлдөг, огцруулдаг зэрэг шүүхийг хариуцлагатай болгох тогтолцоог тусгасан байсан. Гэвч эдгээр заалтууд хасагдсан. Тиймээс миний хувьд эдгээр саналуудыг хассантай санал нийлэхгүй, үүнийгээ ч удаа дараа илэрхийлж байна. Шүүхийг хариуцлагатай, хяналттай, хараат бус, хариуцлагатай болгох заалтуудыг хасч байгаа нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн гол зүйл нь байсан.

-Ерөнхийлөгч шүүхийн ерөнхий зөвлөлийг томилдог хэвээр үлдсэн гэсэн үг үү?

-Одоогийн байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийг яаж байгуулах вэ гэдэг заалт дэмжигдсэн байна. Гэхдээ Ерөнхийлөгч шүүгч нарыг томилох, чөлөөлөх бодит эрхтэйгээ үлдсэн байна. Анх өргөн баригдсан төсөлд тусгагдсан заалтуудыг хасч, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сонгож, түүнийг нь Ерөнхийлөгч батламжлах байсан ч тэр заалтуудыг бүхэлд нь хассан.

-МАН-ын бүлгийн гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн саналуудыг дэмжиж байгаа юу?

-Д.Лүндээжанцан гишүүн тайлбарлахдаа шүүхийн асуудлыг бүлэг дээр бус байнгын хорооны хуралдаан дээр хасагдсан гэж тайлбарлаж байна. Органик хулиараа шүүхийн реформыг шинэчлэх боломжтой гэсэн тайлбар өгсөн. Хэрэв органик хуулиар засах боломжтой юм бол Үндсэн хуульд гар хүрэх шаардлагагүй байсан. Үндсэн хуульд гар хүрч байгаа бол шүүхийн байгууллагыг сайжруулах, илүү хяналттай, хариуцлагатай болгох заалтыг оруулах ёстой.

-Бүлгийн хуралдааныг харж байхад ирц бага байх шиг байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхэд чуулганы ирц хүрэх болов уу. Босго их өндөр шүү дээ?

-Гишүүдийн ирц хүрэхгүй байна гэдэг нь итгэл үнэмшилгүй байгаагийн илрэл байх.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж