"Рио Тинто зардал өссөн гэдгээ тооцоололтой гаргаж ирэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

"Рио Тинто зардал өссөн гэдгээ тооцоололтой гаргаж ирэх ёстой"

"Рио Тинто зардал өссөн гэдгээ тооцоололтой гаргаж ирэх ёстой"

Сүүлийн хагас жил олны анхаарлын төвд буй Оюутолгой төслийн гэрээг тойрсон асуудал Засгийн газар, УИХ-ын түвшинд хариултгүй өнөөг хүрлээ. Тус төслийн гэрээний хэрэгжилтийг Монголын талд ашигтай болсон эсэхийг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-аас өнгөрсөн жил байгуулагдаж, жил хэртэй ажиллаж дүгнэлтээ гаргасан. Дүгнэлтэд гэрээ манай талд ашиггүй, Монголын талын хүртэх ашиг 2055 он хүртэл 31 хувь байх тооцооллыг хийсэн байдаг.

Оюутолгой төслийг цаашид хэрхэх тухай улс төрийн томоохон шийдвэрийг Засгийн газар гаргах учиртай ч Үндсэн хуулийн төсөлд дарагдав. Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийн дагуу УИХ-аас гаргах шийдвэрийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч хэзээ хэлэлцэх нь мөн л тодорхойгүй байна. Тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, гишүүдээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нарын 10 гаруй гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн явц ямар байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс тодрууллаа.

-Оюутолгой төслийн гэрээг сайжруулахтай холбоотой тогтоолын төслийг боловсруулж дууссан уу. Хэзээ УИХ-аар хэлэлцэх вэ?

-Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан Д.Тэрбишдагва гишүүний ахалсан ажлын хэсгийн зүгээс гэрээнд анхаарах шаардлагатай 80 гаруй асуудлыг дүгнэлтэд тусгасан. Улмаар уг ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу УИХ-д тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэгт 10 гаруй УИХ-ын гишүүн ажиллаж байна. Бидний хувьд гэрээнд шинэ зүйл оруулах эрх байхгүй. Д.Тэрбишдагва гишүүний ахалсан ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу тогтоолын төсөл боловсруулах ёстой. Үндсэндээ гурван хувилбараар тогтоолын төсөл боловсруулаад ажлын хэсгийн гишүүддээ тараасан. Харамсалтай нь өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа учраас өөр асуудал  хэлэлцэх боломжгүй.

Гэрээг Монголын талд ашигтай болгох шаардлагатай гэж ажлын хэсгийн дүгнэлтэд тусгагдсан нь гол асуудал. Гэрээг авч үзэх зайлшгүй шаардлага бий. Ялангуяа 2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Дубайд очиж хийсэн далд уурхайн санхүүжилтийн гэрээг цуцалж, Монголын талд ашигтай болгох, Монголын хууль, дүрэмд нийцүүлж хийх шаардлагатай. Тогтоолын төсөл боловсруулахдаа бид ажлын хэсгийн дүгнэлтийг өөрчлөх эсвэл нэмж, хасах эрх бидэнд байхгүй гэдгийг дээр яриандаа хэлсэн. Тийм учраас ажлын хэсгийн оруулж ирсэн дүгнэлтийн 80 гаруй асуудлыг нэгтгэж багцлаад 15-20 асуудалд багтаан тогтоолын төсөл боловсруулсан. Өнөөдөр /2019.08.26/ ажлын хэсгийн гишүүд уулзалдаж, хурлаа хийхээр төлөвлөж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх явцад, эсвэл дараа нь тогтоолын төслийг хэлэлцэнэ.

-Тогтоолын төсөлд тусгагдаж байгаа гол заалтууд нь юу вэ?

-Дубайн гэрээг өөрчлөх хэрэгтэй. Тухайн үед энэ гэрээг байгуулахдаа УИХ-д ч танилцуулаагүй, хууль дүрэм зөрчсөн. Хоёрдугаарт, Монголын талын эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх, цаашлаад манайх хувь авах бус ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр АМНАТ-ийг нэмэгдүүлэх, эсвэл гарч буй бүтээгдэхүүнийг хуваах зэрэг Монголын талд ашигтай байх олон хувилбарыг авч үзэх ёстой. Мөн бараа бүтээгдэхүүний урсгалын 34 хувьтай тэнцэх хэмжээний валютыг Монголоор дамжуулах зэрэг энэ бүхнийг өөрчлөх шаардлага бий. Оюутолгой зэс, алтны компани мөн дээрээс нь бусад ховор металлуудтай. Оюутолгой компани Монголын геологийн төв лаборатори, гаалийн лабораторийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, Хятад, Английн лабораторид металлаа шинжлүүлдэг. Үүнийг болиулж, Монголд шинжлүүлэх, мөн гэрээний ил тод байдлыг хангах, менежмент, үйлчилгээний төлбөр гэх мэт төлбөрүүдийн хувь хэмжээг багасгах шаардлага бий.

Дараагийн асуудал нь Монгол ажилчдын цалин гаднын ажилчдынхаас хэт зөрүүтэй байгаа. Үүнийг тодорхой хэмжээнд хуулийн хүрээнд авч үзэх нь зөв. Оюутолгой ордын гэрээний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг байнгын хороогоор нээлттэй ярьсан шиг тэр хэмжээнд тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард суух байх гэж бодож байна.

-"Рио тинто" компани далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөнийг мэдэгдсэн. Төслийн зардал нэмэгдэх нь Монголын талд оногдох зээлийн хэмжээг нэмэгдүүлж, ногдол ашиг авах хугацааг тэр хэрээр хойшлуулах эрсдэл үүснэ. Энэ талаар ажлын хэсгийн гишүүдэд мэдээлэл ирсэн үү?

-ТЭЗҮ тооцооллоос өссөн гэж байгаа. Зардал өсөж, багасч болно. ТЭЗҮ бол төсөөлөл. "Рио Тинто" далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн гэдгээ тооцоололтой гаргаж ирэх ёстой. Монгол Улс 2040 оноос эхлэн ногдол ашгаа хүртэхээр байтал зардал нь өсөөд байвал мэдээж ногдол ашиг хүртэх хугацаа хойшлогдоно гэсэн үг. Тийм учраас "Рио Тинто" зардал өссөн тухайгаа Засгийн газар болон УУХҮЯ-д үндэслэлтэй холбогдох дүгнэлт гаргадаг байгууллагуудын дүгнэлттэйгээр ярих ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж