Сингапурын тэрбумтны өв залгамжлагч залууд дурласан эгэл жирийн бүсгүйн тухай өгүүлэх ‘Crazy rich Asians’ (Галзуу баян азиуд) кино өнгөрсөн онд том дуулиан тарьсан билээ. Одоо бодит амьдрал дээрх галзуу баян азиудын тухай энд өгүүлэх гэж байна. Азийн толгой баячуудын тоонд Энэтхэгийн “Reliance” групп, Өмнөд Солонгосын “Samsung” корпораци, Японы “Suntory” компани багтаж байна. Азийн хамгийн баян 20 гэр бүлийн ердөө 30 хувь нь Хонгконгоос гаралтай аж.
Энэтхэгийн “Reliance” групп нь эрчим хүч, нефтийн химийн бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл, байгалийн баялаг, жижиглэн худалдаа, цахилгаан холбоо зэрэг олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тус группын өв залгамжлагч Мукэш Амбанийн эцэг гэр бүлийн бизнесээ 100 сая ам.доллар байхад өвлөн авсан бөгөөд хүүхдэдээ ядуу байх ямар байдгийг огт мэдэхгүй гэж хэлж байжээ. Мукэш Амбанийн гэр бүл Мумбай хот даяар сүндэрлэх олон цамхагийг эзэмшдэг аж.
Азийн тэргүүн баян 20 гэр бүлийн нийт хөрөнгийг нийлүүлбэл 450 тэрбум ам.долларт хүрч байна. “Bloomberg” агентлагийн жагсаасан хөрөнгөтөн гэр бүлийн жагсаалтад “Alibaba” группын эзэн Жэк Ма зэрэг эхний үеийн баячуудыг багтаагаагүйг энд онцолж байна.
Азийн тэргүүн баячуудын жагсаалтыг хүргэе.
1. Амбани гэр бүл
Компани: Reliance Industries
Байршил: Энэтхэг
Үе залгамжлал: 3
Хөрөнгийн хэмжээ: 50.4 тэрбум ам.доллар
“Reliance Industries” гурпп 1957 онд үүсгэн байгуулагджээ. Группын тэргүүн Дхирубхай Амбани нь 2002 онд ямар нэгэн гэрээслэл үлдээлгүй таалал төгссөнөөр хоёр хүү Мукэш, Анил нар нь гэр бүлийн хөрөнгөө тохиролцон хуваан авчээ.
2. Квок гэр бүл
Компани: Sun Hung Kai Properties
Байршил: Хонгконг
Үе залгамжлал: 3
Хөрөнгийн хэмжээ: 38 тэрбум
Квок Так-сэн компаниа 1972 онд үүсгэн байгуулсан ба Хонгконгийн хамгийн том үл хөдлөхийн бизнесмен болж чаджээ. Түүнийг 1990 онд нас барсны дараа 3 хүү нь гэр бүлийн хөрөнгөө хуваан эзэмшиж байна.
3. Чайраванонт гэр бүл
Компани: Charoen Pokphand Group
Байршил: Тайланд
Үе залгамжлал: 4
Хөрөнгийн хэмжээ: 37.9 тэрбум ам.доллар
Чиа Эк Чор нь Хятадын өмнөд хэсгийн тосгоноос Тайландад 1921 дүрвэж ирээд ахтайгаа хамт хүнсний ногооны үр зарж эхэлсэн. Бараг 100 жилийн дараа түүний хүү Дханин Чайраванонт хүнс, жижиглэн худалдаа, харилцаа холбооны группын захирал болж, гэр бүлийн бизнес нь өргөжжээ.
4. Хартоно гэр бүл
Компани: Djarum, Bank Central Asia
Байршил: Индонез
Үе залгамжлал: 3
Хөрөнгийн хэмжээ: 32.5 тэрбум ам.доллар
Оей Виэ Гван 1950 онд утаат тамхины брэндийг худалдан авч “Djarum” хэмээн нэрлэсэн ба Индонезийн хамгийн том утаат тамхи үйлдвэрлэгч компани болж өргөжсөн. Оей 1963 онд нас барсны дараа түүний хоёр хүү нь “Bank Central Asia”-д хөрөнгө оруулах замаар гэр бүлийн бизнесээ өргөжүүлжээ.
5. И гэр бүл
Компани: Samsung
Байршил: Өмнөд Солонгос
Үе залгамжлал: 3
Хөрөнгийн хэмжээ: 28.5 тэрбум ам.доллар
И Бён-чул жимс, хүнсний ногоо, загас экспортлох “Samsung” худалдааны компанийг 1938 онд байгуулжээ. Хожим 1969 онд тэрбээр цахилгаан барааны бизнест хөл тавьснаар дэлхийн хамгийн том санах ой, ухаалаг утасны үйлдвэрлэгч болж өргөжжээ. И Бён-чулыг 1987 онд нас барсны дараа түүний гурав дахь хүү И Кун-хи бизнесийг нь залгамжилсан ч 2014 онд зүрхний шигдээс өвчнөөс болж хүү И Жэ И-д корпорацийн удирдлагыг шилжүүлсэн.
6. Ёовидхя
Компани: TCP Group
Байршил: Тайланд
Үе залгамжлал: 2
Хөрөнгийн хэмжээ: 24.5 тэрбум ам.доллар
Чалёо Ёовидхя 1965 онд анх “T.C. Pharmaceutical” гэх эмийн үйлдвэрийг байгуулсан ба хожим өргөжиж, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон ба 1975 онд “Krating Daeng” гэх энергийн ундаа үйлдвэрлэсэн. Уг энергийн ундааг Тайландын "red bull" гэж нэрлэдэг аж. Чалёо 2012 онд нас барсны дараа түүний хүү Саравут “TCP” группын эзэн болжээ.
7. Мистри гэр бүл
Компани: Shapoorji Pallonji Group
Байршил: Энэтхэг
Үе залгамжлал: 5
Хөрөнгийн хэмжээ: 21.1 тэрбум ам.доллар
Мистри гэр бүлийн бизнес 1865 онд үүсгэн байгуулагдсан ба анх Английн бизнесментэй хамтран барилгын бизнес эхлүүлсэн аж. Өдгөө “Shapoorji Pallonji” групп олон төрлийн бизнес эрхэлдэг.
8. Си гэр бүл
Компани: SM Investments
Байршил: Филиппин
Үе залгамжлал: 3
Хөрөнгийн хэмжээ: 20.9 тэрбум ам.доллар
Хэнри Си нь Хятадад төрсөн боловч 12 настайдаа Филиппинд цагаачлан иржээ. Тэрбээр 1958 онд гутлын дэлгүүрээ нээхээс өмнө аавдаа туслан цагаан будаа, сарин загас, саван зэргийг худалддаг байжээ. Манила дахь жижигхэн гутлын дэлгүүрээс эхэлсэн гэр бүлийн бизнес өдгөө жижиглэн худалдаа, банк, үл хөдлөхийн бизнес эрхэлдэг том групп болж өргөжжээ. Группын мэдэлд 63 их дэлгүүр, 56 супермаркет байдаг.
9. Чиративат гэр бүл
Компани: Central Group
Байршил: Тайланд
Өв залгамжлал: 4
Хөрөнгийн хэмжээ: 20.3 тэрбум ам.доллар
Хятад гаралтай Тайландын гэр бүл 1947 онд анхны дэлгүүрээ нээж байжээ. Өдгөө “Central Group” нь Тайландын хамгийн том хувийн зар сурталчилгааны групп болж өргөжсөн ба 50 гаруй охин компани, салбар нэгжтэй.
10. Кадури гэр бүл
Компани: CLP Holdings
Байршил: Хонгконг
Үе залгамжлал: 4
Хөрөнгийн хэмжээ: 18.5 тэрбум ам.доллар
Элли болон Эллис Кадурын ах дүүс 1880-аад онд Багдадаас бизнес эхлэхээр Хонгконгод шилжин суурьшжээ. Тэд хамтдаа брокер, банк, үл хөдлөхийн бизнес эрхэлж, хэдэн үе дамжин амжилттай хүчирхэгжжээ.
Эх сурвалж: Bloomberg
Холбоотой мэдээ