Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган бөхчүүд сэргээшид нэр холбогдох болсон асуудлаар байр сууриа илэрхийлээд байна. Тэрбээр “Намайг боксоор хичээллэдэг байхад допингийн сургалтыг маш сайн өгдөг байсан. Одоо ч энэ талын сургалт хийдэг. Олимпт оролцох үеэрээ тамирчин сэргээш хэрэглэсэн бол маш хатуу шийтгэлтэй. Медалийг нь хурааж авна, дахиж спортын олон улсын тэмцээнд оролцохгүй болтол шийтгэдэг. Тийм учраас тамирчид амжилтаа хамгаалахын тулд хэрэглэх эм, витамин, тариа бүх зүйлдээ анхаардаг байсан.
Бөхчүүд допинг хэрэглэлээ гэдэг дуулиан гардаг. Яриаг нь сонсохоор бэртэл гэмтэл аваад эм хэрэглэсэн гэдэг. Тэгэхээр үнэхээр тэгсэн ч юм болов уу гэж боддог. Гэхдээ Баяр наадмыг зохион байгуулах хороо маш хатуу байр суурьтай байх ёстой. Тэгж байж, бөхчүүд айдаг болно.
Бид юунаас айдаг байсан гэхээр үхэхээс наахнуур болтлоо бэлтгэл сургуулилт хийж амжилт гаргаад медаль авдаг гэтэл, сэргээш илэрлээ гэвэл бүх зүйл байхгүй болно. Тийм учраас уух гэж байгаа нэг витаминыг ч харах л ёстой гэж болгоомжтой ханддаг байсан. Допинг илрэнгүүт л шүүхдээд явбал хэрүүл л гарахаас цаашгүй” гэжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ