Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 80 жилийн ойд

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 80 жилийн ойд

Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 80 жилийн ойд

(Молотов-Риббентропын гэрээний тухай)

1939 оны 8-р сарын 23-нд Москва Берлинтэй харилцан үл довтлох тухай гэрээ байгуулж, түүний хавсралт нууц протоколд гарын үсэг зурсан. Өнөөг хүртэл энэхүү шийдвэр зөв байсан эсэх тухай маргаан тасрахгүй байна. Барууны олон түүхч болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү гэрээг Зүүн Европыг өөр хоорондоо хувааж авсан Сталин, Гитлер нарын гэмт хуйвалдааны нотолгоо хэмээн танилцуулсаар байна. Европын ард түмнүүдийг дарамтлах «хоёр тоталитаризмын», «хоёр дарангуйлагчийн хуйвалдаан» зэрэг сэдвүүдийг дахин дахин сөхсөөр байна. Коммунизм болон нацизмыг Польш руу довтолж, Дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн «хамсаатнууд» хэмээн ижил түвшинд тавьсаар байна.

Уг богинохон нийтлэлийн хүрээнд ийнхүү «яллах» нь ямар ч утгагүй болохыг харуулах нь бидний үүрэг хэмээн үзэж байна.

1930-аад онд ЗХУ нь фашизмын эсрэг чиглэсэн маш тодорхой байр суурийг баримталж байв. Гитлерийн эсрэг эвсэл байгуулах асуудлаарх барууны гүрнүүдийн бодлого нь 1939 оны Зөвлөлт-Германы гэрээнд гарын үсэг зурах шалтгаан болсон гэдгийг «Молотов-Риббентропын пакт»-ын өнөөгийн шүүмжлэгчид дурсан санахыг огтоос хүсэхгүй байна.

Гитлерийн эсрэг уг эвслийг байгуулах саналыг Зөвлөлт Холбоот Улс нэг бус удаа тавьж байсан ч Европт дэмжлэг олж чадаагүй. Түүгээр ч зогсохгүй 1938 оны 9-р сард байгуулсан Мюнхений хэлэлцээрийн үр дүнд Англи ба Франц орнууд нь Чехословакийг Гитлерт даатган өгөв. Ингэснээрээ Лондон болон Парис нацизмын хор хөнөөлтэй эрч хүчийг зүүн зүгт чиглүүлнэ гэж найдаж байв.

Тэр үед ЗХУ нь Гитлертэй гэрээ байгуулаагүй Европын сүүлийн их гүрэн байв. Чухам Мюнхений хуйвалдаан нь дэлхийн хоёрдугаар дайнд бэлдэх явцын «үл буцах цэг» нь болсон юм. Дашрамд дурдахад, 1945 оны 2-р сард болсон Ялта дахь бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт Зөвлөлт-Германы гэрээний асуудлыг сөхөх гэж оролдоход И.В.Сталин: «Үнэнийг хэлэхэд, хэрэв Мюнхений хэлэлцээр байгуулагдаагүй байсан бол бид ч гэсэн Гитлерийн Германтай харилцан үл довтлох тухай гэрээ байгуулахгүй байсан» хэмээн маш товч хариулжээ.

Өрнөдийн гүрнүүд нь хоёр дайны хоорондын үед үзэл суртлын хувьд тэрсэлдэх Зөвлөлт улстай хамтын аюулгүй байдлын тогтолцоог бий болгохыг (Зөвлөлтийн талын санал болгож байсны дагуу) хүсээгүй бөгөөд түрэмгийлэгч орнуудтай байгуулсан хоёр талын гэрээнүүд нь аюулыг өөрсдөөс нь зайлуулна хэмээн найдаж байв.

Ийм нөхцөлд Зөвлөлт Холбоот Улс нь Европт тусгаарлагдан ганцаардсан ба аливаа асуудлууд түүнгүйгээр, түүний сонирхолд харшлахаар шийдвэрлэгдэж байв. Чехословакийг эзэлсний дараа Гитлер Польшийг, дараа нь Балтийн орнуудыг байлдан дагуулна гэдгийг ойлгохын тулд үзмэрч байх хэрэггүй байв. Энэ нь Германы цэргүүд Зөвлөлтийн хилд тулж очно, ингэхдээ ЗХУ-ын улс төр, аж үйлдвэр, соёл иргэншлийн хамгийн чухал төвүүд болох Ленинград, Минск, Киев, Одесса зэрэг хотуудад маш ойрхон байрлана гэсэн үг юм. ЗХУ өөрөө л өөрийнхөө эрх ашгийг хамгаалах талаар бодох хэрэгтэй болсон бөгөөд ингэхдээ урьд өмнө нь хэрэглэж байгаагүй арга хэрэгслүүдийг дайчлах шаардлага тулав.

Ийм нөхцөл байдалд Зөвлөлтийн дипломат алба маневрын ажиллагаа хийж, Берлиний харилцан үл довтлох тухай гэрээ болон түүний нууц хавсралт болох Европ дахь хоёр талын нутаг дэвсгэрийн ашиг сонирхлыг салган тусгаарлах тухай протоколын талаар хэлэлцээ эхлүүлэх саналыг хүлээн авсанд гайхах зүйлгүй болов уу? Тэрхүү түүхэн нөхцөл байдалд энэ нь цорын ганц зөв шийдвэр байсан юм. Тэр ч бүү хэл Гитлертэй ийм төрлийн хоёр талын баримт бичгүүдийг Британи, Франц, Польш зэрэг орнууд аль хэдийнэ байгуулсан байсан ба Зөвлөлт Холбоот Улс түүнээс өмнө бусдын хийсэн алхмыг дуурайсан билээ. Өөрөөр хэлбэл, барууны гүрнүүдийн зусарч бодлогын улмаас бусад сонголтууд үгүй болоход өөрийн аюулгүй байдлын эрх ашгийн асуудалд санаа тавьсан.

Энэхүү гэрээг эртнээс шүүмжилж байсан буюу сүүлд иймэрхүү шүүмжлэгчдийг дэмждэг болсон хүмүүс нь гол зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой – түрэмгийлэгчийг хөхиүлэн дэмжиж байдаг жинхэнэ хамтрагчид гэж байдаг юм. Барууны тэргүүлэгч гүрнүүдийн хариуцлагагүй болон Гуравдугаар Рейхтэй сээтэгнэсэн бодлого нь дэлхий нийтийг сүйрэлд хүргэсэн. Гитлерийг «тайвшруулагчид»-ын зөвшөөрөлтэйгээр Чехословакийг хагалан хуваасан ба үүнээс жилийн өмнө нацист Германы түрэмгий бодлогыг ЗХУ-ын эсрэг буюу зүүн тийш чиглүүлэхийн тулд «Австрийн аншлюс»-ийг буюу уг улсыг Германд нэгтгэхийг зөвшөөрсөн байдаг. Энэхүү аюулыг хойшлуулахын тулд гэрээг түүний нууц хавсралтын хамтаар байгуулсан ба, үнэнийг хэлэхэд, уг нууц гээд байгаа протоколууд нь аль хэдийн нууц байхаа больсон билээ.

Дашрамд сануулахад, 1939 оны Зөвлөлт-Германы гэрээний нууц хавсралтууд анх 1993 онд хэвлэгдэн нийтлэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нууцын зэрэглэлээс хасагдсан. Сонирхсон нэг нь үзэж, унших боломжтой. Үүнд: Герман, ЗХУ-ын хооронд 1939 оны 8-р сарын 23-нд байгуулагдсан харилцан үл довтлох тухай гэрээний болон түүний нууц протоколын сканнердсан хуулбар, мөн нууц хавсралтын тайлбарын хуулбар бий.

Тиймээс Зөвлөлт-Германы гэрээний талаар объектив хэмээх олон янзын судлаачдын хуурамч дургүйцэл, цааргаллаас татгалзах цаг болжээ. Уг асуудлын түүхэн бүх өргөлтүүдийг нь байх ёстой газруудад нь аль хэдийн байрлуулсан. Гэвч ЗХУ-ын эрх зүйн залгамжлагч болсон Орос Улсыг харлуулж, хүмүүсийн толгойг эргүүлэх гэсэн эрдэм шинжилгээний бус улс төрийн сонирхолтой этгээдүүдийн улмаас уг асуудлыг эргэн сөхөх шаардлагатай болдог.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж