БНСУ-д виз мэдүүлэхэд 5 сая төгрөг байршуулах шаардлагагүй боллоо

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

БНСУ-д виз мэдүүлэхэд 5 сая төгрөг байршуулах шаардлагагүй боллоо

БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн харьяатын газраас өнөөдөр /2019.08.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. БНСУ-руу Монгол иргэд зорчиход тавигддаг визийн журамд тодорхой өөрчлөлт орсон байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүс дараах мэдээллийг хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Монгол иргэд виз мэдүүлэхэд тавигддаг таван сая төгрөгийн барьцааны асуудлыг энэ оны есдүгээр сарын 2-ноос эхлэн цуцалж байна.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэдийн гэр бүл буюу эхнэр нөхөр БНСУ-д түр хугацаагаар ар гэртэйгээ уулзахаар зорчиход тавигддаг шаардлагыг хөнгөвчилж зөвхөн тухайн ажил эрхэлж буй иргэний сүүлийн зургаан сарын мөнгөн гуйвуулгын мэдээллийг авснаар тухайн иргэний ар гэрт нь богино хугацаагаар уулзаад ирэх энэ боломжийг нээж байгаа.

БНСУ-ын ЭСЯ-д виз мэдүүлээд БНСУ-д өмнө олон удаа зорчсон, визийн зөрчил гаргаагүй, хууль бусаар үлдэх магадлал багатай иргэдийн визийн материалыг 10 хоногийн хугацаанд шалгаж шийдвэрлэдэг горимд шилжиж байна.

БНСУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, виз хариуцсан консул Кил Кан Муг: Энэхүү өөрчлөлт нь 2019 оны есдүгээр сарын 16-ны өдрөөс хэрэгжих бөгөөд  дараах байдлаар хэрэгжинэ.

ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУХ МАГАДЛАЛ БАГАТАЙ ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН МАТЕРИАЛЫГ ШУУРХАЙ ШАЛГАНА

Нэгдүгээрт. Санхүүгийн бодит чадавхийг нотлон харуулах тогтолцоог нэвтрүүлэх

-Таван сая төгрөг байршуулах тогтолцоог хүчингүй болгож байна. Ингэхдээ сүүлийн зургаан сарын дансны хуулгаар санхүүгийн байдлаа нотлох байдлаар өөрчлөгдөж байна.

Хоёрдугаарт. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилчид буюу Е-9 ангиллаар ажиллаж буй гэр бүл

-Солонгост ажиллаж байгаа хүн сүүлийн зургаан сарын хугацаанд өөрийн гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг материалдаа хавсаргана. Гэхдээ тухайн ажилтны ар гэртээ шилжүүлсэн мөнгөн дүн, хөдөлмөрийн гэрээний хүчинтэй хугацааг шалгах ажээ.

Гуравдугаарт. Хууль бусаар, оршин суух, хууль бусаар хөдөлмөр эрхлэх магадал бага виз мэдүүлэгчийн материалыг шуурхай шалгах тогтолцоог нэвтрүүлж байна.

-Хууль ёсны дагуу хилээр олон удаа орж гарсан тэмдэглэлтэй, төрийн албан ажлаар томилогдон явж буй ажилтан.

Дөрөвдүгээрт. “Хур” системийг ашиглах

-“Хур” системийг ашиглан виз мэдүүлэх эсэхийг виз мэдүүлэгч өөрөө шийднэ.

ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Нэгдүгээрт. Виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагад тавих хяналтыг чангатгах асуудал энэ сарын 16-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ.

-“Хур” системийг буруугаар ашиглах зэрэг зөрчил үүсгэх тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлах.

Хоёрдугаарт. Татгалзсан хариу авсан виз мэдүүлэгчийн дахин мэдүүлэх эрх үүсэх хугацааг сунгана. Энэхүү журам энэ оны есдүгээр сарын 16-ны өдрөөс хэрэгжинэ.

-Татгалзсан хариу авснаас хойш дахин виз мэдүүлэх боломжтой хугацааг татгалзсан хариу авсан өдрөөс хойш гурван сарын дараа байсныг татгалзсан хариу авсан өдрөөс хойш зургаан сарын дараа болгон сунгах.

Гуравдугаарт. Хууль бус үйлдэлд гар бие оролцсон этгээдэд авах захиргааны арга хэмжээг чангатгах.

-Хуурамч бичиг баримт мэдүүлэх, визний брокертой холбогдох зэрэг хууль бус үйлдэлд гар бие оролцсон мэдүүлэгч төдийгүй визний брокер нарт авах захиргааны арга хэмжээг чангатгах.

-Хоёр болон түүнээс дээш хууль бус үйлдэлд холбогдсон тохиолдолд виз шалгалтын системд бүртгэх.

БУСАД ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙН ТУХАЙ

Нэгдүгээрт. Визийн материал шалгах ажиллах, хүчийг нэмэгдүүлэх

БНСУ-ын ЭСЯ нь одоо ажиллаж буй Консулын тоог богино хугацаанд нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд одоогоор хуримтлагдсан 30 мянга гаруй виз мэдүүлгийн материалыг шуурхай шалган гаргаж, түүнээс хойш буюу энэ оны эцэс гэхэд виз мэдүүлэгчийн материалыг 2-3 долоо хоногт шуурхай гаргахыг мэдэгдэж байна.

Хоёрдугаарт. Олон удаагийн визний нөхцөлийг нэмэгдүүлэх тухай

Бага, дунд сургууль, мэргэжлийн коллежийн солонгос хэлний багш нар тэдний гэр бүлд олон удаагийн виз мэдүүлэх нөхцөлд хамруулж байна.

Онцлоход, БНСУ-ын Элчин сайд хурлын төгсгөлд “Та бүхэнд хоёр зүйлийг хэлэхийг хүсэж байна. Нэгдүгээрт,  БНСУ-ын ЭСЯ-нд таньдаг хүнтэй байлаа гээд виз нь гарна гэсэн үг биш. Визний шалгалт гэдэг нь БНСУ-ын журмын дагуу гардаг. Виз мэдүүлсний дараа олон шат дарааллыг дамжин гардаг учраас хэн нэгэн танилдаа хандан виз гардаггүй гэдгийг та бүхэнд хэлэхийг хүссэн юм. Сүүлийн үед визний хариутай холбоотой хууль бус үйлдэл удаа дараа гарч байна. Энэхүү хурлаар дамжуулан хууль бус үйлдэлд автахгүй байхыг хүсье” гэлээ.

Одоогоор Монгол Улсаас 46 мянган иргэн БНСУ-д оршин сууж байна. Өнгөрсөн онд 100 мянга гаруй Монгол иргэн БНСУ-руу зорчжээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж