Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд саналаа тусгахдаа УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох, УИХ-ын 108 гишүүний 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр сонгох, үлдсэн 54-ийг нь пропорционал буюу намын жагсаалтаар сонгоё гэж санал өгсөн. УИХ дахь МАН-ын бүлэг энэхүү саналыг хэлэлцээд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгоё гэдэг дээр санал нэгдээд буй. Ингэхдээ 76 гишүүнийг тойргоос, 23 гишүүнийг намын нэрээр сонгодог байх сонгуулийн холимог хувилбар байж болох юм гэж үзэж буй. Иргэдийн дунд ч УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх эсэх асуудал анхаарлын төвд байна. Иймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмбэл та дэмжих үү? гэсэн асуултад хариулт авлаа.
АРД ИРГЭД ИТГЭЛ ҮНЭМШИЛ МУУТАЙ БАЙНА
Н.Баянжаргал: -УИХ-ын гишүүдийн тоог 108, 99 хоёрын аль нэгд хүргэж нэмлээ гэхэд ард иргэдийнхээ төлөө ажилладаг, улс орноо хөгжүүлье гэсэн чин сэтгэлтэй, чадвартай, мэргэжилтэй нь гарч ирж, үнэхээр бүтээн байгуулалт хийж чадвал тоог нь нэмэхэд болохгүй зүйл байхгүй. 54,54 болоод бие биенээ хянана гэдэг нь сайшаалтай. Гэхдээ үнэнийг хэлэхэд одоогийн нөхцөл байдал маш хэцүү байна. Яг үнэндээ төрдөө итгэх итгэл алга байна. “Төрийн минь сүлд өршөө” гээд цайны дээж өргөдөг байсан бол одоо цагт хэдхэн олигархиудын төлөө цайны сүү өргөөд байгаа ч юм шиг бүх юм урвуу харчихсан байдалтай байгаа болохоор гишүүдийн тоог яаран 108 болгох хэрэггүй. Үүнд ард иргэд ч итгэл үнэмшил муутай байна.
ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЛЭЭ ГЭХЭД ОДОО БАЙГААТАЙ АДИЛХАН БАЙВАЛ ЯАХ ВЭ
Б.Гантулга: -Монгол Улсын хүн амын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа болохоор УИХ-ын гишүүний тоог нэмж яагаад болохгүй гэж. Миний бодлоор УИХ-ын гишүүд тойрогтоо анхаарах байдал нь арай илүү сайжирна гэж бодож байна. Гэхдээ одоогийн 76 гишүүнийг харахад хариуцлага, ёс зүй, улс орноо хөгжүүлэх санаачилга, сэтгэл, зүтгэл тааруу байна. Нөгөөтэйгүүр, гишүүдийн тоог нэмлээ гэхэд одоо байгаатай адилхан байвал яах вэ. Тиймээс маш сайн бодож байж шийдвэр гаргах хэрэгтэй байх.
УИХ-ЫН ГИШҮҮН ОЛОН БОЛСНООР ЧАНАР, ХАРИУЦЛАГА ДАХИАД Л ЯРИГДАНА
М.Бямбацэцэг: -Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. УИХ-ын гишүүн олон болсноор ажлын чанар, хариуцлага дахиад л яригдана. Өөрөөр хэлбэл, тооны өөрчлөлт гарахаас чанар өөрчлөгдөхгүй адилхан л байх болов уу. Монгол Улсын нөхцөл байдал ирээдүй хүндхэн байна. Тэгэхээр одоо байгаа гишүүдээс хариуцлага нэхэж, дөрвөн жилд хийж бүтээх ажлыг нь илүү бодитой болгомоор байна.
ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХИЙГ ДЭМЖИХГҮЙ
Т.Пүрэвжав: –Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэх гэж байгаа энэ цаг үед гишүүдийн тоог нэмье гэсэн асуудал яригдаж байна. Иргэн хүний хувьд нэмэх шаардлагагүй гэсэн бодолтой байгаа. Одоогийн 76 цаашдаа ажиллаад явах бололцоотой юм. 2012 оны УИХ-ын сонгуульд ялсан шиг нөхөд сонгогдох юм бол тоо нь олон болох тусмаа аюултай.
ЗАЛУУЧУУДЫГ ТӨРД ГАРГАМААР САНАГДДАГ
Г.Хандсүрэн: –Нэг бодлын зөв байж магадгүй. Залуу хүмүүс гарвал их зүгээр. Одоогийн залуус сургууль соёлоо төгсөөд удаагүй байгаа харах өнцөг, хандлага нь шинэ байх юм болов уу гэж бодож байна. Тэгэхгүй бол одоогийн “суудлын бөглөөсүүд” дахиад гараад ирвэл ёстой хэлж мэдэхгүй юм. Бид чинь төр засагтаа л итгэж найдахаас биш өөр хэндээ итгэх билээ. МАН сонгуулиар гарч ирэхдээ “том” мөрийн хөтөлбөр амалж гарч ирсэн. Гэтэл одоо ажлаа хийх биш талцаад сууж байна. Тэгэхээр цаашдаа залуучуудыг төрд түлхүү гаргах талд хууль эрх зүйн орчноо сайжруулмаар санагддаг.
Э.АРИУН
Холбоотой мэдээ