"Монголын алдагдсан олдворууд Франц, АНУ, БНСУ-д байна"

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

"Монголын алдагдсан олдворууд Франц, АНУ, БНСУ-д байна"

"Монголын алдагдсан олдворууд Франц, АНУ, БНСУ-д байна"

ЮНЕСКО-гийн Монгол Үндэсний комиссын хурлын танхимд  өнөөдөр /2019.08.26/ "Соёлын өв хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх" сэдэвт олон улсын хурал болж байна. Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, Европын холбооны аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Үндэстэн дамнасан аюул, заналхийлэлтэй тэмцэх газартай хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээ нь соёлын өвийг хил давуулан худалдаалахаас урьдчилан сэргийлж, энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад  гаднын орнуудын туршлагаас хууль хүчний байгууллагууд туршлага судлах, харилцан мэдээлэл солилцох юм. Энэ үеэр БСШУСЯ-ны Соёлын биет өвийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, Б.Даваацэрэнтэй ярилцлаа.


-Соёлын өвийг хууль бусаар хил давуулах худалдаалах гэмт хэргийн эсрэг олон улсын төлөөлөгчид манай улсад туршлагаасаа хуваалцаж байна. Хуралд оролцож буй гадаадын төлөөлөгчдийн тухай товч мэдээлэл өгөхгүй юу?

Монгол Улсад соёлын өвийг хууль бусаар хил дамнуулан худалдаалах гэмт хэргийн эсрэг сургалт, хурал олон улсын шинжээчдийг оролцуулсан өргөн цар хүрээтэй болж байгаагүй. Энэ удаад Монголд хууль сахиулах байгууллагын төлөөлөгчдийг хамруулсан ач холбогдол бүхий сургалт, анх удаа болж байна. Европын холбооны аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шинжээчид ирсэн. Соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр мэргэшсэн Итали, Франц, Македон, Грек, АНУ зэрэг орны мэргэжилтнүүд хуралд оролцож байна. Мөн азийн бүс нутгийн түншлэгч орнуудын төлөөлөгчид Өмнөд Солонгос Улс, Тайланд, Япон улсаас оролцож байна.

Соёлын эд өлгийн зүйлсийн хууль бус худалдаатай олон улсын хамтын механизмаар л тэмцдэг. Энэ төрлийн гэмт хэргийн эсрэг  нэг улс хүчрэхгүй. Тийм учраас олон улсад хэрэгжиж буй туршлагуудыг сонсч, улсдаа  хэрэгжиж буй сайн туршлагуудаас мэдээлэл солилцсоноор цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, сайн туршлагуудыг хэрэгжүүлнэ. Шинжээчид хоорондын найз нөхдийн харилцаа соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэхэд маш чухал ач холбогдолтой. Цаашид олон улсын туршлага, арга барилыг Монголд нутагшуулж, хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтад дүн шинжилгээ хийх боломжийг энэ удаагийн хурлаар олгож байгаа юм.

-Хурлаар төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирна гэж албаны хүмүүс үзэж байна. Соёлын биет болон биет бус өвийг хамгаалах чиглэлд төрийн байгууллагууд хэр уялдаа холбоотой ажилладаг вэ?

 -Хууль сахиулах зургаан байгууллагын төлөөлөгч, холбогдох дөрвөн байгууллага нийт 10 гаруй байгууллагын төлөөлөгч хуралд оролцож байна. Тухайлбал, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хууль хүчний байгууллагаас оролцож байна. Мэдээж энэ удаагийн хурлын үр дүнд  төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа илүү сайжирна.

-Хууль бус аргаар хил дамнан алдагдсан соёлын өвд холбогдох эд өлгийн зүйлсийг буцаан авчрах тал дээр хэрхэн анхаарч байна?

– Монгол Улс нийт 100 орчим мянган соёлын биет дурсгалын өвтэй. Соёлын биет бус долоон мянга орчим өв, уламжлалтай. Түүх соёлын үл хөдлөх 230 орчим мянган дурсгалтай. Бид гаднын орнуудад алдагдсан  палеонтологийн олдворыг буцаан авчрах асуудалд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Олон улсад соёлын өвийг худалдаалах гэмт хэргийн  эсрэг хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, тогтвортой бүтэц, ард иргэдийн оролцоо гэсэн гурван чиглэлээр бодлого хэрэгжүүлдэг. Манай улсад гурав дахь чиглэл нь маш эмзэг асуудал болсон. Ард иргэд маань соёлын өвийг хайрлах хамгаалах тухай ойлголт мэдээлэл нимгэн, хуулийн талаарх ойлголт дутуу дулимаг байна.  Хууль сахиулах байгууллагынхан ажиллаж байгаа ч орон нутаг эзэнгүйрч байна.

-Хууль бусаар хил дамнан худалдаалагдсан, эх орондоо буцаан авчирч чаддаггүй соёлын өвийн нэг хэсэг нь үлэг гүрвэлийн олдвор. Эрдэмтдийн зүгээс алдагдсан олдворыг буцаан авчрахад хөрөнгө мөнгөний бэрхшээл тулгарч буйг хэлж буй. Буцаан авчирч чадаагүй олдворууд аль улсад байна вэ?

-Палеонтологийн олдворуудаас алдагдсан нь АНУ, Франц, БНСУ-д байна. Соёлын эд зүйлийн буцаалт нь маш ярвигтай үе шатыг дамждаг. Хууль ёсны өмчлөгчийг тогтоох, хэрэг бүртгэлийн мөрдөн байцаах үе шат нь урт хугацаа шаарддаг. Монгол Улсын Засгийн газраас АНУ-д буй үлэг гүрвэлийн хэд хэдэн төрлийн  олдворуудыг авчрах зардлыг шийдвэрлэсэн. Хоёр хэрэгт гарын үсэг зурах зэрэг  хөнгөн ажлууд хүлээгдэж байна. Дараа нь олдворуудаа буцаан татах ажил бэлэн болно. Тэдгээр олдворууд нь шууд музейн үзмэрт тавих бололцоотой.

Бид АНУ-ын гурван газарт нэхэмжлэл гаргасан. Та бүхний санаж байгаачлан тус улсын нэрт жүжигчин Николас кейдж олдвороо өгөх тухай саналаа манай улсад хэлсэн. Мөн Техас мужид манай улсын үлэг гүрвэлийн эд өлгийн зүйлс байсныг нэхэмжилж, буцаан авчрахаар ажиллаж байна.

Эдгээр яригдаж буй асуудлууд шийдэгдвэл бид энэ онд багтан алдагдсан олдворуудаа эх орондоо авчрах ажлыг зохион байгуулна. Хэрэв уг ажил удааширвал ирэх жилээс буцаалт хийнэ. Мөн БНСУ-д байгаа үлэг гүрвэлийг олдворыг Монголд буцаан авчрах асуудал түр хүлээгдэж байна.

– Түүх соёлын үнэт дурсгалын өвийг тонож дээрэмддэг, сүйтгэдэг зэрэг асуудал хөндөгдөх боллоо. Жишээ нь, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулнаас гурван ваар өрөм, нэг ваар шар тос олдсон ч ойр орчимд нь буй булш хиргисүүрүүдийг тонон дээрэмдэж, сүйтгэсэн байсан гэх?

Түүх соёлын үнэт дурсгалын өвийг тонож дээрэмдэх асуудал их байгаа. Энэ төрлийн гэмт хэрэгт орон нутгийн иргэд нь оролцсон тохиолдлууд бий. Түүний нэг жишээ нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулны булш, хиргисүүрүүд. Энэ тухай мэдээлэл өмнө нь ирж байсан. Зохих шалгалт, мэдээллийг цуглуулах ажлыг өмнө нь зохион байгуулсан байдаг. Гэхдээ энэ хэргийн мөрөөр шалгалт хийсэн зүйл байхгүй. Ийм төрлийн гэмт хэрэг ихэсч буйн шалтгаан нь орон нутаг эзэнгүйрч байна. Нөгөө талдаа нинжа нар металл хайгч эд зүйлсээр дуртай газраа ухдаг, эд өлгийн зүйлсийг борлуулдаг асуудал бий. Нутгийн иргэд газар нутгаа хайрлах сэтгэлтэй, сонор сэрэмжтэй байж чадвал энэ төрлийн гэмт хэргийг зогсоож чадна.

-Дотоодын иргэдээс гадна гадаадын жуулчид соёлын өвийг хил дамнуулах тохиолдол цөөнгүй байх. Тэд санаатайгаар хил давуулах зорилготой байдаг уу эсвэл санаандгүй байдаг уу?

 – Гадаадын жуулчдад Соёлын өвийн тухай хууль, журмын талаар хэн нэгэн хэлж, зөвлөөгүйн улмаас хил дээр ихэвчлэн саатуулагддаг. Энэ нь зөрчил, цаашлаад гэмт хэрэг болж хувирах нь бий. Ийм зөрчил цөөнгүй гардаг. Нөгөө талаас санаатайгаар дотоодын иргэд эд өлгийн зүйлсийг тодорхой сэдэвчлэн цуглуулж, нуун дарагдуулж хил давуулахыг оролдож байна.

Тухайлбал, шашны эд зүйлсийг сэдэвчлэн цуглуулж, нуун дарагдуулж, нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн есөн тохиолдол  энэ оны наймдугаар сарын байдлаар бүртгэгдсэн. Эдгээр тохиолдол ихэвчлэн Замын-Үүдэд гарсан.

БСШУСЯ-ны  дэргэд мэргэжлийн зөвлөл энэ есөн гэмт хэрэгт дүгнэлт гаргаж, зохих газарт хүргүүлэн шүүхээр шийдвэрлэгдсэн байгаа.

Соёлын өвийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагууд хэрхэн анхаарал хандуулж байна вэ. Энэ төрлийн гэмт хэргийн эсрэг ямар бодлого баримталж, ажиллаж байна?

– Хууль эрхзүйн ойлголтыг олон нийтэд түгээхэд  хууль сахиулах байгууллагынхан болон БСШУСЯ-наас орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд олон улсын байгууллагатай хамтран олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Нөгөө талаас мэдээллээр харилцах урсгалыг түргэн шуурхай байлгах талаар хууль сахиулах байгууллагын түвшинд олон удаагийн уулзалт хийгдсэн. Удахгүй энэ чиглэлээр бид төсөл хэрэгжүүлэнэ. Хууль хүчний байгууллагуудыг  / ЦЕГ, МХЕГ, ТЕГ, ХХЕГ, ГЕГ / мэдээллийн сүлжээнд холбож, тусгай сүлжээгээр мэдээлэл дамжуулдаг боломжийг бүрдүүлсэн системтэй болохоор ажиллаж байна. Үүнээс гадна ард иргэдийн оролцоо маш чухал. Жишээ нь, гэртээ байгаа эд өлгийн зүйлээ түүх соёлын дурсгалт зүйлс болохыг нь мэдэлгүйгээр бусдын хэлсэн үнээр зардаг, энэ нь хуульд заасан шалгуураа хангасан соёлын өв болох бололцоотой эд өлгийн зүйлс байдаг. Эсвэл түүнийгээ хилээр авч гарах гээд гэмт хэрэгт холбогддог. Тиймээс иргэд соёлын өвийн талаарх мэдлэгтэй болсноор өөрт болон улс оронд хэрэгтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж