Байгалийн баялгийг төрийн, нийтийн өмч гэж өөрчлөхөөр боллоо

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Байгалийн баялгийг төрийн, нийтийн өмч гэж өөрчлөхөөр боллоо

Байгалийн баялгийг төрийн, нийтийн өмч гэж өөрчлөхөөр боллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн Баасан гаригийн  хуралдааны үеэр хоёр асуудал хэлэлцэлгүй орхисон юм. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл дахь газрын баялаг мөн Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналуудыг бүлгийн хурлаар авч хэлэлцэх шаардлага гарсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2-ыг “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн” хэмээн өөрчлөх санал оруулж  ирсэн.

Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийн 6.2. "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж тусгасан.

Уг асуудалд зарчмын зөрүүтэй санал гарсан тул МАН-ын бүлэг хуралдаж, Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь төрийн, нийтийн өмч мөн” хэмээн өөрчлөхөөр бүлэг шийдвэр гаргажээ.

Хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Байгалийн баялаг төрийн, нийтийн өмч байх нь зөв гэдэгт бүлгийн гишүүдийн олонх нэгдлээ. Шууд нийтийн өмч болгох нь байгалийн баялгийг хэт задгай орхих байдалд хүрэхийг үгүйсгэхгүй учраас төрийн, нийтийн өмч гэж өөрчлөхөөр тогтлоо. Энэ нь илүү тодорхой болгож байгаа юм. Шууд нийтийн гэчихвэл иргэн хүн байгалийн баялгийг ямар ч зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрх үүсчихнэ. Жишээ нь бидний хэлдэг нинжа нарт газрын хэвлийг ухах эрхийг нь олгох болчихоод байгаа юм. Тиймээс төрийн, нийтийн өмч гэж заахаар болсон.

Хоёрдугаарт, хэлэлцсэн асуудал шүүхтэй холбоотой гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд ес, Ерөнхийлөгчийн  төсөлд дөрвөн заалт байсныг нэгтгэн ярилцаад нийт гурван заалт болгон оруулж байгаа. Нэгдүгээрт, Шүүхийг яаж байгуулах тухай, хоёрдугаарт, Шүүхийн ерөнхий зөвлөл ямар бүтэцтэй байх, гуравдугаарт, Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ямар бүтэцтэй байх вэ гэсэн үндсэн гурван асуудал тусгагдсан. Бусад заалтууд болох шүүгчид тавигдах шаардлага, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох зэргийг төслөөс хасч Шүүхийн хуулиар нь зохицуулна" гэлээ.

Сонгуулийн тогтолцооны тухайд тодорхой заалгүйгээр иргэд УИХ-ын гишүүнийг сонгох ёстой болохоос биш улс төрийн намыг сонгож болохгүй гэж үзээд Үндсэн хуульд тогтолцоог тусгах нь зохисгүй гэдгийг тодотголоо. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлэг намын жагсаалтыг дэмжихгүй байгаа аж. Харин УИХ-ын гишүүдийг тоог нэмэгдүүлэх эсэхийг бүлгийн нийт 64 гишүүнээс нэг бүрчлэн нууцаар бичгээр санал авчээ. Санал хураалтад бүлгийн гишүүдийн олонх нь гишүүдийн тоог 99 болгох нь зөв гэж үзсэн байна.

Үдээс хойш 15 цагаас ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж