"Хууль батлаад зээлийн хүүг бууруулсан нэг ч улс байхгүй"

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

"Хууль батлаад зээлийн хүүг бууруулсан нэг ч улс байхгүй"

Монголбанк Зүүн өмнөд Азийн Төв банкуудын холбоо (ЗӨАТБХ)-ны Судалгаа, сургалтын төв (The Seacen Centre)-тэй хамтран мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын мэргэжилтнүүдэд зориулсан “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт сургалтыг  өнөөдөр /2019.08.26/ “Шангри Ла” зочид буудалд зохион байгуулж байна. Сургалтад Ази Номхон далайн бүс нутгийн 10 орны Төв банкны төлөөлөл 29 мэргэжилтэн хамрагдаж, мэдлэг, туршлагаа хуваалцаж байна. Энэ үеэр бид Монголбанкны Мөнгөний бодлогын газрын  эдийн засгийн шинжилгээ бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй ярилцлаа.


-Сургалтын үеэр дэлхийн болоод Монголын эдийн засгийн нөхцөл байдлын тухай хөндөгдөж байна. Нөхцөл байдал ямар байна, сэргэлт ажиглагдах юм уу?

Эдийн засгийн өсөлтийг олон үзүүлэлтээр дүгнэдгийн нэг нь эдийн засгийн өсөлт юм. Сүүлийн арван жилийг авч үзэхэд 2008, 2009 онд эдийн  засгийн өсөлт хасах руу орж эдийн  засаг агшиж байсан.  Түүнээс хойш Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирсэн, нүүрс зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өссөн гэхчлэн эдийн засгийн өсөлт 2011 онд гэхэд 17 хувь болж дэлхийд тэргүүлж байсан удаатай. Түүнээс хойш түүхий эдийн үнэ унасан нь дэлхийн эдийн засгийг сааруулсан. Ялангуяа Монгол Улсад 2014-2016 онд өрхийн бодит  орлого 12 улирал дараалж агшсан байдаг. Энэ нь ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж ядуурлын түвшин өссөн.

Дэлхийн зах зээлд гарсан өөрчлөлтүүд болон дотоодын эдийн засгийн идэвхжил  нь өрхийн орлого, амьжиргааны түвшинд нөлөөлдөг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засагт эргээд сэргэлт  ажиглагдаж байна. Өрхийн орлого 2017 оны нэгдүгээр улирлаас хойш өсч, дундаж цалин нэмэгдэж, татварын орлого сайжирч, төсвийн орлого нэмэгдэж байна. Төлбөрийн тэнцэл дээр ч гадаад худалдааны идэвхжил ажиглагдаж байна. Үүнээс дүгнэхэд бизнесийн идэвхжил эдийн засгийн ерөнхий орчин сайжирч байгаа нь харагдаж байгаа юм.

Гэхдээ олон улсын мэдээ, үйл явдлуудыг харахад  эргээд сөрөг мэдээнүүд гарч эхэлж байна. Тухайлбал,  хоёр хөрш улсын хооронд худалдааны дайн ширүүсч байна. БНХАУ, АНУ зэрэг улсуудын  эдийн засгийн өсөлт удааширч, Итали, Испани гэх мэт улсуудын өрийн асуудал олон улсын анхааралд байна. Монгол Улсын хувьд  жижиг болоод нээлттэй эдийн засагтай. Жижиг гэдэг нь дэлхийн зах зээл дээрх  үнийг бид  тогтоож чаддаггүй. Гол экспортын бүтээгдэхүүний  үнэ дэлхийн зах зээл дээр яаж тогтож байна түүнийг шууд хүлээж авдаг гэсэн үг. Нээлттэй гэдэг нь гадаад зах зээлд юу болж байна тэрхүү шок шууд Монгол Улсад нөлөөлдөг. Тийм учраас гадаад зах зээл дээр юу болохыг давхар  ажиглаад ирээдүйд эдийн засагт  тулгарах эрсдэлийг яаж зөөлрүүлэх вэ гэдэг нь одоо  хамгийн чухлаар тавигдаж байгаа асуудал юм.

-Банкны зээлийн хүү нийгэмд хамгийн их анхаарал татсан, шүүмжлэл дагуулсан сэдвүүдийн нэг болсоор ирсэн. Тухайлбал өндөр хөгжилтэй орнуудад зээлийн хүү жилийнх нь 1-2 хувьтай байдаг бол  Монгол Улсад 17 хувьтай байх жишээний?.

-Зээлийн хүүг макро зургаар нь харах юм бол эдийн засагт байгаа эрсдэлийг  хэмждэг үзүүлэлт. Эрсдэл өндөр үед зээлийн хүү өсдөг бол эрсдэл буурч  эдийн засаг сайжирсан үед буурдаг. Түүхэн хугацааг нь авч үзвэл Монгол Улсад  1990-ээд оны эхэн үед  зээлийн хүү 300 хувь, 2000 оны эхээр 40 хувь, сүүлийн арван жилд 20 хувь орчим байна. Зээлийн хүү харьцангуй буураад явж байгаа  ч мэдээж бусад улс орнуудтай  харьцуулахад  өндөр.

Тухайлбал, зах зээл нь хөгжсөн өрсөлдөх чадвар өндөртэй Япон, АНУ, Герман  улсад зээлийн хүү нь нэг хувьтай байна. Харин зах зээл нь хөгжиж байгаа улс орнуудад  зээлийн хүү 4-5 хувьтай байдаг бол зарим улс 10-15 хувьтай байна. Монгол Улсын хувьд зээлийн жигнэсэн дундаж хүү 16-17 хувьтай байна.

Сүүлийн хоёр жил эдийн засаг сэргэсэн учраас 20 байснаа хоёр функтээр буурсан.  Мэдээж өндөр хөгжсөн орнуудтай шууд харьцуулах нь оновчгүй. Тэдгээр орнуудын эдийн засгийн бүтэц, хүн амын орлого, санхүүжилтийн орчин, бизнесийн эрсдэл, компаниудын чадавх гээд эрс өөр шүү дээ. Харин хөгжиж  буй орнуудтай харьцуулбал манайхтай ойролцоо Бразиль, эсвэл Киргиз гэх мэт улсуудыг нэрлэж болно. Гэхдээ одоо байгаа 17 хувийн хүүг бууруулах хэрэгтэй юу гэвэл мэдээж тийм.

-Тэгвэл цаашид зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ?

– Зээлийн хүүг бууруулахын тулд нэлээн тооцоо судалгаа, цогц арга хэмжээ, хөдөлмөр, тэвчээр шаардана. Харин сэтгэл хөдлөлөөр хандвал үр дүн гарахгүй. Уг нь зээлийг хүүг бууруулах арга хэмжээ нь нэлээд тодорхой. Хүүнд шингэдэг зардлуудыг аваад үзвэл эх үүсвэрийн зардал, эрсдэлийн сангийн зардал, үйл ажиллагааны зардал, цэвэр ашиг гэх зэрэг гол бүрэлдэхүүнтэй байдаг. Эдгээр зардлуудыг шат дараатай буулгах арга замыг бий болгож байж л зээлийн өртөг буюу хүү буурах боломж бүрдэнэ. Үүнээс өөр хялбар арга байхгүй. Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах стратегийг 2018 онд баталсан. Үүнд зээл авч байгаа зээлдэгч нар санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх нөгөө талдаа зээл олгож байгаа банкуудын  эх үүсвэр болон үйл ажиллагааны зардлыг хэрхэн бууруулах, энэ нь зээлийн хүүд шингэж байгаа зардлыг бууруулж эцсийн зээлдэгчид очиж байгаа зардлыг бууруулах ач холбогдолтой цогц стратегийг боловсруулсан. Үүний үр дүнд зээлийн хүү харьцангуй тогтвортой байна.

Гэхдээ мэдээж нэг өдрийн дотор гэнэт  10 хувиар буурна гэж ойлгож болохгүй.  Сүүлийн үед популизмын шинж чанартай зээлийг шууд хууль тогтоогоод бууруулъя гэсэн зүйл яригдаад байгаа. Дэлхийн түүхэнд хууль батлаад зээлийн хүүг бууруулсан нэг ч улс  байхгүй. Тэгэхээр эсрэгээрээ хуулиар хязгаарлах нь эдийн засагт эрсдэлийг нэмэгдүүлж хүүг өсгөх эрсдэлтэй байдаг.

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж