ОХУ-ын Эрхүү мужид хүчтэй аадар бороо орсны улмаас орон гэргүй болсон айл өрхийн 42 хүүхдийг зургаан багшийн хамт Монголд хүлээн авч сэтгэл санаа болон эд материалын дэмжлэг үзүүлж буй. Тэд Олон улсын Найрамдал зусланд 14 хоног амарсны дараа үргэлжлүүлэн Эрдэнэт хотын “Найрамдлын эрдэнэс” зусланд амарч байна.
Зусланд амрах хугацаандаа хүүхдүүд монгол дуу, бүжиг сурч, түүнийгээ нэгтгэн “Монголчууддаа баярлалаа” талархлын концерт тогложээ. Монгол, Буриад үндэсний хувцастай Орос хүүхдүүд ёохор бүжиг хатирч, “Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш” хэмээн дуулж бүжиглэсэн аж. Уг талархлын тоглолтыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон Орхон аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа бусад албаны хүмүүс үзэж сонирхсон байна. Энэ үеэр тэд хүүхдүүдэд Монголын ард түмний сэтгэлийн хандив гардуулж, гарын бэлэг өгчээ.
Хүүхдүүд Монголд өнгөрүүлсэн сэтгэгдлээ хуваалцахдаа “Монгол орон биднийг маш сайхан хүлээн авч, амраалаа. Амт чанартай хоол, ая тухтай орчин, халуун дотно сэтгэлээр үйлчилсэн зуслангийн ажилтан ах эгч, багш нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Олон сайхан Монгол анд нөхөдтэй боллоо. Монголд өнгөрүүлсэн цаг хугацаа бидний амьдралд хэзээ ч марташгүй сайхан дурсамж үлдээлээ” гэсэн юм.
Зусланд амрах үлдсэн хугацаанд хүүхдүүд монгол ахуй соёлтой танилцан, малчин айлаар зочилж, морь унаж сурах аж. Түүнчлэн "Эрдэнэт" үйлдвэртэй танилцах аяллын хөтөлбөрт оролцох юм. Тэд энэ сарын 27-нд нутаг буцна.
Холбоотой мэдээ