Хуучирсан мэдээ: 2015.07.27-нд нийтлэгдсэн

Ховсдогч

Өнөөдөр миний нэгэн найз (тэр их сайн уншигч) утсаар холбогдож ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ өгүүллэгийн түүвэр номд минь багтсан “Ховсдогч” өгүүллэгийн талаар асуулаа. Тэрээр “Эрхэмээ,  чи тэр өгүүллэгт яг юуг хэлэх гэсэн бэ? Яг яаж төгсөж байгаа юм. Би уншаад сүүлийн 3 хоног энэ талаар бодлоо” гэж хэлээд хөгжилтэй инээв. Миний хувьд их сайн уншигчийг ингэж олон хоног бодуулж чадсанаа сонсоход таатай байлаа. 

Дашрамд хэлэхэд энэхүү өгүүллэгийг анх сайтад тавихад их олон уншигчид санал бичиж зарим нэг нь ямар сонин тодорхойгүй төгсдөг юм бэ, яг юу болсон юм гэж байв. Эл тодорхойгүй байдлаас нь ч болсон уу “галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг” гэсэн сэтгэгдэл үлдээсэн уншигч ч бас байв. Ямартай ч тэр үед би төгсгөлийг засахаа огт больж сэтгэлгээний энэ өгүүллэгээ яг ингээд “галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг” төгсгөж орхихоор шийдсэн юм. Би бас их зөрүүд хүн шүү. Надад уншигчид цааш нь энэ талаар ургуулан бодож яг яасан юм бол гэж тэднийг тааварт оруулах их сонирхолтой санагдсан хэрэг. Юутай ч энэ зорилго маань биелэж номын хорхойтой найзыгаа бодолд автуулсан  их сайхан хэрэг болов. Ингээд Ховсдогч өгүүллэгээ та бүхэнд хүргэж байна. Уншаад сэтгэгдлээ харамгүй хуваалцаарай. 

ХОВСДОГЧ

СИЙЛЭН НҮДЭЭ АРАЙ ЯДАН НЭЭТЭЛ хурц гэрэл нүдийг нь эгээтэй л сохолчихсонгүй. Гараараа нүдээ дарах гэтэл гар нь хүлээстэй мэт хөдөлсөнгүй. Дахиад л түнэр харанхуй руу нисээд явчих шиг. Гэнэт цэл хүйтэн ус руу шумбаад орчих шиг. Мөс шиг хүйтэн зүйл нүүр хүзүү ар нуруугаар нь дамжин хүйт оргиулна. Ээжээ гэж хэлэх гэтэл амнаас нь дуу гарсангүй. Харин эрүү нь хоорондоо харшилдан дагжтал чичрэх аж. Чихэнд нь хэн нэгэн “Хонгор минь ашгүй чи сэргээ юу?” гэж шивнэсэн зүгт толгойгоо эргүүлэх гэж оролдсон ч дийлсэнгүй. Энэ энхрий ялдам хоолой хэнийх билээ. За байз. Таньдаг хоолой. Таних танихдаа бүүр дотны хэн нэгэн. Хэн байдаг билээ. Би яагаад түүнийг мартчихав даа. Мартахын аргагүй нэгэн шиг санагдах юм. Аа нээрээ тийм л дээ. Энэ чинь Санчир байна шүү дээ. “Санчир, Санчир аа” гэж дуудах гэтэл хоолой нь гарсангүй. Хэл нь төмөр шиг хөшчихсөн мэт хөдөлсөнгүй. Гэнэт толгойг нь нэгэн хүчирхэг гар нөгөө тийш нь эргүүлэхэд ашгүй Санчир харагдав. Тэрээр урдаас нь нөгөө л номхон хүлцэнгүй харцаараа цоо ширтэн байх аж. Түүний энэ инээмсэглэл, сайхан харцанд ямар ч бүсгүй хүн хайлан урсдаггүй гэж үү. Сийлэн Санчирын нүд рүү ширтэх тусам түүний энэ уярам хэрнээ захирангуй харцтай нүд рүү урсаад орчих шиг. Дахиад л түнэр харанхуй. Ээжээ, эндээс намайг аваач, зөөлхөн хэрнээ аймшигт тарчлаанаас намайг авраач гэж бүсгүй шивэгнэнэ.

Сийлэн тэр өдөр Санчиртай хамт оройн хоол идэхээр тохироод байлаа. Уг нь Сийлэн тэр өдөр өөр ажилтай байсан ч Санчир түүнийг эвлэгхэн ятгасаар үгэндээ оруулж чадсан. Фото зураг сонирхдог, хаана л явна томоос том линзтэй зургийн аппарат чирэн явдаг Санчир Сийлэнгийн нүдэнд анх харсан цагаасаа л содон сонин байсан. Сийлэнгийн оффис шинэ байранд нүүж орж ирээд удаагүй тэр нэгэн өдөр гадаа нарлан суусан олны дунд хажуугаар холхин өнгөрөх хүмүүсийн зургийг мэргэжлийн гэгдэх томоос том аппаратаар тун чадварлаг шар шур хийлгэн дарах өндөр бор зурагчин залуу түүний харцыг шууд л булаасан.

Тэр цагаас хойш Сийлэн зурагчинтай өдөр бүр цахилгаан шатанд тааралдах болж түүнийг таван давхрын маш нэртэй том зургийн студид ажилладаг болохыг төвөггүй олж мэдсэн. Санчир их өвөрмөц стильтэй. Дандаа л өмсдөг бие барьсан бариу футболкны цаанаас түүний булчинлаг хүдэр чийрэг бие нь тодорно. Шилээ давсан урт үсээ заримдаа гельдэж янзалсан байна заримдаа зүгээр л боочих нь хүртэл нэг л этгээд боловч өөрт нь тун чиг донжтой зохино. Үнэтэй брендийн жинсэн өмд дээр дэгжин тэлээ зүүж түүнээсээ элдвийн гялгар гинж сэлт санжуулж явна. Цэвэрхэн бор царай, эмэгтэй хүнийх шиг нарийхан хамар, зургар хөмсөг гээд Санчир бас их царайлаг залуу. Сийлэн түүнтэй тааралдах бүртээ өөрийн мэдэлгүй тэр донжтой стильтэй хувцаслалт энэ тэрийг нь шохоорхон харчих гээд байдаг.

үргэлжлэл: www.erkhembayar.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж