Хонконгод өнгөрсөн ням гаригт ардчиллыг дэмжигчид ба цагдаа нарын хооронд хүчтэй мөргөлдөөн гарч, 12 долоо хоногийн эсэргүүцлийн жагсаалын хамгийн “харгис” шөнүүдийн нэг тохиожээ. Мөргөлдөөний үеэр тус улсын цагдаа нар агаарт хий буудаж, жагсагчдын эсрэг даралттай ус хэрэглэсэн байна.
Жагсагчид трубагаар зэвсэглэсэн байсан бөгөөд дөрвөн цагдаа агаарт хий буудаж анхааруулга өгсөн талаар CNN-ийн харъяа iCable мэдээлжээ. iCable-ийн бичлэг дээрээс цагдаа нар хүмүүсийн өөдөөс буугаа чиглүүлж, агаарт хий буудаж буй нь тодорхой харагдсан байна. Тэдгээр хүмүүс жагсаалд оролцогчид байсан уу, эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид байсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа аж.
Өнгөрсөн ням гаригийн өглөө Хонконгод аянга цахилгаантай аадар бороо үргэлжлэн орж байсан ч ардчиллыг дэмжигч хэдэн мянган хүн цуглан, эсэргүүцлийн жагсаалаа тайван замаар эхлүүлсэн байна. Жагсагчид гудамжуудыг хаан, бэхлэлт босгоцгоож, цагдаа нар луу тоосго, шатах бодис бүхий бөмбөг зэргийг шидэж байсан бөгөөд ням гаригийн орой эсэргүүцлийн жагсаал улам хурцаджээ.
Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий ашиглаж байсан бол тэмцэл хурцадмагц даралттай усаар шүршсэн байна. Энэ нь сүүлийн гурван сарын турш үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалд анх удаа даралттай ус хэрэглэсэн тохиолдол болсон талаар Хонконгийн цагдаагийн газрын төлөөлөгч CNN агентлагт мэдээлжээ.
Даваа гаригт “Reuters” агентлагийн мэдээлснээр, Хонконгийн цагдаа нар засгийн газрын эсрэг жагсаалын үеэр 36 хүнийг баривчилсны дотор хамгийн бага нь 12 настай хүүхэд байжээ. Даралттай ус, нулимс асгаруулагч хий ашигласан цагдаагийнхны эсрэг жагсагчид “Молотовын коктейл” шидсэн байна.
Хонконгийн цагдаа нар тус хотын хэд хэдэн дүүрэгт өнгөрсөн Бямба гаригт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан 28 хүнийг баривчилсан талаар "South China Morning Post" мэдээлсэн байна.
Ардчиллыг дэмжигч хэдэн зуун идэвхтэн бямба гаригийн өдөр Хонконгийн Квун Тун дүүрэгт цуглажээ. Жагсагчид хэсэг бүлгээрээ эрх баригчдын зөвшөөрсөн чиглэлээс гарцгааж, гудамжуудыг хаан, бэхлэлт босгоцгоож, тоосгоор зэвсэглэсэн байсан аж. Тэд цагдаа нар руу шатах бодис бүхий шил зэрэг зүйл шидэж эхэлсний дараа цагдаа нар жагсагчдыг тараахын тулд сүүлийн 10 хоногт анх удаа нулимс асгаруулагч хий болон резинэн сум ашигласан байна. Эмх замбараагүй байдлын үеэр хэд хэдэн хүн гэмтжээ. Тэдний нэг нь нүдэндээ хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Жагсагчид БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж, эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийг Хонконгоос эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг бүрмөсөн хүчингүй болгохыг шаардаж буй. Мөн цагдаа нарын харгис хэрцгий ажиллагааг мөрдөн шалгах хараат бус комисс байгуулах, эсэргүүцлийн жагсаалуудын үеэр баривчилсан хүмүүсийг суллах, тэдний үйл ажиллагааг үймээн гэж ангилахгүй байх, Хонконгод ардчилсан шууд сонгууль явуулах гэсэн таван шаардлага тавьж буй юм.
Эх сурвалж: CNN