10 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

10 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэнэ

10 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэнэ

Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Жил бүрийн намар сургууль,  цэцэрлэгийн хүрэлцээний тухай асуудал хөндөгддөг. Энэ жил Боловсролын яам өмнөх жилүүдийн түүхэндээ байгаагүй их төсөв, хөрөнгө зарцуулж байгаа. Ингэхдээ гурван ээлжээр хичээллэдэг байдлыг халж, захын хорооллын хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч буй юм. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдалтыг энэ жил 84 хувьд хүргэнэ. Ингэснээр 6000 гаруй хүүхэд цэцэрлэгт шинээр элсэн суралцах юм байна.

Энэ жил нийслэлийн хэмжээнд 34368 зургаан настай хүүхэд сургуульд элсэн орох бол 120 мянга гаруй хүүхэд улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдана гэсэн судалгаа бий.

ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭДЭГ 18 СУРГУУЛЬ БИЙ

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг 18 сургуульд, 5800 орчим хүүхэд хичээллэж байна. Нийслэлийн боловсролын газар, салбарын яамны холбогдох бодлогын газрууд хамтран эдгээр сургууль дээр анги, танхимын зохион байгуулалт хийжээ. Ингэснээр таван сургууль өөрийнхөө байранд зохицуулалт хийж, гурван ээлжнээс гарахаар болсон. Харин үлдсэн 13 сургуулийн хувьд иргэн аж ахуй нэгж, хувийн сургуулиудын стандарт шаардлагыг хангасан байрыг түрээслэх хэлбэрээр ашиглана. Үүний үр дүнд есдүгээр сарын 1-нээс эхлээд хоёр ээлжид шилжих бололцоо бүрдэнэ гэсэн мэдээллийг албаныхан өгч байгаа ч зарим сургуулийн барилгын ажил газрын маргаанаас болж, хождож эхэлсэн, тендерт шалгарсан компани нь ажлаа гүйцэтгээгүй зэргээс үүдэж, цаг хугацаандаа багтан ашиглалтад орох боломжгүй нөхцөл үүсчээ. Иймээс энэ жил 10 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсээд байна.

НИЙСЛЭЛД 15 СУРГУУЛЬ, 38 ЦЭЦЭРЛЭГ, ГУРВАН БАГА СУРГУУЛЬ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Энэ хичээлийн жилд шинээр ашиглалтад орох сургууль цэцэрлэгийн талаар нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул "2019 оны есдүгээр сард ашиглалтад орох 17 сургууль, 35 цэцэрлэг, таван спорт заалны барилга байна. Тендерийн маргаанаас үүдэн зарим ажил хойшлогдсон тохиолдол байгаа. Үүнээс улбаалаад энэ ондоо багтаж ашиглалтад орохоор 15 сургууль, 38 цэцэрлэг, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, дөрвөн спорт заалны барилгын барилга угсралтын ажил үргэлжилж байгаа.
2019 онд нийт 32 сургуулийн барилга ашиглалтад орсноор 17640 суудал, 13 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор 12255 суудал нэмэгдэхээр байна" хэмээн тайлбарлаж буй.

23 СУРГУУЛЬ, 43 ЦЭЦЭРЛЭГ БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО

Монгол улсын Засгийн газраас энэ хичээлийн жилд гурван ээлжийг хоёр болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд улсын хэмжээнд нийт 603 барилга, байгууламж, обьектийг барих хөрөнгө оруулалт хэрэгжих аж. Үүнээс энэ жилдээ багтаж 21420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль, 13140 ор бүхий 93 цэцэрлэг ашиглалтад орох юм.

Харин есдүгээр сарын нэгэн гэхэд 23 сургууль, 43 цэцэрлэг бүрэн ашиглалтад орох бол үлдсэн буюу 25 сургууль, 50 цэцэрлэг он дуусахаас өмнө барьж дуусахаар ажиллаж буй. Цаашдаа 2020 онд 68 сургууль, 42 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж