МАН-ын дотоод “зөрчил” Үндсэн хуулийг гацаах уу?

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

МАН-ын дотоод “зөрчил” Үндсэн хуулийг гацаах уу?

МАН-ын дотоод “зөрчил” Үндсэн хуулийг гацаах уу?

УИХ өнгөрсөн Баасан гаригт /2019.08.23/Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, байнгын хороо хуралдав. Гэхдээ байнгын хороо өнөөдөр /2019.08.26/ үргэлжүүлэн хуралдаж, ажлын хэсэг болон зөвшилцлийн ажлын хэсгийн саналуудыг хэлэлцэж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

Үндсэн хуулийг хамгийн удаан хугацаанд гацаанд оруулаад байсан Ерөнхийлөгчийн саналуудыг МАН хүлээж авах шийдвэр гаргаж, тахимаа өгсөн. Гэхдээ энэ шийдвэрийг МАН-ын гишүүдийн олонх бус хэсэг бүлэг гишүүд нь дэмжсэн. Тиймээс одоо чуулганы хуралдаанаар байнгын хорооны саналууд дэмжигдэх эсэх нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, МАН-ын 32-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн санал болгосон УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, парламентын хугацааг таван жил болгох саналуудыг дэмжихгүй гэдгээ бүлгийн хуралдаан дээр ч, намын дотооддоо ч илэрхийлээд буй. Тэдний зүгээс гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй, одоогийн 76 гишүүн хангалттай гэж үзэж байгаа бөгөөд сонгуулийн тогтолцоог ч заавал холимог байлгахгүйгээр одоогийн хуулиараа зохицуулаад явах боломжтой гэж үзэж байгаа. Харин 33-ын бүлэг буюу У.Хүрэлсүхийн тал дээрх саналуудыг дэмжиж, бүлгийн шийдвэрийг гишүүд дагана гэх тулгалтыг намын гишүүддээ өгч буй. Тиймээс чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн саналыг дэмжих кноп хэд байх вэ гэдэг УИХ-ын даргын толгойг “гашилгаж” байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын хоёр тал ямар нэг “тохиролцоонд” хүрээгүй бол шүү дээ.

АН “ҮНЭД” ОРОХ ЦАГ

Ардчилсан намын зөвлөлийн хувьд анх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжихгүй, хэлэлцүүлэгт оролцохгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч Ерөнхийлөгч тэдний “хүслийг” биелүүлэхүйц саналууд оруулж ирсэн учраас хэлэлцүүлэгт оролцож, саналаа ч мөн хүргүүлсэн. Ардчилсан намын зарим саналыг МАН хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн. Тиймээс УИХ дахь АН-ын зөвлөл Баасан гаригт ээлжит бусаар хуралдаж, өөрсдийнх нь саналуудыг дэмжихгүй бол хэлэлцүүлэгт оролцохгүй, гэхдээ Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэрэв хүсвэл МАН-ынхан АН-ын зөвлөлтэй, зөвлөлгүй баталчих кноптой. Гэхдээ МАН-ын дотоодын зөрчил нь АН-ын зөвлөлд найр тавихаас өөр сонголт үлдээхгүй л болов уу гэдгийг улс төрийн хүрээнд ярьж байна. АН-аас хамаарлаа тасалсан Ж.Батзандан, Л.Болд нар угаас МАН-ыг дэмжинэ гэж тооцсон ч АН-ын зөвлөлийн гишүүдийн кноп МАН-д чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Тиймээс МАН-ынхан, УИХ-ын дарга АН-ын зөвлөлийн гишүүдтэй ямар яриа, хэлэлцээр хийхээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл урашлах эсэх нь хамаарч эхэлж байна.

Хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл ямар нэг байдлаар гацаж, зөвшилцөлд хүрч чадахгүй хугацаа алдвал 2020 оны сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүйд хүрнэ. Тиймдээ ч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг ажлаа маш идэвхтэй гүйцэтгэж байгаа. Хамгийн сүүлд Засгийн газраас санал авахаар хүргүүлснийг бодоход хуулийг өргөн барихад бараг л бэлэн болсон гэсэн үг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл цаг алдаж магадгүйг ч МАН тооцоолсон. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар сонгуулийн хуульд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулах боломжтой. Тэгэхээр арванхоёрдугаар сард багтаан сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжтой гэсэн үг. Удахгүй намрын ээлжит чуулган эхэлнэ. Намрын чуулганаар хугацаатай уралдаж баталдаг нэг чухал хууль бол 2020 оны төсөв. Сонгуулийн жилийн төсөв учраас гишүүн бүр төсвийн хууль дээрээ анхаарлаа хандуулчихвал юун Үндсэн хуулийн өөрчлөлт болно. Тиймээс МАН дотоод зөрчлөө хурдан илааршуулж, төлөвлөсөн ажлуудаа амжуулахгүй бол дараа дараагийн чухал, сонгууль угтсан олон шийдвэрүүд хүлээж байгааг сануулах нь илүүц биз ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж