Сүүн хүчлийн бактер гэж та сонсож байв уу? Хүний биеийн дархлааг сайжруулдаг ашигтай хүнс бол сүүн хүчлийн бактер. Өөрөөр хэлбэл, Монгол малын сүүнд маш олон төрлийн ашигтай бактер байдаг гэсэн үг. Ялангуяа сарлаг, ямаа, ингэний сүү болон айрганд сүүн хүчлийн бактер ихээр агуулагддаг гэдгийг Японы эрдэмтэн, судлаачид тогтоожээ.
Тиймээс энэ чиглэлээр Монгол улстай хамтрахаар Япон улсаас холбогдох салбарын мэргэжилтнүүд ирсэн байна. Тэд Монголын малын сүү, сүүн бүтээгдэхүүнийг судлах, шинжилгээ хийх, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах зорилготой ажээ. Энэ хүрээнд Үндэсний хөгжлийн газарт энэ сарын 23-нд /2019.08.23/ Монгол, Японы төлөөллүүд уулзаж, илтгэл тавьж, санал бодлоо солилцсон юм.
Уг уулзалтад Монголын талаас Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан тэргүүтэй салбарын мэргэжилтэн, судлаачид, Япон улсаас Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнгийн дэд дарга Масахиро Номура, Haselab компанийн ерөнхийлөгч Кеничи Хашимото, Гүйцэтгэх захирал Сэиичи Кошимизу болон бусад төлөөлөгчид оролцлоо.
Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан
Монгол улс малынхаа сүүний зургаан хувийг ашигладаг. Цаана нь 500 дахин ашиглах нөөц бололцоо байна. Энэ боломжоо ашиглан Япон улстай түншлэх, малынхаа сүүг эргэлтэнд оруулах, үйлдвэр цех бий болгох улмаар бүс нутгийн малчдаа дэмжих саналтай байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орон нутгийн эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх зорилт тусгагдсан. Энэ хүрээнд Япон улстай хамтран Монгол малын сүүг боловсруулж, үйлдвэр, цех байгуулах, улмаар дэвшилтэд технологи ашиглан Монгол брэндийг дэлхийд гаргах боломжтой. Ингэснээр хөдөө орон нутагт ажлын байр бий болж, малчдын ашиг орлого, үйлдвэрлэл нэмэгдэх юм. Бид энэ талаар яаманд хүсэлт хүргүүлж, холбогдох салбарын хүмүүстэй уулзаж, хэлэлцэхээр тохирсон. Японы хөрөнгө оруулагчдын саналыг хүлээж авна гэдэгт найдаж байна.
Haselab компаний Ерөнхийлөгч Кеничи Хашимото
Япончууд хүний бие, сэтгэл нэгдэж байж эрүүл саруул байдаг гэж үздэг. Хоол хүнс амттай байвал сэтгэл ханамжтай байна. Ингэснээр хоол хүнс хүний биед сайнаар нөлөөлнө. Тэгэхээр хүнийг эрүүл саруул байлгахад амт маш чухал.
Амт гэдэг ойлголтод:
- Бодит амт
- Мэдээлэл
- Мэдрэхүй
- Ховор нандин зүйл гэсэн дөрвөн хүчин зүйл ордог. Энэ дөрвөөс гадна мэдээж тухайн хүнсийг хийсэн хүний сэтгэл, ур чадвар мөн хамаарна. Малаа хайрлаж өсгөсөн малчны сүү илүү амт, шимттэй байна.
Тиймээс бид Монгол малын сүү, сүүн бүтээгдэхүүнийг Японы өндөр технологиор боловсруулан дэлхийн зах зээлд гаргах хүсэлтэй байна. Сүүнээс гадна айраг, бяслаг байна. Айраг, бяслаг амттай байгаа гол нууц нь сүүн хүчлийн бактер юм.
Үүнээс гадна бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд маш сайн. Эдгээрийг ашиглаж бид дээд зэрэглэлийн виски гаргахыг зорьж байгаа юм. Үүнд танай улс хамтарч ажиллана гэж найдаж байна.
Haselab компаний Гүйцэтгэх захирал Сэиичи Кошимизу
Япон улсад үйлдвэрлэдэг Suntory виски нь 100 гаруй жилийн түүхтэй. Миний хувьд энэ компанид ажиллаад 46 жил болж байна. Сайн чанарын виски хийхэд орц найрлага болон олон жил дарах явц маш их нөлөөлдөг. Тиймээс бид маш сайн чанарын ус ашигладаг. Түүнээс гадна Японд ургадаг Мизунара модоор тусгайлан торх хийж вискигээ олон жил хадгалдаг. Ингэж уламжлалт гар аргаар виски дарах нь одоо цагт ховордсон. Тийм учраас манай виски амттай байдаг.
Мизунара гэдэг модны ургамлын аймгийн нэр нь Монголика. Энэ мод Монгол нутагт эхэлж ургасан байх талтай. Тэгэхээр Монголд ургадаг байсан модоор торх хийж, Монгол айргаар амт оруулвал амт, чанарын сайхан зохицол бий болно.
Орчин үед хүмүүс амтаас гадна эрүүл мэндэд хэр сайнаар нөлөөлөх вэ гэдгийг их чухалчлах болжээ. Тийм учраас бид вискиндээ хүний биед ашигтай сүүн хүчлийн бактер нэмж өгөхийг зорьсон юм. Энэ шаардлагад Монгол айраг маш сайхан тохирно.
Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнгийн дэд дарга Масахиро Номура
Haselab компаний хамгийн үнэтэй виски 38 сая доллар хүрдэг. Эндээс ямар нэр хүндтэй брэнд вэ гэдгийг мэдэж болно. Ашигтай бактер ихээр агуулагддаг сүү, айргийг уг вискинд хольж, найруулвал төгс амт, чанар бий болох нь дамжиггүй.
Үүнээс гадна Монгол бяслагийг Франц технологиор боловсруулан дэлхийн зах зээлд гаргах хүсэлтэй байна. Үүний тулд 21 аймагт бяслагны үйлдвэр бий болгоход манай талаас тусалж, хамтран ажиллах юм.
Уг цехийг гардаж ажиллах хүмүүсээ бид Франц, Японд сургана. Эхлээд 2-3 хүнийг мэргэжлийн түвшинд сургаад, дараа нь тэд бусдыгаа чадавхжуулах юм. Малчид мэдээж сүү, сүүн бүтээгдэхүүнээ нийлүүлнэ. Энэ нь тухайн орон нутгийн хөгжилд ч дэмтэй. Бид мөн хиам буюу утсан мах сонирхож байна. Малын махны хорио цээрийн асуудал шийдэгдвэл боломжтой гэж харж байгаа.
Ерөнхийдөө Монгол айраг, бяслаг, утсан мах дэлхийн зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байна. Эдгээр сүүн бүтээгдэхүүн сүүн хүчлийн ашигтай бактер ихтэй учир дэлхийд эрэлттэй байх нь тодорхой.
Монгол улс орон нутгийнхаа хөгжилд анхаардаг учир бидний саналыг хүлээн авна гэдэг найдаж байна.
Япончууд сүүлийн гурван жилийн турш сүүн хүчлийн бактери ялгах судалгаа хийжээ. Ингэхэд маш олон төрлийн ашигтай бактер илэрсэн байна. Яг хэчнээн төрлийн гэдгийг тодорхой хэлсэнгүй. Дэлхий нийтээр амт, чанарыг хослуулах болсон өнөө үед Монгол сүү, айраг, бяслаг ийнхүү эрэлттэй болж эхэллээ. Уг саналыг Монголын талаас холбогдох яам, газар, агентлагийн хүрээнд авч хэлэлцэхээр болсон байна.
Холбоотой мэдээ