Балгас болсон байранд иргэд амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Балгас болсон байранд иргэд амьдарч байна

Балгас болсон байранд иргэд амьдарч байна

Балгас болсон барилгад хүмүүс амьдарч, нялх үрс өсөн торниж байна. Хүн амьдрахыг мэргэжилтнүүд хориглосон барилгад 1100 орчим иргэн амьдарсаар олон жилийг ардаа үджээ. Энэ бол Дэнжийн 1000-ын цагаан байрны оршин суугчид. Хахир өвлийн хүйтэнд гал түлсэн ч хананаас нь салхи сийгэж, зун, намарт бороо ороход л таазнаас дусаал гоождог хүн амьдрах аргагүй болсон орчинд тэд өдөр хоногийг өнгөрүүлж буй. Арга буюу амьдрах аргагүй болсон гэдгээ эрх баригчдад учирлаж, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтээ өнгөрсөн жил эрх бүхий байгууллагад хүргүүлж байжээ. 1960 онд баригдаж, ашиглалтад орж байсан эл барилгыг дахин төлөвлөлтөд багтаасан уу гэдгийг сурвалжиллаа.

Эдгээр нийтийн байрны нэг байранд 4 өрх амьдардаг. Айл бүр бохироо гаднаа асгаж, нүүрсээр галлаж, ундны усаа худгаас зөөдөг. Агаарын бохирдлын гол цөм, хүүхдээ тоглуулах газаргүй гээд оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар яриад ч хэрэггүй. Дотор муухай оргим өмхий үнэртэй хашаанд алга дарам зайтай өрөөнд өөр, өөр амьдрал өрнөх. Тэд хэдийд ч хана тааз нь нурж мэдэхээр нөхцөлд аж төрж, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах өдрийг хүлээнэ. Хэрэв барилгын ажил эхлэх л юм бол түр амьдрах байрны зардлаа өөрсдөө ч болов гаргаад нүүхэд бэлэн аж.

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖИЛ ХЭЗЭЭНЭЭС  ЭХЛЭХИЙГ МЭДЭХГҮЙ

Долоон жил амьдарч буй иргэн Л.БОЛДБААТАР: 

-Бид бүгд л хуучны байраа дахин төлөвлөлтөд оруулах хүсэлтэй байгаа. Хүсэлтээ УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн. Энэ дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас ирж танилцаад ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэж дүгнэсэн. Дахин төлөвлөлтийн барилгын ажлыг ямар компани хариуцан авч, ажил нь ямар шатанд явааг мэдэхгүй. Бидэнтэй аль нэг барилгын компаниас ирж гэрээ ч байгуулаагүй. Хэрэв барилгын ажил эхэлж, эдгээр хуучны барилгыг нураах юм бол хоёр жил ч байсан хамаагүй түрээсийн байранд мөнгөө төлөөд амьдарч чадна. Хамгийн гол нь заасан хугацаандаа л ашиглалтад орох хэрэгтэй. Уг нь бид дахин төлөвлөлтийг их дэмжиж байгаа. Зарим байрны айлууд нэгдэж чадахгүй, айлууд нь нүүж, өрөөгөө түрээслүүлсэн. Оршин суугчид нэг шийдэлд хүрэхгүй байна. Одоо амьдарч буй байр маань өвөлдөө хүйтэн, зун бороо ороход л дусаал гоожно. Хананаас салхи сийгээд нялх хүүхэд ханиад томуу хүрэхээс авхуулаад асуудал мундахгүй.

Найман жил амьдарч буй иргэн О.НАМУУНДАРЬ:

-Өвөлдөө утаа, үнс нурам, хавар, зуны улиралд тоос шороо, өмхийгөөр амьсгална. Амьдрахад үнэхээр хэцүү. Манай байр өвөлдөө их хүйтэн, гал түлэхийн сацуу халуун тень үүдэндээ болон зочны өрөөндөө байрлуулж байж л гэр дулаацдаг. Хуучны барилга учраас хана тааз нь нимгэрээд дулаалгагүй болоод удсан. Зун бороо ороход дусаал их гоожно. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдахыг дэмжиж байгаа ч одоогоор барилгын ажил эхлээгүй л байна. Хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард хэсэг албаны хүмүүс хөрс хэмжилт хийнэ гэж бужигнаад сураггүй болсон. Барилгын ажлыг хариуцаж байгаа “Бодит орд” ХХК-иас гурван талын гэрээ байгуулна гэсэн ч гэрээ байгуулаагүй. Түрээслэх зардал олгох тухай яриагүй ч дахин төлөвлөлтөд хамрагдаж байвал түрээсийн байранд амьдарч болно.

Долоон жил амьдарч буй иргэн н.ТӨГӨЛДӨР: 

-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулахыг дэмжиж байгаа. Жил бүр нэг компаниас бидэнтэй ирж уулзчихаад л чимээгүй болчихдог. Уг нь барилгын ажлыг ирэх сараас эхлүүлнэ гэсэн сураг байна. Гэхдээ мэдэхгүй. Компаниас бидэнтэй гурван талт гэрээ ч байгуулаагүй. Бид өвөл нь гал түлж, усаа худгаас зөөгөөд амьдарч болж байгаа ч жил ирэх тусам байр маань муудаж хүйтэнд дулаан алдах, зун борооны дусаалаас салахгүй хэцүү байна. Бохирын суваг нь дүүрчихнэ хэцүү шүү дээ.

Есөн жил амьдарч буй иргэн н.БОЛД

-Манайх бага насны гурван хүүхэдтэй. Өвөл бол их хэцүү. Дулаан алдаад гал түлсэн ч хэдхэн цагийн дараа гэр хөрдөг болохоор хүүхдүүд ханиад томуу хүрэх нь их. Усаа худгаас зөөж, бохироо гадаа асгадаг. Уул нь дахин төлөвлөлтийг их дэмжиж байгаа ч энэ ажил хэзээ эхлэхийг мэдэхгүй. Яриад байгаа ч одоогоор гурвалсан гэрээ байгуулаагүй, ямар компани барилгын ажил  хариуцсаныг хэлж мэдэхгүй. Жил бүр л нэг компани ирж уулздаг ч ажил хэрэг болохгүй байна.

Зарим айл нь уг байрыг түрээсэлж амьдардаг болохоор дахин төлөвлөлтийн асуудлыг мэдэхгүй гэдгийг хэлж байв. Энд сарын 100 мянган төгрөг төлж амьдардаг гэдгийг түрээслэгчид хэлж байсан юм. Дэд бүтцэд холбогдоогүй ч худаг болон автобусны буудалтайгаа ойрхон учраас амьдрахад болоод л байдаг аж.

БАРИЛГЫН ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ ИРЭХ НАМРААС ЭХЭЛНЭ

Хуучны барилгыг дахин төлөвлөлтөд хэзээ оруулах энэ ажил ямар шатандаа явж буй асуудлыг бид Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны Засаг дарга З.Оюунцэцэгээс тодруулсан юм. Түүний хэлснээр дахин төлөвлөлтийн гүйцэтгэгч компаниар “Бодит орд” ХХК хариуцан ажиллаж байгаа аж. Энэ намраас хоёр байрны 40 орчим айлыг эхний ээлжинд нүүлгэн шилжүүлснээр газар шорооны ажлыг эхлүүлэх юм байна. Өнгөрсөн жил нийт 600 өрх гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтээ УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгт  хүргүүлснээр барилгыг дахин төлөвлөлтөд хамруулах ажил эрчимжжээ.

ТОГТООЛ ХЭРЭГЖВЭЛ ЯНДАНГИЙН ТОО БУУРНА

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнгөрсөн жил Дэнжийн 1000-ын цагаан байрыг нурааж шинээр барих, оршин суугчдыг түр суурьшуулах болон шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэх тогтоолыг баталсан юм байна. Гэхдээ хэрэгжилт удаан байгаа юм. Хэрэв дахин төлөвлөлт ажил хэрэг болбол яндангийн тоо буурч агаар, хөрсний бохирдол зэрэг Улаанбаатар хотын тулгамдсан асуудал шийдвэрлэгдэнэ.

Дэнжийн 1000-ын цагаан байрны айлуудтай ижил нөхцөлд амьдарч буй айл өрх нийслэлд цөөнгүй. Өнөөдрийн байдлаар 18 байршилд ийм насжилт өндөртэй барилгыг буулган дахин барилгажуулах шаардлага бий гэсэн тооцоо байна. Нийслэлд 1990 оноос өмнө ашиглалтад орсон барилга 1106, 1960 оноос өмнө барьсан 60 орчим жилийн насжилттай 105 барилга байгаа юм. Эдгээр хуучин барилгыг буулгаж дахин барихын тулд үнэлгээ хийх шаардлагатай ажээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж