Жүдо бөхийн 2019 оны ДАШТ Япон улсын Токио хотноо өнөөдөр /2019.08.25/ эхэлсэн. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг жингийн барилдаанууд болж өндөрлөв.
Эмэгтэй 48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг, болон Г.Наранцэцэг нар хүчээ сорилоо. Харамсалтай нь манай улсын тамирчин Г.Наранцэцэг тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Харин МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын бөх М.Клементтэй барилдаж, ялалт байгуулсан. Тэрбээр ДАШТ-ийн алт, мөнгө, хүрэл медальтай Монгол Улсын анхны тамирчин болж байна.
М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэгийг ялсан ч хагас шигшээд дэлхийн аварга, Украины Дария Белодидэд дийлдсэн.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Д.Амартүвшин хүчээ сорьж, тэмцээнээ өндөрлүүллээ. Тэрбээр энэ жил Токио болон Парисын Их Дуулгаас хүрэл медаль хүртсэн тамирчин билээ.
А.АНИР