Монголд цуст хэлмэгдүүлэлт оргил үедээ хүрэв /1937.08.28/ | News.MN

Монголд цуст хэлмэгдүүлэлт оргил үедээ хүрэв /1937.08.28/

Монголд цуст хэлмэгдүүлэлт оргил үедээ хүрэв /1937.08.28/

NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна-

1922.08.31 Ардын хувьсгалын хэргээс урвасан” хэмээн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан, Д.Бодоо, Д.Чагдаржав, Ө.Дэндэв нарыг цаазлан хороожээ.

1924.08.31 МАХН-ын III их хурал наймдугаар сарын 04-нд эхэлж, наймдугаар сарын 31-нд өндөрлөв. 108 төлөөлөгч оролцсон тус хурлаас Монгол Улсыг капиталист бус замаар хөгжүүлэх, социализмд дэвшүүлэх зорилтыг Намынхаа жанжин шугам болгон баталсан байна. Мөн уг хурлаас Улсын анхдугаар хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргажээ. Хурлаас, СЯЯ-ы сайд бүх цэргийн жанжин С.Данзанг намын жанжин шугамаас гажиж, улс орноо хөрөнгөтний замаар хөгжүүлэх саналтай, хятад болон хөрөнгөтний орны төлөөлөгчидтэй холбоотой зэрэг Э.Ринчиногийн бэлдсэн 12 зүйл бүхий буруутгасан, ор үндэсгүй баримт бичгийн үндэслэн ялын төлөвлөгөө боловсруулж, Бүх цэргийн жанжин СЯЯ-ны С.Данзан, Засгийн газрын нарийн бичгийн дарга, нам эвлэлийн түр хорооны тэргүүлэгч гишүүн Баваасан нарыг буудан алж, тэдгээрийн талыг баримтлагч Доржпалам, Буяннэмэх нарыг 30 хоног гянданд хорихоор шийдвэрлэжээ. Уг хурлын төлөвлөгөөг наймдугаар сарын 31-ний 08.00 цагт гүйцэтгүүлжээ.

1937.08.28 ЗХУ-ын ДХАК-ны орлогч сайд Фриновский наймдугаар сарын 24-нд Монголд айлчлах үеэрээ “Японоос Монголыг эзлэх” төлөвлөгөө гэгчийг Дотоод яамны сайд Х.Чойбалсанд гардуулсан. Улмаар наймдугаар сарын 28-нд өндөрлөсөн “Заговор-1” /Хуйвалдаан-1/ гэсэн уг бичигт даруй дайчлан баривчлах шаардлагатай 115 хүний нэрсийг орос хэлээр бичиж машиндсан, мөн “П.Гэндэнгийн мэдүүлгийн хуулбар” гэгчийг бас гардуулсан нь” П.Гэндэн, Г.Дэмидийн удирдсан хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын хэрэг” гэгч ор үндэсгүй зүйлийн суурийг тавьж, Монголд цуст хэлмэгдүүлэлт эхэлжээ. Энэ 115 хүний нэрсийн дотор Монголын төр засгийн дээд албан тушаалтнууд, “Ж.Лхүмбийн хэрэг” гэгчид урьд нь холбогдож байсан 67 хүн ба тэр үеийн нийгэм, улс төрийн, соёл, цэргийн нэрт зүтгэлтнүүд байв.

1956.08.29 Монгол, Хятад хоёр улсын төлөөлөгчид “БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх гэрээ”-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. БНХАУ-ын Засгийн газар БНМАУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагуу 1956-1959 он хүртэл 17 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.  Тусламжийн хүрээнд ноосон нэхмэлийн, цаасны, байшин үйлдвэрийн, наамал банзны, шаазан ваарны, шилний үйлдвэрүүд, ногооны талбай, зоорь, спортын талбай, Улаанбаатар хотын болон хот орчмын зам гүүр, орон сууц болон дотуур байр гэх мэт 14 төрлийн барилга байгууламж бүтээн босгохоор тогтсон аж.

1961.08.31 Монгол,Зөвлөлт, Хятадын  төмөр замын төлөөлөгчдийн их хурал болон Монгол, Хятадын транзит төмөр замын комиссийн их хурал Хөх хотод өндөрлөв. Мөн Зөвлөлт, Монголын транзит төмөр замын комиссийн их хурал хаалтаа хийв. Хурлын үеэр Монгол, Зөвлөлт, Хятадын төмөр замын хамтарсан тээврийн асуудал болон 1960 оны хурлын протоколын хэрэгжилтийн тухай ярилцаж, мөн “1961 оны Монгол, Зөвлөлт, Хятадын төмөр замын төлөөлөгчдийн их хурлын протокол”, “Хятад, Монголын төмөр замын комиссийн хурлын протокол”, “Хятад, Монголын транзит төмөр замын комиссийн хурлын протокол” болон  “Зөвлөлт, Монголын транзит төмөр замын комиссийн хурлын протокол”ыг зохиож, талууд гарын үсэг зурав.

1969.08.30 Улаанбаатар хотноо “Найрамдал” залуучуудын цэцэрлэгт хүрээлэн нээгдэв.

1977.08.30 Монгол-Хятадын транзит төмөр замын тээврийн комиссийн 19 дүгээр ээлжин хурал Хөх хотод болов. Талууд харилцан зөвшилцөж, хэлэлцээрийн шинэ протоколд гарын үсэг зурав.

1994.08.27 БНХАУ-ын Эрээн хотын боомтоос Монгол Улсын Замын-Үүд боомт хүртэл 10 мянган ватт цахилгаан шугам тавьжээ.

1994.08.31 БХ-ын АТИХ-ын байнгын хороо  “Монгол, Хятадын найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-г соёрхон батлав.

1995.08.28 Монголд эдийн засгийн хоёрдогч зах зээл нээгдэж, үнэт цаасны арилжаа явуулж эхлэв. Үүгээр Монголын хөрөнгийн бирж үйл ажиллагаагаа эхлүүллээ.

1998.08.28 УИХ Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлав.

2007.08.28 БНХАУ-ын Өнгөт Металл ХК Монгол Улсын Сүхбаатар аймаг болон Монголд байгуулах төмөрлөгийн уурхайд хамтарсан хөрөнгө оруулсан барилгын ажилдуусч, ашиглалтад оров.

2011.08.30-09.02 Финландын Ерөнхийлөгч Тарьяа Халонен Монгол Улсад айлчлав.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-26 202.55.188.90

Комисс гэхийг комис гэж бич. Давхар с бичих шаардлагагүй. Бас комисын гэж бичнэ.

Avatar

Зочин 2019-08-26 150.129.143.18

Питаан, питээн гэж дуудаад хэвшсэн үгийг бидон гэж оросыг дуурайж бичиж тэнэгтэг юм.Их боловсролтой болж байгаа нь тэр юм байхдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж