Өдгөө дэлхийн чансааны #3 эрэмбэтэй Францын шигшээ баг 5 жилийн өмнө Испанид болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. Энэ амжилт бол Францын сагсан бөмбөгийн шигшээ багийн ДАШТ-д үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм. Тэр жилийн дэлхийн аваргын А хэсэгт үнэхээр хүчтэй багуудтай нэг зоонд багтаж Испани, Бразил болон Сербийн шигшээ багуудын хамтаар хасагдах шатанд шалгарч улмаар Хорват, Испаний шигшээ багуудыг хожин хагас шигшээд Сербийн шигшээ багт хожигдож байсан. Хүрэл медалийн төлөө Литвийн шигшээ багийг хожиж байсан бөгөөд багаараа жигд сайн тоглолтыг үзүүлсэн байдаг.
Энэ жилийн ДАШТ-д Францын шигшээ баг Герман, Йордан болон БНДоминикан улсуудтай нэг хэсэгт багтсан. Эрэмбэ, чансаагаараа бол Францын шигшээ баг хэсгээс гарах бүрэн боломжтой. Магадгүй хэсгийн эхний тоглолтоо хэсгийн гол өрсөлдөгч Германы эсрэг тоглоно. Энэ тоглолтоос G хэсгийг тэргүүлэх баг тодрох болов уу? Багийн лидер, НБА-н Чарлотте Хорнетс багийн тоглогч Н.Батум энэ жилийн ДАШТ-д том зорилгын төлөө тоглоно гэдгээ мэдэгдээд байгаа. Медалийн төлөө өрсөлдөхөд Е.Форниер, Р.Гобер, Евролигийн лигийн шилдгүүдийн нэг Н.де Коло нарын залуусын тоглолтоос ихээхэн хамаарна. Сүүлийн 4 дэлхийн аваргад дараалан оролцож буй Францын залуус сул өрсөлдөгчид биш.
Францын шигшээ баг Европын бүсийн Е хэсэгт Орос, Босни болон Бельгийн шигшээ багуудтай өрсөлдөн хэсгээ ганц ч хожигдолгүй итгэл төгс тэргүүлсэн. II шатанд Орос, Боснигийн хамтаар Чех, Финланд, Болгарын шигшээ багуудтай өрсөлдөн мөн хэсгээ тэргүүлснээр Хятадад болох сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцох эрхтэй болсон.
Б.БЯМБАБАЯР